Хятад дахь Covid-19-ийн бодит байдал

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Хятад дахь Covid-19-ийн бодит байдал

Хятад дахь Covid-19-ийн бодит байдал

Хятад улс хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ цуцалснаар Covid-19-ийн нөхцөл хүнд байгааг иргэд нь олон нийтийн сүлжээнд дэлгэж, гадаадын хэвлэлүүд эмнэлгийн коридорт өвчтөнүүд нь хэвтэж буй дүр зургийг харуулж байна. Гэхдээ Хятадын албан ёсны тоо мэдээлэл үүнээс эрс ялгаатай. Тухайлбал, Хятад улс даяар өнгөрсөн арванхоёрдугаар сард цар тахлын шалтгаант нас баралт 13 бүртгэгдсэн гэжээ. Учир нь тус улсад ДЭМБ-ын зөвлөмжөөр бус, зөвхөн коронавирусээс шалтгаалан амьсгалын зам, уушгины үрэвслээр нас барсан хүмүүсийг бүртгэж байгаа аж.

Түүнчлэн олон сая хүнийг хамруулсан өдөр тутмын шинжилгээгээ цуцалж, зөвхөн эмнэлэгт хандсан өвчтөнүүдийн эерэг тохиолдлыг бүртгэн мэдээлж эхэлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээллээр, өнөөдрийн байдлаар өдөрт 5000 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа бол Их Британид төвтэй "Airfinity" судалгааны компанийн мэдээллээр Хятадад нэгдүгээр сард өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 3 сая давах боломжтой аж.

"Reuters" агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур Хятадад эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, олон хүн үүдэнд нь дугаарлан хүлээж буй юм байна. Албан ёсны мэдээллээр, хүн амын 70 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан ба "Коронавак" вакцины 3.4 тэрбум тун тарьжээ.

Бээжингийн эрх баригчид омикрон хувилбарын эсрэг барууны вакцинууд үр дүн багатай гэж лоббидож, зөвхөн дотоодын вакциныг тарьж буй аж.

Эмнэлгүүдийн морг хэдийнэ дүүрсэн тул нас барсан хүмүүсийг шууд чандарлах нь элбэг болжээ. Гэсэн ч чандарлах газруудын ачаалал ч хэтэрч, өдөрт хэдэн арван автомашин гадаа нь дугаарлан зогсч буй юм байна. Тухайлбал, Бээжин хотын зүүн хэсгийн Дунжиао чандарлах газарт л гэхэд захиалга өгөхөд долоо хоног хүлээгдэх оочертой байгааг ажилтан нь хэлжээ. Тус газрын гадна шарил ачсан автомашины цуваа орох ээлжээ хүлээн зогсож буй аж.
Засгийн газраас "Тэг ковид" бодлогоо зогсоосноос хоёр долоо хоногийн дараах нөхцөл байдал ийм байна. Гэтэл эрх баригчдын өгч буй тоон мэдээллүүд бодит байдлаас эрс ялгаатай. Сүүлийн хоёр долоо хоногт тус улсад Covid-19 цар тахлын шалтгаанаар долоон хүн, үүнээс нэг нь Бээжин хотод нас барсан гэж мэдээлжээ.
Хятадын Нийгмийн эрүүл мэндийн хороо өнгөрсөн Лхагва гаригт "Нас баралт өмнөх өдрөөс нэгээр буурсан ба өдөрт 5241 тохиодол бүртгэгдсэн" гэж мэдээлсэн байна.
 Цар тахлын талаарх бодит мэдээллийг нийтэд үнэнээр нь хүргэх нь эрх барих Коммунист намын нэр хүндтэй холбоотой, улс төрийн эмзэг асуудал юм. Барууныхан Covid-19-ийн эсрэг тэмцэлд "нусаа хацартаа нааж" байхад удирдагч Ши Жиньпин нас баралтыг хязгаарлаж чадсан амжилтаа тунхаглаж байсан.

Өвлийн улиралд ханиад, томуу болон амьсгалын замын бусад өвчлөлүүд нэмэгддэг учраас нас барагсдын тоо өсөх нь хэвийн үзэгдэл. Гэвч оршуулах үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүсийн мэдээллээр нас баралт огцом нэмэгдсэн нь цар тахлаас үүдэлтэй аж. Бээжингээс баруун өмнө зүгт 200 миллийн зайтай орших Шижиажуан хотын Ён Ан оршуулгын газарт сард 10 хүний буяны ажлыг хийдэг байсан бол одоогоор өдөрт 5-аас буухгүй байгаа юм байна.

Нас баралт, өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын мэдээллийг ийнхүү дарж байгаа нь нөгөө талаараа нийгмийг айдаст автуулж, эмнэлгүүдийн ачааллыг эрс нэмэхээс сэргийлэх алхам гэж зарим хүмүүс тайлбарлажээ. Гэсэн ч тус улсын эмийн сангуудад ибупрофен зэрэг халуун бууруулах эмүүд тасарч, хомсдол үүссэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж