Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.
296-Р ГАЛТ ТЭРЭГНИЙ ШИНЭ ЖИЛ
Өртөөний чанга яригчаар Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчих 296 дугаар галт тэрэг тавцан талын нэгдүгээр замаас зорчигчдоо суулгахад бэлэн болсныг дуулгана. Цар тахлын үед Эрээний хил хаалттай байсан учир вагоны тоо цөөн, цуваа нь богино байсан бол энэ удаад хуучин үе шигээ жирийсэн урт цуваа гаргажээ. Билет нь ч бараг бүгд зарагдсан аж.
Улаанбаатар өртөөнөөс хөдлөөд Хонхор өнгөрөхөд л өнөөх асуудал болоод буй утаа арилж, зөвхөн цэнгэг агаар, одод цонхоор харагдана.
Төмөр замын зорчигч тээврийн үнэ өнгөрсөн аравдугаар сард нэмэгдсэн. Үүнийгээ дагаад галт тэрэгний эдлэл, хэрэглэгдэхүүн сайжирч, үйлчилгээ нь чанаржсан гэхэд буруудахгүй. Гагцхүү Оросын хуучин галт тэрэгний эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдийг солих боломжтой бол бүр мөсөн шинэчлэх хэрэгтэй мэт.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
ТҮЛШЭЭ САЙЖРУУЛСАН Ч УГААР НЬ НЭМЭГДЭВ
ТҮК-ийн ажилтан Д.Саранцэцэг замаа цэвэрлэнгээ үе үе ханиалгана. Тэрбээр "Гэр хороололд агаарын бохирдол маш их байна. Жаахан хүйтэрвэл бүр их болдог. Би чинь өдөржингөө гадаа ажилладаг болохоор цээж хорсож, хий ханиалгаж, гашуун оргидог. Заримдаа нүд хорсож, нулимс гарна. Утаанаас л болдог байх. Ойрдоо ханиалга ихэссэн. Толгойт, Баянхошуу зэрэг бүсэд утаа бүр их. Ер нь утаа багассан зүйл ажиглагдахгүй байгаа. Анх түлш түлж эхлэхэд утаа багасч байсан бол жил ирэх тусам утаа нь нэмэгдэж байгааг гайхаж сууна" гэлээ.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул:
-Агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь 198 мянган айл өрхийн түлж буй сайжруулсан түлш юм. Энэ түлшний хүхрийн хэмжээ буурахгүй байгаа. Бидний хэрэглэж буй түлш бүрэн шатахад ойролцоогоор 25-30 минутыг зарцуулдаг. Дутуу шаталтаас болж маш их агаарын тоосонцор бий болдог. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
ХҮҮХДИЙН АНТИБИОТИК ТАСАРЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮД БУХИМДАЛТАЙ БАЙНА
Идэр есийн хүйтэн эхэлж, ханиад томуугаас шалтгаалан хүүхдийн эмнэлэгт хөл гишгэх зайгүй байна. Үүнтэй зэрэгцэн эдгэрдэггүй муухай ханиаданд ямар эм уух вэ, яаж дарах вэ гэхчлэн ханиадыг эмчлэх эм олдохгүйд эцэг эхчүүд бухимдалтай байна. Ялангуяа хүүхдийн ханиаданд эмч нарын зөвлөдөг антибиотикууд эмийн сангуудаар тасарч эхэлжээ.
Эмийн тасалдлын талаар эмийн санчаас тодруулбал “Улирлын шинж чанартай холбоотой амьсгалын замын томуу, томуу төст өвчлөл их байгаагаас эдгээр төрлийн эмүүд эрэлт ихтэй байна. Манайд зарим эмүүд захиалахаар цаанаа тасарсан, үйлдвэрээсээ ирэхгүй байгаа шалтгаанаар ирэхгүй байна. Нөгөөтээгүүр хүмүүс өчнөөн олон аптек орлоо, эм хайгаад олдохгүй байна гэхчлэн их орж ирдэг. Ээж аавууд, “фромилид”, “амоксилав” сиропыг хайгаад их ирдэг.
Гэтэл захиалаад цаанаасаа ирэхгүй сар гаруй болж байна. Ер нь иргэдийн худалдан авах чадвар ч муудсан. Өдөр болгон уудаг даралтын эм, зүрхний эмүүдээ өдөр болгон ширхэглэн авч уудаг хүмүүс байна. Тэр хэрээр хүмүүсийн амьдрал хэцүү байгаа нь харагддаг” гэлээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
ЭРЭЭНИЙ ХИЛ НЭЭГДЭХ СУРГААР ЮАНИЙН ХАНШ ӨСЧЭЭ
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд, Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдөр нээхээр болсныг Гадаад харилцааны яамнаас 2023.01.04-нд мэдээлсэн. Эхний ээлжид өдөрт 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлэх аж. Үүний дараагаас нь хоногт 500-1000 болгон зорчигчийн тоог нэмэгдүүлнэ гэж албаныхан мэдээлсэн. Эрээн хотын хил нээгдэхтэй холбоотойгоор “Найман шарга” худалдааны төвөөр юань хайсан иргэдийн хөл хөдөлгөөн ихэсчээ.
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард “Найман шарга" валют арилжааны төвийн юанийн ханш 470 төгрөг байсан бол хил нээх болсон гэх мэдээлэл цацагдсанаас хойш 504 төгрөг болж өсчээ. Мөн иргэдийн эрэлт ихсэхийн хэрээр юанийн нийлүүлэлт багасчээ.
Гурван жил шахам Хятад яваагүй, нөгөө талаар сар гаруйн дараа цагаан сар болох тулд монголчууд Эрээн нээгдэх өдрийг тэсэн ядан хүлээж байна. Гэвч хүссэн болгон Эрээн гарчихгүй. Эхлээд 48 цагийн өмнө covid-19-ийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн асуумж бөглөж, Хятадын хилийг нэвтэрнэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ