Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг News.mn сайт онцолж байна.
ҮХНӨ-ИЙГ ОЛОН НИЙТ ДЭМЖВЭЛ УИХ-ЫН ГИШҮҮД ӨРГӨН БАРИНА
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.
-МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, цаг үеийн асуудал. Хоёрдугаарт, Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн. Нүүрсний хулгайтай тэмцэх арга хэмжээ, бусад асуудлыг ярилцлаа. Үнийн өсөлт импортоос хамаарч байна. Тиймээс импортыг нээх чиглэлд ярилцлаа. Хулгайн асуудалд Засгийн газар манлайлж, ажиллах ёстой. Энэ хүрээнд авлига, ашиг сонирхлын эсрэг хуулиудад тодорхой өөрчлөлтийг хийхээр ажлын хэсэг ажиллана. Цаашдаа томоохон бүтээн байгуулалтын шууд гэрээг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бүлэг дэмжсэн. Гэхдээ боловсруулалт хийж, ажлын хэсэг ажиллахаар болсон. Бид парламентын засаглалыг сайжруулах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Цаашдаа парламентын өөрчлөлтийг хийх үү гэдгийг хэлэлцэнэ. Олон түмний дэмжлэг байвал ҮХНӨ-ийн асуудлыг ярина. Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд нөгөөдөр эрдэм шинжилгээний хурал, нэгдүгээр сарын 11-нд чуулга уулзалт, хоёрдугаар сарын дундуур санал асуулга болно. Иргэд нийгмийн бухимдлын гарц шийдэлд дүгнэлт хийх болов уу. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн талаар ганц нэг ойлголтын зөрүү байсан учраас завсарлага авсан байсан. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 3.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Засгийн газрын хуралдаанаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний тогтоолын хэрэгжилттэй танилцжээ. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц 3.4 тэрбум долларт хүрснийг мэдээлэв. Ингэснээр Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт орох, дефолт зарлах зэрэг эрсдлээс зайлсхийж чадлаа гэдгийг мэдэгдлээ.
Тэрбээр, “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн олон үйл ажиллагаа эерэг үр дүн өглөө. Цаашдаа Засгийн газраас нүүрсийг уурхайн амны үнээр биш, хилийн үнээр худалдах тогтоол гарсан. Монгол Улс бүх нүүрсээ биржээр зарах талаар гарсан шийдвэрийн дагуу, бэлтгэлийг базааж байна" гэв. Мөн биржээр нүүрсээ худалдаалах түр журмыг Засгийн газраас батлаад буйг дуулгав.
ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД НАРЫН ТООГ НЭМЖ, ДЭД САЙД НАРЫГ ТОМИЛОВ
Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг /2023.01.05/ томилсон. Үүний дараагаар шинэ сайд нар тангаргаа өргөв.
МАН-ын Удирдах зөвлөлөөс:
- Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг,
- Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн
- Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа
- Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг дэвшүүлсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуусны дараа шинэ сайд нар тангараг өргөсөн юм.
Мөн Дэд сайд нарыг томиллоо. Үүнд Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын, М.Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын, О.Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын, Ж.Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын,
С.Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.
УБТЗ-ЫН ОРЛОГЧ ДАРГА С.БАТДӨЛИЙГ СААТУУЛЖ, 10 ГАРУЙ ТЭРБУМ ХУРААВ
Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараагийн бөмбөг тэслэх салбар нь төмөр зам гэдгийг тодотгосон. Тэгвэл өнгөрөгч шөнө Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг /2023.01.06/ үүрээр саатуулсан байна. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулж, суллажээ.
Эх сурвалжаас энэ талаар тодруулахад С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний зүйлс, тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд, худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг баримтууд гарч, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.
Холбоотой мэдээ