Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор УИХ-аас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр баталсан. Үүнээс Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1,139,200 хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон, 1 их наяд 367 тэрбум төгрөг баталсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ талаар тодруулахад, “Улсын хэмжээнд хүүхдийн мөнгө авах бүртгэлтэй 1 сая 200 мянга гаруй хүүхэд бий. Үүнээс Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1 сая 139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцож, 1 их наяд 367 тэрбум төгрөг баталсан юм. Тухайн өрхийн амьжиргааг үнэлж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлно” гэлээ.
Засгийн газраас төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд цугларсан их өгөгдлийг төрийн бодлого шийдвэрт ашиглах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн. Ийм учраас төрийн байгууллагын мэдээлэлд суурилан, өрхийн амьжиргааг үнэлж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм.
Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй.
Иргэд 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгоно.
Б.НАРАНГОО