Улсын нийслэл Улаанбаатарт хүүхэд, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар тоотой. Түүний нэг нь кино театр. Тэнд зөвхөн үзвэр үзээд гарахгүй, автомат тоглоом тоглох, найзуудтайгаа хөгжилдөх, зургаа авахуулах, мөсөн дээр гулгах гээд нэг дор олон үйлчилгээ авах боломжтой. Гэхдээ бага насны хүүхдүүд харгалзах хүнгүйгээр үйлчилгээний төвүүдэд очих боломж хомс. Тиймээс эцэг, эхчүүд сурагчдын амралт эхэлсэн учир хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь нэмэгдсэн байна. Тэр дундаа энтертайнмент төвүүдээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс өсчээ.
Өмнө нь зөвхөн амралтын өдрүүдэд ачаалал тодорхой хэмжээнд нэмэгддэг байсан бол одоо шинэ кино олонтой, сурагчид амарсан учир хүн бага өдөр байхаа больсон гэдгийг кино театрын үйлчилгээний ажилтнууд хэлж байв.
Харин эцэг, эхчүүд соёл урлагийн үйлчилгээ хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг гэсэн юм.
ГЭРТЭЭ КИНО ҮЗЭХ, НАЙЗУУДТАЙГАА ГОЁ ОРЧИНД ҮЗЭХ ХОЁР ТЭС ӨӨР
Зураг дээрх охид бол зургадугаар ангид суралцдаг нэг ангийн найзууд. Амралтаараа хичээлээ давтахаас гадна өөрийн сонирхлоо хөгжүүлж, гитар, зургийн дугуйланд явж байгаа аж. Тиймээс найзуудтайгаа уулзах цаг бараг гардаггүй байна. Харин тэд өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа найз болон түүний ээжтэй кино театрыг зорин иржээ.
Охидын хэлснээр хотод чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байдаггүй. Гадаа мөсөн дээр гулгах гэхээр хүйтэн, дээрээс нь утаа их. Кино театр байнга орох боломжгүй.
Тиймээс гэрийнхнээсээ зөвшөөрөл аваад, найзуудынхаа төрсөн өдрөөр л кино үздэг. Гэртээ кино үзэх найзуудтайгаа гоё орчинд үзэх тэс өөр" гэсэн юм.
Тэднээс кино театрын орчин ямар санагдаж байгаа талаар асуухад "Театрт өөлөх зүйл байхгүй. Харин хүмүүс соёлтой байж, ажиллаж байгаа хүмүүсийг хүндэлвэл илүү тав тухтай болно. Мөн кино үзэж байхдаа хоорондоо чангаар ярих зэрэг нь төвөгтэй байдаг" гэв.
Одоогийн байдлаар кино театрын хамгийн эрэлттэй үзвэрийг:
- "Аватар"
- "Гуталт муур"
- "Эргэж ирэхгүй намар" зэрэг кино тэргүүлж байгаа аж.
ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Үйлчилгээний байгууллагуудын орчин нөхцөл сайн байгаа ч ханиад томуу их үед халдвар хамгааллын дэглэм сахихгүй байгааг эцэг, эхчүүд шүүмжилж байлаа. Мөн хувцас өлгөх газаргүйгээс үзвэр, үйлчилгээний байгууллагад ирэх нь хүндрэлтэй санагддагийг ч хэлсэн юм.
Нийслэлд “Тэнгис”, “Хүннү”, “Соёмбо”, “Өргөө1, 2, 3”, “I cinema”, "Гэгээнтэн", “Cinema Next”, “Prime Cineplex” зэрэг кино театрууд ажилладаг.
Дээрх кино театруудад дунджаар жилд гурван сая орчим тасалбар борлуулдаг бөгөөд орлого нь сар, сараар хэлбэлздэг аж. Одоогоор энэ салбарт 800 гаруй хүн ажиллаж байгаа албан бус судалгаа бий. Цар тахлын хугацаанд ажлын байрны орон тоо цөөрсөн ч ашиг орлогоо нэмэгдүүлэхэд энтертайнмент төвүүд онцгой анхаарч байгаа юм. Тиймдээ ч орчин нөхцлөө сайжруулж үйлчилгээний төлбөрөө тодорхой хэмжээнд нэмжээ. Халдвар хамгааллын тухайд тусгайлсан зөвлөмж, захирамж гаргаагүй учир кино театр тус бүр өөрсдийн дотоод зөвлөмжийг танилцуулах самбартаа наасан байна.
Тус зөвлөмжид үйлчлүүлэгчдэд:
- Амны хаалт зүүх
- Хүн хоорондын зай барих
- Гараа угааж, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх
Харин байгууллагад:
- Биеийн халуун үзэх
- Амны болон нүүрний хаалт зүүх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
- Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх
- Билетийн касс, худалдааны цэгүүдэд зай барих тэмдэглэгээ хийх
- Агаар сэлгэлт тогтмол хийх, нэвт салхилуулах
- Кино эхлэхийн өмнө танхимыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
- 1 л усанд 25 мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчиж, цэвэрлэх
- Гар угаах орчинг бүрдүүлж гарын цаас, саван байлгах
- Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, нэг литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэхийг анхааруулжээ.
Гэхдээ энэ зөвлөмж үйлчилгээний байгууллагад хэрэгжихээс илүү үзүүлэн болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь хүний хөл дарсан үзвэр үйлчилгээний газруудад амны хаалттай хүн үл харагдана.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ