Насны хишгийг жилд хоёр хувааж олгодог билээ. Энэ онд шинээр насны болзол хангасан 1957.07.16-наас 1958.02.23-ны хооронд төрсөн ахмад настан өөрийн биеэр, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч насны хишиг авах хүсэлтийг иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаснаар насны хишгээ авах юм байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ талаар тодруулахад “Тухайн оны долдугаар сарын 15-ны өдрөөс хойш 65 насанд хүрсэн ахмад настан дараа жилийн цагаан сарын шинийн 3-ны өдрөөс эхлэн насны хишиг авна. Мөн насны хишгийг дараах насны ангиллаар ялгаатай олгож байна. Үүнд:
- 65-69 настай ахмад настанд 50 мянга
- 70-79 настай бол 80 мянга
- 80-89 настай бол 150 мянга,
- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог.
Нийгмийн даатгал болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүссэн бүх ахмад настан насны хишиг авахгүй бөгөөд хуульд заасан 65 нас болон түүнээс дээш настай ахмад настанд насны хишиг олгоно” гэлээ.
“Насны хишиг олгох журам” -ын 3 дугаар зүйлийн 3.1-д Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан насанд хүрсэн ахмад настанд мөн хуулийн 12.3.1-12.3.4-т заасны дагуу насны хишиг олгохоор журамласан. Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ