Төрийг төрлийнхнөөс цэвэрлэх нь!

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Төрийг төрлийнхнөөс цэвэрлэх нь!

Төрийг төрлийнхнөөс цэвэрлэх нь!

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.01.06/ мэдээлэл өгөхдөө Ерөнхий сайдын үгийг төрийн албан хаагчдад “дамжуулав”. Тэр нь ирэх зургадугаар сарын 1-ний дотор орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг ажлаа сайн дураар өгөхийг Ерөнхий сайд уриалсан тухай. Жилийн өмнөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цалингаасаа давсан хэрэглээтэй төрийн албан хаагчид хөрөнгөө нотолж чадахгүй бол хурааж авдаг шинэчлэл хийнэ гэж амалж байсан. Тэгэхээр энэхүү шинэчлэлийн хүрээнд арван хуруундаа алтан бөгжтэй, Burberry, LV-гээр гоёж, тансаг хаусанд амьдарч, ганган машин хөлөглөсөн төрийн албан хаагчид үүнийгээ нотлох, үгүй бол хураалгах хоёрхон сонголттой болох нь. Үнэндээ 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч тансаг хэрэглээтэй байвал тэр авлига, хулгай хийсэн гэсэн үг.

Төрийн албанд очоод ганцхан жил болсон төрийн замын нэг хурган даргын гэрт 10 тэрбум төгрөг сул хэвтэж байгаа нь манай төрийн албан дахь авлигын бодит жишээ юм. Монголд насаараа төрийн албанд дарга хийсэн хүн насаараа хувийн хэвшилд бизнес эрхэлсэн хүнээс тансаг, баян амьдардаг нь хэвийн үзэгдэл. Тиймээс иргэд төрийн албанд орох гэж хүсээд, шунаад байдгийн ард энэ мэт “сул” мөнгө эргэлдэж байдаг гэсэн үг. Төрд орлоо л бол шахаа, шантааж хийж, тендер, төсвөөс мөнгө хулгайлах бүрэн “эрхтэй” болдог.

Хэдийгээр АТГ-аас жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгийг төрийн албан хаагчдаас жил бүр авдаг ч тэр нь үнэн зөв гаргадаг, гардаг эсэх нь эргэлзээтэй. Гарсан байлаа ч нэг сая төгрөгийн цалинтай хүн яагаад хадгаламжиндаа хэдэн зуун сая төгрөгтэй байгааг шалгадаг, нотолдог нь үгүй.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш нэг л үгийг “амны уншлага” болгосон. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэнд ч, тэр нь Ардын намын анд нөхөр нь байсан ч өршөөхгүй гэж. Тэгвэл өчигдөр чуулганы хуралдаанд төрийн албанд байгаа бүх хэлбэрийн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Тэгэхээр цаашдаа ч төрийн албаныхны баривчилгаа цөөнгүй явагдах биз. Хулгайлж, луйвардсан, нуусан, нууцалсан мөнгө багагүй “олдох” байх.

Төрийн алба төрлийн алба болж, улстөрчдийн ургийн мод томрох тусам төрийн бүтээмж алдагддаг. Төрийн бүтээмжийг сайжруулъя гэвэл төрийн албанд реформ хийх цаг болсон. Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын зургадугаарт төрийн бүтээмж бичигдсэн.  Төрийн бүтээмж гэдэг нь төр хүрз бариад нүүрс ухах, алт мөнгө, арьс ширний ченж хийх биш, төрийн албан дахь авлига, хулгайг цэгцлэх тухай юм.

Монголд өнөөдөр хулгай, луйвар хийсэн хүмүүс хамгийн баян, хамгийн тансаг амьдарч байна. Хувиараа бизнес эрхлээд хөлжих, баяжих тухай ойлголт өдрөөс өдөрт үгүйсгэгдэж байна. Өр зээл, дарамт шахалттай амьдардаг, ажилладаг болохоор арга ч байж уу.

Тиймээс Засгийн газраас төрийн бүтээмжийг сайжруулах үүднээс УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд нарын хамаарал бүхий хүмүүс төрийн өмчит компанийн дарга болох, төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал эрхлэхийг хориглох хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-аар батлуулахаар яаравчилж байгаа юм. Энэхүү хуулийг батлуулахаас өмнө тансаг хэрэглээгээ нотолж чадахгүй бол “яваад өг” гэж Ерөнхий сайд уриалга нэрээр шахаж, шаардаж байна гэсэн үг.

Мэдээж төрийн албыг төрлийн болгочихсон улстөрчид таалагдахгүй байх л даа. УИХ-ын гишүүдийн эхнэр, хүүхэд, эгч, дүү нар төрийн албанд шавчихсан. Дээрх хуулийн төсөл батлагдвал эхнэр, хүүхэд, ах дүү нь ажил, амьдралгүй болох юм. Тиймээс УИХ-ын гишүүд ёстой наашаа харж инээж, цаашаа харж уйлах нь холгүй байгаа гэх.

Гэвчиг, тэдний хүслээр яваад байвал Монгол Улс дампуурлаа зарлах байх. Төрийн албан дахь авлига, улстөрчдийнхөө хулгай, луйвраас болж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж