Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт өнгөрсөн арванхоёрдугаар сард “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун хадгалах сав дэлбэрч, гурван хүн нас барсан харамсалтай осол гарсан. Дархан-Уул аймгийн онцгой комиссоос өнгөрсөн сард шатахууны агуулах шатсан асуудлаар мэдээлэл хийж, эрэн хайх ажлыг зогсоож, цогцсыг олж холбогдох газруудад шилжүүлсэн талаар мэдээлсэн юм.
Тэгвэл тус ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон эсэхийг тодруулахад "Тус осолд хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Одоогоор ослын талаарх эцсийн дүгнэлт гараагүй.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа С.ПҮРЭВСАМДАН:
-Шатсан шатахуун хадгалах савнаас цогцсуудыг гаргаснаас хойш албаныхан шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Тухайн осол гарсан өдөр найман цаг гаруй хугацаанд онцгой байдлынхан ажилласан. Шатахуун шатах явцдаа маш өндөр халалт үүсгэдэг учир өмнө нь гарч байгаагүй осол дээр албаныхан шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Хэрэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх тактикийг Нийслэлийн Онцгой байдлаас өгөөгүй бол галын аюулыг тархалтыг зогсоох боломжгүй.
Гал гарсан шалтгаан нөхцөлийг мэргэжлийн баг шалгаж байна. Тус багт ЦЕГ, ОБЕГ, ШШҮХ багтсан бөгөөд хэрэг бүртгэл, хяналтын ажиллагаа үргэлжилж байгаа.
Тухайн хадгалах савнуудад байсан шатахуун байгууллагын өмч учир үлдсэн шатахууныг цэвэршүүлсэн. Тус шатахууныг хэрэглээнд ашиглаж болох эсэхийг мөн мэргэжлийн байгууллагууд, эрх бүхий лабораториудад шинжилж дүгнэнэ.
Холбоотой мэдээ