Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2023.01.05/ хуралдаж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, УИХ-аас эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулаагүй гэсэн шалтгаанаар өөрчлөлт оруулсан аж.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцсэн. Энэ үеэр олон гишүүн эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулахыг сануулсан. Үүнтэй холбоотой дахин ажлын хэсэг шалгаруулж, байнгын хороог дахин хуралдуулах чиглэл өгсөн. Ажлын хэсэг хуралдаж, нэгдүгээр сарын 3-ны өдөр сонгон шалгаруулсан шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт хийсэн.
Сонгон шалгаруулалт хийхдээ бид ирсэн хүмүүсийнх нь ерөнхий байдлыг харж байгаад эмэгтэйчүүдийн хоёр, эрэгтэйчүүдийн есөн квот гэж тогтоогоод, эрэгтэй, эмэгтэй дотроо тусад нь сонгон шалгаруулалт явуулсан. Хэлэлцэх явцад 11 хүн сонгогдсон. Үндсэндээ өмнө нь сонгогдсон 11 хүнээс есөн хүн дээр хоёр эмэгтэй нэмэгдэж орж ирсэн” гэлээ.
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД:
1. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин
2. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг
3. Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс
4. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар
5. Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар
6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од
7. Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах
8. Радио электроникийн инженер Д.Моондой
9. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан
10. Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан
11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нар багтжээ.
Холбоотой мэдээ