"Нохойд хазуулсан 9 хүнд сүрьеэгийн вакцин тарьсан байна"

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

"Нохойд хазуулсан 9 хүнд сүрьеэгийн вакцин тарьсан байна"

"Нохойд хазуулсан 9 хүнд сүрьеэгийн вакцин тарьсан байна"

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2022.01.06/ Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар галзуу өвчний эсрэг вакциныг сүрьеэгийн вакцинтай андуурч иргэдэд тарьсан талаар мэдээлэв.

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Нэгдүгээр сарын 1-ний өдрийн 13.00 цагт Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцин бус, сүрьеэгийн вакцин хийж, эрүүл мэндэд нь сөрөг үр дагавар учруулсан ноцтой асуудал гарсанд ард түмнээсээ уучлалт хүсч байна.

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт байсан сүрьеэгийн эсрэг вакциныг арванхоёрдугаар сарын 5-наас 26-ны өдрүүдэд нохойд хазуулсан гэх 8-56 насны есөн хүнд хийсэн байна. Тэдгээр иргэдэд галзуугийн вакцин хийх эрүүл мэндийн зааварчилгаа бий. Үүний дагуу галзуугийн вакцин хийх ёстой ч сүрьеэ өвчний вакцин хийж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна. Үүнээс:

  • 3 хүн – 3 удаагийн тун
  • 4 хүн-2 удаагийн тун
  • 2 хүнд 1 удаагийн тун буюу нийт 9 иргэнд 19 удаа хатгалт хийсэн байна.

Урьдчилсан байдлаар нэг иргэнд сүрьеэ өвчний вакцин хийгдэх хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хийсэн гэсэн үг. Иргэдээс авсан асуумжаар хүмүүс өөр өөр цаг хугацаанд долоон өөр нохойд хазуулсан байсан. Тэгэхээр энэ асуудал андуурагдаж сүрьеэгийн вакцин хийсэн гэж үзэхэд хэцүү. ЭМЯ мэдээллийг хүлээн аваад, ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг гарган ажиллуулж байгаа бөгөөд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдрөөс Сүхбаатар аймагт ажиллуулахаар болсон. Энэ баг хоёр чиг үүргээр ажиллана.

Нэгд, галзуугийн вакцин хийлгэх байсан ч сүрьеэгийн вакцин хийсэн сөрөг үр дагаврыг тандалт судалгааны үндсэн дээр тогтоох,

Хоёрт, эдгээр эрүүл мэндийн газарт хадгалагдаж байгаа вакциныг авч, аймгийн нэгдсэн эмнэлэг иргэдэд хийсэн байна. Тухайн вакциныг эрүүл мэндийн газраас хүлээж авахдаа тэмдэглэл хийсэн эсэхийг тогтоох хэрэгтэй.

Аливаа төрлийн вакцин тариа хийхдээ тухайн иргэнд урьдчилан хугацаа болон үйлчилгээг харуулж хийх дүрэмтэй. Энэ дүрэм зөрчигдсөн эсэхийг тогтоох ажил хийгдэж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд албан тушаалдаа хайнга хандсан эсэхийг газар дээр нь шалган тогтоож, дүгнэлт гаргана. Мөн эдгээр есөн иргэнд шаардлагатай эмчилгээ, оношилгоо, шинжилгээг хийх баг тус аймагт ажиллаж байна.

Тэдгээр иргэдэд үйлчилгээ үзүүлсэн холбогдох хүмүүст хариуцлага тооцох чиглэл өгсөн. Яаралтай арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх бичиг хүргүүлээд байна.

Дараагийн асуудал нь Эрүүгийн цагдаагийн албанд Эрүүл мэндийн сайдын зүгээс хандаж байна. Сүхбаатар аймагт үүссэн иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц мэргэжлийн алдаа гаргасан холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж өгөх хүсэлтийг бичгээр уламжлаад байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, энэ төрлийн вакцин андуурч хийсэн тохиолдол манай улсад анх удаа бүртгэгдсэн байна. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд гадаад улс орнуудад эмчилгээ хийх шаардлагатай бол энэ арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэв.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж