Английн Челси болон Италийн шигшээ багийн домогт тамирчин Жанлука Виалли нойр булчирхайн хорт хавдрын улмаас 58 насандаа таалал төгсчээ. Тэрбээр энэхүү өвчинтэйгөө таван жилийн турш тэмцэж, өнөөдөр/2023.01.06/ бурхны орныг зорьсон аж. Виалли 1996-1999 оны хооронд Челсигийн төлөө 88 тоглолтод 40 гоол оруулж, дасгалжуулагчийн хувиар гурван цом хүртэж байв.
Түүний гэр бүлийн мэдэгдэлд “Түүнийг олон жилийн турш өвчинтэйгөө тэмцэхэд тусалж ирсэн та бүхэндээ талархаж байна. Түүний талаарх дурсамж, түүний үлгэр жишээ байдал үргэлж бидний зүрх сэтгэлд хоногшино” гэжээ.
Виалли Италийн шигшээ багийн хамтаар 1986 болон 1990 оны ДАШТ-д оролцоод зогсохгүй 1996 онд Ювентусын өмсгөлтэй УЕФА Аваргуудын лигт түрүүлж байв. Тэрээр сүүлд Италийн шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд Италийн Европын аваргад түрүүлэхэд Роберто Манчинигийн туслахаар ажиллаж байлаа.
Манчини, Виалли хоёр Сампдориа клубд шилдэг довтолгооны хослолыг үүсгэж, 1990-1991 оны улиралд Сери-А лигт түрүүлсэн түүхтэй. Үүний дараа 1992 онд тухайн цаг үеийнхээ рекорд үнээр буюу 12.5 сая фунтээр Ювентуст очиж байсан юм.
Холбоотой мэдээ