Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан.
Засгийн газраас төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд цугларсан их өгөгдлийг төрийн бодлого шийдвэрт ашиглах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн учраас төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм.
Иймд иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй.
Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгоно.