Нүүрсний дуулианы араас төмөр замын салбарын луйвар дэлгэгдэх нь цаг хугацааны асуудал болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд, камерын өмнө, журмын нөхөддөө хандаж ингэж хэлсэн нь сүрдүүлэг төдий биш нь ойлгомжтой. Гээд нүүрсний мафийнхантай, авлига авсан анд нөхдөдөө хариуцлага тооцож байж түүний үг олон нийтэд итгэл үнэмшил төрүүлнэ. Тэр тусмаа хэнийг ч хэлмэгдүүлэхгүй, хэнийг ч ял завшуулахгүй гэсэн Х.Нямбаатарын үг хуучраагүй бас мартагдаагүй байна.
Сүүлийн жилүүдэд нийгмийг доргиосон хулгай, луйврын бүх хэрэгт УИХ, Засгийн газрын гишүүд нэр холбогддог, баримт сэлт нь дэлгэгддэг. Гэвч хуулийн хариуцлага хүлээлгэх нь бүү хэл ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь үгүй. Жишээ нь, нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдсэн 7, Хөгжлийн банкийг луйвардсан 6, хүчирхийллийн асуудалд холбогдсон 2 гишүүн Төрийн ордонд хууль хэлэлцээд сууж байна. Тэднээс, улсаа хулгайлсан улстөрчдөөс хариуцлага нэхье гэтэл УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр “хамгаалагддаг”.
Үүнээс гарах хамгийн зөв арга зам нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болохыг МАН ярих болсон. Намууд ч дэмжих болсон.
Үндсэн хууль бол эцэг хууль. Монгол хүний амьд явах баталгаа. Эрх чөлөөг нь хамгаалж өгсөн гэрээ. Эрх зүйт төрийн үзэл баримтлал. Эдийн засгийн хөгжлийн түлхүүр. Тийм учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь МАН-д биш Монгол ашигтай байх ёстой.
Цөөн улстөрчийн улиран, үе дамжин сонгогдох эрхийг хамгаалахын тулд биш, нийт олонхын амьд явах, сурах, боловсрох, өмчтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хамгаалах, хамгаалуулах, сонгох, сонгогдох эрхийг бүрдүүлэхийн төлөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх нь нэн чухал нийгмийн хүлээлт, хүсэлт болсон.
Үүний төлөө Л.Оюун-Эрдэнэ цагаан байрны бүлэг, фракцуудынхаа зөрчилдөөнийг хангахын тулд чөтгөртэй ч гар барихдаа тулсан байх. Үнэндээ Ц.Даваасүрэн, С.Чинзориг нар засагт хэрэгтэй байсан юм биш, тэдний кноп л ҮХНӨ-д шаардлагатай байсан гэсэн үг.
1.
МАН засгийн эрх барьснаас хойш дөрвөн жилд хоёр дахь удаагаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Өмнөх өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимынхаа сайд нарыг томилох, чөлөөлөх эрх мэдэл олгосон. Гэхдээ өчигдрийн томилгооноос харвал Л.Оюун-Эрдэнэ үе үеийн Ерөнхий сайд нарын зовлонгоос ангижирсангүй. Ялангуяа намынхаа фракци, бүлэглэлээс хамааралтай хэвээр, ямартай ч танхимаа чөлөөлөх, томилох бүрэн эрх мэдэл түүнд алга байна. Эрх мэдэл, сүр хүч түүнд байсан аваас юу гэж л Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун гээд цагаан байрныхаа хамаг популистуудыг бүгдийг нь нэг танхимд, нэг малгайд багтаах билээ. Рейтинг нь уначихсан, улс төрийн карьер нь дуусчихсан популистууд өөрт нь, танхимд нь гай болж мэднэ гэдгийг эрх биш тооцохтойгоо биз.
Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн институцийн нөлөөлөл МАН-д, засагт хүчтэй хэвээр байна. Засгийн болон МАН-ын дотоод томилгооноос харахад У.Хүрэлсүх МАН-аас явсангүй. Энэ хэрээр эрх мэдлээ булаацалдсан институци хоорондын зөрчилдөөн арилсангүй. Үүний тод илрэл нь өчигдрийн нүүрсний хулгайн эсрэг жагсаал байсан. Үндсэндээ, МАН-ын гал тогоог хэн базах вэ гэх цагаан байрны талцал төв талбайд гарч ирсэн нь худлаа биш. Эцэстээ намын эрх мэдлээ хувааж, Бага хурлаас хийсэн томилгоог дүгнэхэд У.Хүрэлсүх цатгалан, Л.Оюун-Эрдэнийн “сүрэг” бүтэн үлдсэн. Тэгэхээр энэ мэт институци хоорондын зөрчлийг арилгая гэвэл хүнийг нь биш, тогтолцоог нь өөрчлөхөөс өөр сонголт, хугацаа Монголд алга.
2.
Бид бодохдоо Үндсэн хууль иргэдийг хамгаалдаг гэж эндүүрдэг. Харамсалтай нь, Үндсэн хуулийг эрх баригчид өөрт ашигтайгаар ашигладаг. Үндсэн хуулийн дээр ялсан нам л суудаг. Энэ нь хулгайчид Төрийн ордонд нуугдах, төр нь хулгайчдын үүр овоохой болох үндсийг бүрдүүлдэг. Үүнээс болоод ганц хүний засаглалын талаар гадаад, дотоодын яриа, явуулга өдөөгддөг, хөндөгддөг.
Нэн ялангуяа Х.Баттулгын үед Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай сэвээ, шаваа ч хүчтэй өрнөсөн. Атал Царь, Хуаньди хоёрын дунд орших Монгол Улсад ганц хүний биш олонхын засаглал тохиромжтой. Өөрөөр хэлбэл, 76 “тэнэг”-ийнхээ тоог нэмэх нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болжээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийхээр тохирсон, тодорхой байгаа хоёр асуудал нь парламентын гишүүдийн тоог нэмэх. Мөн сонгуулийн тогтолцоог пропорциональ системээр явуулах юм. Гишүүдийн тоог нэмснээр олонхын оролцоо нэмэгдэнэ. Сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр намуудын хяналт сайжирна. Ядаж л хулгай хийсэн гишүүдтэйгээ нам нь хариуцлага ярьдаг болно. Харамсалтай нь, өнөөдөр хүчин, хулгай, хүчирхийлэл хийсэн хүмүүстээ нам нь хариуцлага тооцож чадахгүй байгаа нь мөнөөх тогтолцооноосоо, кнопноосоо болж байгаа хэрэг юм.
Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд, ирэх сонгуульд МАН ялахын тулд биш, Монголын улс төрд нүүрлэсэн хулгай, луйвар, завхралыг арилгаж, нийгэм, эдийн засаг, улс төрийн реформ хийхийн тулд эцэг хуулийг өөрчлөх хэрэгтэй.
Холбоотой мэдээ