"Улсын хэмжээнд мялзангийн вакцины нөөцгүй байна"

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

"Улсын хэмжээнд мялзангийн вакцины нөөцгүй байна"

"Улсын хэмжээнд мялзангийн вакцины нөөцгүй байна"

Багануур дүүрэгт отроор нүүдэллэн өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Хуцаагийн ам гэх газрын малчин айлаас малын гоц халдварт мялзан өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Үүнтэй холбогдуулан улсын хэмжээнд мялзан өвчний тархац болон вакцинжуулалтын ажил хэр үр дүнтэй явагдаж байгаа талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас тодрууллаа.

-Төв аймгийн Баяндэлгэр суманд малын гоц халдвартай мялзан өвчин гарсан. Тус өвчин илэрсэн айлын хэчнээн мал өвчилсөн бэ. Ойр хавийн айлуудын малаас шинжилгээ авсан уу?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Багануур дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар харьяа дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж очиж үзлэг хийж, дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогдсон. Багануур дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний гарал үүслийн шалтгааныг тогтоох, халдваргүйтгэл хийх, өвчтэй малыг ялган тусгаарлах, устгах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бүхий мал эмнэлгийн мэргэжлийн баг, дүүргийн ЗДТГ-аас мэргэжлийн анги томилогдон ажиллаж байна. Одоогоор ойр орчмын малчин өрхийн малаас өвчлөл илрээгүй.

-Улсын хэмжээнд гоц халдварт мялзан өвчин дэгдсэн хэчнээн аймаг, сум байна вэ?

-Улаанбаатар хот, Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг найман аймаг, 17 сум, нийслэлийн хэдэн дүүрэгт өвчлөл гарсныг баталгаажуулан, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэчнээн тун вакциныг хэдэн аймагт хийсэн бэ?

2022 онд бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад өвчний эрсдэл бүхий 11 аймгийн 45 сумын 4478 малчин өрхийн 3.0 сая толгой мал сүргийг хамруулсан.

-Мялзан өвчний вакцин ямар улсаас ирдэг вэ. Улсын хэмжээнд нөөц хангалттай бий юу?

-Малын гоц халдварт бог малын мялзан өвчний дархлаажуулалтад шаардлагатай вакциныг ОХУ-аас импортоор авсан. Өнөөдрийн байдлаар вакцины нөөц байхгүй байна. Энэ оны нэгдүгээр улиралд багтаан бог малын мялзан өвчний вакцины нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Вакцинжуулалтыг ямар улиралд хийдэг вэ?

Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг эрсдэлтэй бүс нутагт жилд нэг удаа зохион байгуулдаг. Өвчин гарсан тохиолдолд яаралтай дархлаажуулалт зохион байгуулах ёстой. Эрсдэлийн тандалт судалгаанд үндэслэн яаралтай дархлаажуулалтад ашиглах вакцины нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай. Өвчний гаралт бүртгэгдсэн тохиолдолд дархлуужуулалтыг улирал харгалзахгүй хийнэ.

-Мялзан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж, агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг. Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болон зарим тохиолдолд үхэлд хүргэх эрсдэлтэй.

-Малын халдварт өвчин үүсэх гол шалтгаан юунд байна вэ?

-Тухайн жилийн зуншлага хэр байснаас хамаарч оторлох аймаг, сумд хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Отор нүүдэл хүлээн авах болон илгээх аймаг, сумын отроор явах малчин өрхүүдэд харьяалах гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч үзлэг хийж, мал эмнэлгийн гэрчилгээ бичсэнийг сумын мал эмнэлгийн төвийн улсын байцаагч хянаж баталгаажуулахдаа халдварт, гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэлд үндэслэдэг.

Мал эмнэлгийн гэрчилгээ нь мал, амьтны гоц халдварт, халдварт өвчингүй бүсээс олгогдсон болохыг баталж байгаа юм. Мал эмнэлгийн гэрчилгээгүй, өөрсдөө дур мэдэн отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийдгээс мал нь гоц халдварт өвчинд өртөх, өвчин тархаах тохиолдол их гардаг. Отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийж очсон үед мал эмнэлгийн гэрчилгээг тухайн мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч шалгадаг. Мөн мал сүрэгт  үзлэг хийсний үндсэн дээр отрын айлуудыг хүлээн авдаг.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж