Шри-Ланка эцэг, эхчүүдийн хар дарсан зүүд

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Шри-Ланка эцэг, эхчүүдийн хар дарсан зүүд

Шри-Ланка эцэг, эхчүүдийн хар дарсан зүүд

Шри-Ланка улс зургаан сарын өмнө түүхэнд байгаагүй хамгийн том эдийн засгийн хямралд нэрвэгдсэн. Өдгөө тус улсад нөхцөл байдал харьцангуй тайван байгаа ч ажилгүйдэл, үнийн өсөлт олон гэр бүлд дарамт учруулсаар байна. Ялангуяа шри-ланка эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдээ сургуульд сургана гэдэг хар дарсан зүүд болжээ.

Арван настай Малки охин шөнө унтаж чадахгүй, хөрвөөсөөр хонов. Учир нь тэр хоёр эгч, хоёр дүүгээсээ нэг цагийн өмнө босч, сургуульдаа явах ёстой. Өнөөдөр түүний сургуульдаа дахин явж эхэлж буй анхны өдөр. Эгч дүүс нь харин гэртээ үлдэх ёстой. Гэр бүлийнхэн нь зөвхөн нэг л хүүхдээ сургуульд явуулах боломжтой. Малкигийн ээж Приянтика хүүхдүүдийнхээ сургалтын зардлыг төлж дийлэхгүйд хүрсэн тул тэд сургууль завсардаж, гудамжинд наймаа хийх болжээ. Эх оронд нь инфляци бараг 95 хувьд хүрснээр хүнсний бүтээгдэхүүний үнэ түүхэнд бичигдэхүйцээр өссөн байна. Тиймээс зарим өдөр Малкигийн гэр бүлийнхэн хоол идэлгүй өнждөг.

Шри-Ланкад сургууль үнэ төлбөргүй байдаг ч өдрийн хоолоор хангадаггүй. Түүнчлэн дүрэмт хувцас, тээврийн зардал нэмэгдэхээр Приянтика үүнийг яагаад ч төлж чадахааргүй аж. Хүүхдээ сургуульд явуулбал өдөрт ойролцоогоор 400 рупи хэрэгтэй болно гэж тэр хэлжээ. Эдийн засгийн хямралаас өмнө хүүхдүүд нь бүгдээрээ сургуульд явдаг байж. Малкигийн аз болоход дүрэмт хувцас, гутал нь багадаагүй байсан тул сургуульдаа эргэж орсон байна.

Коломбо хотын Котахена дунд сургуулийн захирал Пракрама Вирасингхэ өдөр бүр эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулдаг. Хүүхдүүд өдөр хичээл дээрээ өлссөндөө ухаан алдаж унах энүүхэнд байдгийг хэлжээ. Засгийн газар сургуулиудад будаа тарааж эхэлсэн гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр хэд хэдэн сургууль ямар ч тусламж аваагүй аж. Сурагчдын ирц 40 хүртэл хувиар буурчээ.

Амьдралын өртгөөс болж боловсролоос татгалзах гэр бүлүүдийн тоо нэмэгдсээр байгааг засгийн газар харсан ч хараагүй мэт нүдээ аниж өнгөрөөж байгааг Багш нарын эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Иосиф Сталин хэлэв. Энэ эдийн засгийн хямралын жинхэнэ хохирогч нь дутуу дулимаг боловсрол эзэмшиж буй хүүхдүүд болж байна.

Засгийн газар нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй байгаа тул буяны байгууллагууд гар бие оролцох шаардлагатай болжээ. Коломбогийн ядууст 30 жилийн турш тусалсаар ирсэн Христийн шашны "Самата Сарана" байгууллагын хоолны танхим өдөр бүр өлөн зэлмүүн хүүхдүүдээр дүүрэн байдаг аж. Энэхүү буяны байгууллага өдөрт 200 орчим хүүхэд хооллох боломжтой ч эрэлт хэрэгцээгээ арай ядан хангаж байгаа нь дамжиггүй.

Шри-Ланкын хүүхдүүд өдгөө хоол тэжээлийн цочмог дутагдалд орсон үзүүлэлтээр Өмнөд Азидаа хоёрдугаарт орж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн Өмнөд Азийн бүсийн захирал Жорж Лариа-Аджеи өнгөрсөн оны наймдугаар сард Шри-Ланкад айлчилсан. Тэр энэхүү айлчлалынхаа дараа хүүхдүүдийн нөхцөл байдал ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “Шри-Ланкад хүүхдүүдийн бараг тал хувь нь яаралтай тусламж авах шаардлагатай. Хичээл сургууль хоёр жил завсардсаны улмаас 4.8 сая хүүхдийн ирээдүйд ноцтой саад бэрхшээл тулгараад байна. Энэ хямрал боловсролд олон талаараа саад болж буй. Хүүхдүүд дулаан байранд хичээллэж, тэжээллэг хоол хүнс хэрэглэж чадахгүй болсон. Мөн энгийн бичиг хэрэгсэл ч дутмаг байна.

Хамгийн гол нь эдийн засгийн дарамт нэмэгдэхийн хэрээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг нэмэгдсэн. Шри-Ланкад ядуурлын улмаас 10 мянга гаруй хүүхэд асрамжийн газарт байна. Энэ газарт өнчин өрөөсөн бус, эцэг эхтэй хүүхдүүд олон бий. Учир нь олон гэр бүл хямралын улмаас үр хүүхдээ тэжээж дийлэхгүйд хүрч, хүүхдүүдээ асрамжийн газарт авчирч өгч байна.

НҮБ-ын Хүүхдийн сан Шри-Ланкад 50 гаруй жил ажиллаж байна. Түншүүдийнхээ дэмжлэгтэйгээр бид сургалтын хэрэглэгдэхүүн тарааж, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хооллож, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд нэн шаардлагатай мөнгөн тэтгэмж олгодог. Гэвч хямрал үргэлжилсээр байгаа тул бидэнд илүү их зүйл хэрэгтэй байна.

Хямралыг шийдвэрлэхдээ хүүхдүүдийн асуудлыг хэрхэх вэ гэдгийг голчлон анхаарах хэрэгтэй. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, мөлжлөг, хүчирхийллээс тэднийг хамгаалж, ирээдүйдээ бэлдэхийн тулд хичээл сургуулийг нь завсардуулж огт болохгүй. Мөн тэднийг амь насанд аюултай өвчин, хоол тэжээлийн дутагдлаас аврахын тулд анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах хэрэгтэй байна.

Шри-Ланкаас Өмнөд Азийн бусад орон анхааруулга авах хэрэгтэй гэж би бодож байна. Өмнөд Ази даяар эдийн засгийн хурцадмал байдал, инфляцийн өсөлт нүүрлэж, энэ нь цаашлаад тэгш бус байдал үүсгэж, хүүхдийн амь насанд заналхийлэх хандлагатай болов. Хэрвээ бид энэ эдийн засгийн уналтаас хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээг яг одоо авахгүй л бол байдал улам дордоно.

Хүүхдүүд энэ хямралын төлөөсийг төлөх ёсгүй. Тэдний маргаашийг баталгаажуулахын тулд бид өнөөдөр ажиллах ёстой” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC, UNICEF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж