"Орфей" театрын найруулагч Мягмарнарангийн Батболд Улсын драмын эрдмийн театрын найруулагч болжээ. Тус театр шинэ оны босгон дээр бүл нэмж, Уран бүтээлийн хэлтсийн даргаар Б.Хишигзаяа, найруулагчаар М.Батболд, туслах найруулагчаар С.Ариунжаргал, Б.Сандуйжав нарыг тус тус томилоод байна.
Энэ талаар найруулагч М.Батболдоос тодруулахад "Улсын драмын эрдмийн театрын хамт олон надад найруулагчаар ажиллах санал тавьсан. Надад ч бас ийм хүсэл байсан учраас саналыг хүлээн авсан. "Орфей" театрын хувьд үйл ажиллагаагаа хэвийн явуулдгаараа явуулна. Уран бүтээлээ хийнэ. Олон улсад нэг найруулагч хэдэн ч театртай хамтран ажиллаж болдог туршлага байдаг шүү дээ.
Мөн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар буюу Пара ах маань ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Би бас театрын найруулагчаар ажиллана. Энэ оныг УДЭТ-ын хамт олон гадаад харилцааны жил болгон зарлаж буй. Тэр утгаараа англи хэлээр жүжиг тавих төлөвлөгөөтэй байна. Ингэснээр найруулагч болон уран бүтээлчдийн хувьд нэгэн үсрэлт хийхийг зорьж байна. Театрын тайзнаа хийхээр төлөвлөсөн олон ажил бий" гэв.
Холбоотой мэдээ