Хоёр жил хаалттай байсан БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд чиглэлийн зорчигч хөдөлгөөнийг нээлээ. Covid-19-ийн цар тахлаас үүдэж зөвхөн ачаа, тээврийн зохицуулалттай байсан Эрээн-Замын-Үүдийн боомтоор иргэд зорчихоор болж, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнөө нээж, өдөрт 300 орчим хүн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. БНХАУ Covid-19 цар тахалтай тэмцэх, хорио цээрийг дэглэмээ чангалж, олон улсын хилээ нээх, зарим хязгаарлалтыг бууруулах зэргээр нээлттэй болж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засгийн хувьд чухал ач холбогтолтой.
Хил нэвтрэхийн тулд монголчууд 48 цагийн дотор ПСР шинжилгээ өгч, зөвхөн сөрөг хариутай Эрээн хотод нэвтрэх бол Хятад талаас нэвтрэх хүмүүс зөвхөн асуумж бөглөж хил нэвтэрч байна. Үндсэндээ Хятад талаас монголчуудад сөрөг шинжилгээний хариутай байх, шинжилгээний бичгээ биедээ байнга авч явах шаардлага тавьж байгаа бол Монголын талаас тодорхой шаардлагагүй асуумж бөглөж нэвтрүүлж байна.
Гэтэл БНХАУ хилээ нээсэнтэй холбоотойгоор зарим улс орнууд дотооддоо арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, БНСУ гэхэд БНХАУ-аас ирж байгаа иргэдийн 80 орчим хувь нь covid-19-той байгаа учраас Инчоны нисэх онгоцны буудал дээр шинжилгээ авч, эерэг гарсан тохиолдолд тусгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.
БНХАУ-ын зүгээс өдөрт илэрч буй халдварын тохиолдлын тоо бага, өнгөрсөн сард гэхэд зөвхөн covid-19-ийн халдвараар 13 хүн нас барсан гэсэн мэдээллийг төрийн хэвлэлүүд нь өгч буй. Харин олон улсын хэвлэлүүд эсрэгээрээ, БНХАУ-д өдөрт илрэх халдварын тоо нэмэгдэж, эмнэлгүүд, оршуулах газруудын ачаалал огцом нэмэгдсэн тухай мэдээлэх болсон.
Нас баралт, өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын мэдээллийг ийнхүү дарж байгаа нь нөгөө талаараа нийгмийг айдаст автуулж, эмнэлгүүдийн ачааллыг эрс нэмэхээс сэргийлэх алхам гэж зарим хүмүүс тайлбарлажээ. Гэсэн ч тус улсын эмийн сангуудад ибупрофен зэрэг халуун бууруулах эмүүд тасарч, хомсдол үүссэнийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Өөрөөр хэлбэл, БНХАУ-д covid-19-ийн халдварын тоо нэмэгдэж байгаа боловч “Тэг ковид” хөтөлбөрөө зогсоож, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнүүдээ нээсэн нь бусад улс орны цар тахлын халдварын тоог нэмэгдүүлэх боломжтой учраас улс орон бүр дотооддоо арга хэмжээ авч эхэлснийг олон улсын хэвлэлүүд тодотгож байна. Харин Монгол Улсын хувьд БНХАУ-аас ирж байгаа иргэдийг зөвхөн асуумж бөглүүлээд шууд нэвтрүүлж эхэлсэн. Монгол Улсын хувьд одоо хүйтний улирал эхэлсэн, улирлын томуу, ханиад нь оргил үедээ хүрч, эмнэлгүүд ч ачааллаа дийлэхгүй, хүүхдүүд шалан дээр хэвтэж байгаа энэ цаг үед ялангуяа өмнөд хөршөөс ирж байгаа иргэдэд тодорхой хязгаарлалт тавих, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг хязгаарлалт, сэрэмжлүүлгийг иргэддээ заавал өгөх хэрэгтэй байна. Иргэд ч урд хөршид зорчихдоо амны хаалтаа тогмтол зүүж, өөрийгөө халдвараас хамгаалах, урьдчлан сэргийлэх шаардлага үүсч байна.
Хил нээгдэж байгаа нь сайн, зөв цаг үе боловч covid-19-ийн халдварын эрсдэл буураагүй учраас дотооддоо маш сайн арга хэмжээ авч, Эрүүл мэндийн яамны зүгээс иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллээ сайн өгөх, зарим хязгаарлалт буюу заавал сөрөг хариутай бол зорчуулах зэрэг хяналтыг тавих шаардлагатай байна.
Удахгүй хүүхдүүдийн амралт дуусч, хичээл сургууль эхэлнэ. Хил нээгдсэн энэ цаг үед халдварын эрсдэлийг зөв тооцоолж, шаардлага хязгаарлалт, арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг шинэхэн сайд С.Чинзоригт ирж байна. Бид хоёр жилийн хугацаанд дотооддоо хязгаарлалтгүй байж, цар тахлын халдварын тоог бууруулж, эрсдэл багатай даван туулсан ч өмнөд хөршид covid-19-ийн халдварын тоо маш өндөр, хил нээсэнтэй холбоотойгоор Монгол Улсад бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэх эрсдэл өндөр байна. Улирлын ханиад, томуугийн оргил үетэй зэрэгцэн хичээл сургуулийн цаг эхэлбэл ямар эрсдэл биднийг хүлээж байгааг зөв тооцоолж, бэлэн байх хэрэгтэй байна.
Үүний зэрэгцээ иргэдийн ухамсар маш чухал. Өмнөд хөршид зорчиж байгаа, түүгээр дамжин ирж байгаа иргэдийн хувьд өөрийгөө болоод бусдыг халдварын эрсдэлээс сэргийлэхийн тулд амны хаалтаа зүүх, хувийн ариун цэврээ сайтар сахих шаардлага үүсч байна.
Холбоотой мэдээ