Чуулган: "Үндсэн хуулийг олон өөрчилбөл сэг болно"

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: "Үндсэн хуулийг олон өөрчилбөл сэг болно"

Чуулган: "Үндсэн хуулийг олон өөрчилбөл сэг болно"

УИХ-ын намрын чуулганы /2023.01.06/ ээлжит хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.


УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Бидний нөхдийн өргөн барьсан тэтгэврийг тогтоохдоо цалингийн долоо биш таван жилийн дунджаар тогтоох, үүний үр дүнд дунджаар 150 мянга орчим төгрөг, тэтгэвэрт гарч буй ахмадуудад очих боломжийг бүрдүүлж байгаа. Энэ хууль батлагдвал 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль батлагдах хүртэл долоон жилээр тэтгэврээ бодуулсан тэр хүмүүсийг дахин таван жилээр бодож хохироохгүй байх хуулийн төсөл дахиад бий. Ийм хоёр хуулийг хэлэлцэх зайлшгүй шаардлага гарсан. Зарим гишүүн "энэ хуулийг хөдөөгөөр явахад иргэд дэмжихгүй байна" гэж худлаа ярьж байна. МАН-ын гишүүд өөрсдийг нь "долоодог" хүмүүстэй уулзалт хийдэг юм байна. Манай МАН хамгийн сайн ажиллаж байгаа гэдэг хүмүүсийг цуглуулж уулзалт хийдэг юм уу ямар учиртай юм. Миний очсон газар энэ хуулийг “сайн хийгээрэй” гэдэг. Жилдээ 20 тэрбумын зардал гарах байх. 40 их наядын хулгайны хажууд өчүүхэн мөнгө шүү дээ. Амьд бурхад ахмадууддаа хатуу хандмааргүй байна. Даргын зөвлөлийн хурлаар П.Анужин та санал оруулаад анхны хэлэлцүүлэгт оруулахаар шийдүүлээд өгөөч.


"Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: 

-2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-аас Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулах талаар санал гаргасан тул МУ-ын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсгийг үндэслэн уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ажлын хэсэг 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, өмнөх хуралдаанаар гаргасан санал хураалтын дүнгээ хүчингүй болгох горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг сонгосон. Өмнө нь сонгогдож байсан есөн нэр дэвшигч болон хоёр эмэгтэй нэр дэвшигч хамгийн олон санал авч сонгогдсоныг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан" гэв.

“Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд:

  1. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин
  2. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг
  3. Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс
  4. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар
  5. Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар
  6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од
  7. Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах
  8. Радио электроникийн инженер Д.Моондой
  9. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан
  10. Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан
  11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл байгуулахаар тусгасан байна.

 

 

 

12 : 14
2023-1-6

"Монголбанкны хяналт шалгалтын байцаагчид даам гарсан нөхдүүд бий"

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Өчигдөр энэ хуулийн 11, 15, 16 заалт дээр санал гаргасан. 11 заалтын саналыг хүчингүйд тооцож, дахин санал хураали явуулж өгнө үү.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ажлын хэсгийнхэн хуулийн төслийн үг үсэг, найруулга дээрээ анхаараарай. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хуулийн эрх олгосон юм уу нэмэлт шаардлага тавьсан заалтууд хуульд нэн тодорхой бичигдэх нь хоёр талын ач холбогдолтой. Нэг талаас гадаад, дотоод хөрөнгө оруулагчдыг аливаа төрийн шийдвэр гаргаж буй байгууллага, албан тушаалтны дур зоргоос хамгаална. Хууль ерөнхий байвал тэр хуульд эрх бүхий байгууллага дураараа тайлбарлаж нэмэлт бичиг баримт шаардаж, авлига үүсч, хөрөнгө оруулагч эрсдэлд ордог. Ерөнхий байх тусмаа шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан хуулийн байгууллага дээр албан тушаалаа урвуулан ашиглах гэдэг хэрэгт холбогдох "уут" бий болгодог. Тиймээс хуулийн шаардлага заалтууд тодорхой байх ёстой. Энэ хуулийн 18.2 заалтад Хөрөнгө оруулалтын банк тусгай зөвшөөрлийг Монголбанк олгохдоо "Хэрэв нэмэлт баримт бичиг шаардлагатай бол" гэсэн байна. Энэ ямар бичиг баримт юм бэ. Юун мэдэгдэхгүй тодорхойгүй байдал үүсч байна.

Виртуал хөрөнгийн хуульд бас ийм тодорхойгүй заалтууд орж ирсэн. Энэ хууль бас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо олон журам баталж, шаардлагаа өөрөө нэмдэг хууль болох гээд байна. Тодорхой бус байна. 

Ажлын хэсэг, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Зарчмын хувьд Б.Энхбаяр гишүүн зөв ярьж байна. Энэ хуульд ажлын хэсэг эргэж ажиллая. Монголбанкны хяналт шалгалтын байцаагчид даам гарсан нөхдүүд бий. Энийг тодорхой болгоё. Шаардлагатай бол дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Бид дэд ажлын хэсэг дээр энэ заалтыг анхаарч, хэлэлцэе. Монголбанкны 100 гаруй журмыг хуульд тусгаад явбал энэ хууль нүсэр юм болно гэсэн. Энэ журмууд хоорондоо уялдаатай байдаг. 

Санал хураалт явуулж дууслаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдана. 

10 : 54
2023-1-6

Үндсэн хуульд гар дүрэхдээ долоо хэмжиж нэг огтлох ёстой

УИХ-н ээлжит бус чуулган нээлт (50 of 57) Даваасүрэн

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн,БХБ-ын сайд Ц.ДАВААСҮРЭН: 

Үндсэн хуулийн тухай байнга та нарт сануулна. Долоо хэмжиж нэг огтлох ёстой. Энэ бол бидний дээд дүрэм. Эрх мэдлийн хуваарилалт энэ дотор бий. 2019 онд өөрчилсөн, одоо дахиад өөрчилье гэж байна. Дараа нь гарч ирсэн хүн дахиад өөрчилье гэнэ. Ингээд өөрчлөөд яваад байвал хууль сэг болно. Та хэд бодоорой. Дараагийн улстөрчид бүгд өөрчлөхийг хүснэ. Маш том хариуцлага байгааг дахин хэлье. Үндсэндээ гар хүрэх дээрээ тулбал та нар ард түмнийг төлөөлөх эрх байхгүй. Сонсдог юм байгаа биз. Ард нийтийн санал асуулга явуулахаас өөр арга байхгүй. Байнга өөрчлөлт хийх юм бол тэрэгний дугуй хийх гээд шүдний чигчлүүр болдог шиг юм болно. 1990 онд хууль хийсэн хүмүүсийг хүндэтгэнэ. Ер нь сумын, улсын шилдгүүд цугларч, Үндсэн хуулийн асуудлыг шийдсэн. Үндсэн хуулийн асуудалд анхааралтай бай.

Байнгын хорооны саналыг гишүүдийн олонх дэмжиж тогтоолын төслийг баталлаа. Зөвлөлдөх бүрэлдэхүүний даргыг дотроосоо сонгох талаар УИХ-ын дарга хэллээ. 

10 : 03
2023-1-6

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын намрын чуулганы /2023.01.06/ ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж