"Би театрын тайзнаа дандаа эерэг дүр бүтээсэн"

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

"Би театрын тайзнаа дандаа эерэг дүр бүтээсэн"

"Би театрын тайзнаа дандаа эерэг дүр бүтээсэн"

"Бардамнаад хэлчихэд би чадалтай хүн. Би нэр төрийн хойноос хөөцөлдөж үзсэнгүй. Өөрийгөө ард түмэнтэйгээ жүжигчин гэж боддог" хэмээн өгүүлэх ахайтан бол Ардын жүжигчин Ж.Лхамхүү. Тэрбээр Монгол Улсын анхны мэргэжлийн драмын жүжигчдийн нэг бөгөөд 1959-1963 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анхны ангийг төгсөөд шууд Драмын театрт жүжигчнээр орж, ажлынхаа гарааг эхлүүлсэн түүхтэй. Тэр сонгодог бүтээлүүдийн гол дүрүүдэд тоглохын зэрэгцээ бидний сэтгэлд хоногшсон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн ард түмний хайртай жүжигчин.

Драмын урлагийн алтан үеийнхэн болох Э.Оюун, Д.Намдаг зэрэг нэрт соён гэгээрүүлэгчдийн сургаалийг сонсч, Ардын жүжигчин Н.Цэгмид, Г.Гомбосүрэн, Клара зэрэг багш нараар мэргэжлийн сууриа тавиулж, тэдний арга барил школыг өвлөн авсан азтай уран бүтээлч. Тиймээс энэ удаагийнхаа “Мартагдашгүй танил булангийн зочноор "Нандин эрдэнэ" киноны хадам ээж, "Эзэнгүй айл" киноны Бүдүүн эмээ зэрэг дүрүүдээр бидний зүрх сэтгэлд хоногшсон Жагдамбын Лхамхүүг урьж ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан. Сайхан өвөлжиж байна. Би хүүхдүүддээ хичээлээ заагаад, их л завгүй сууна.

-Театртаа 30, Соёл урлагийн их сургуульдаа 30 жил гээд хоёрхон байгууллагад амьдралынхаа 60 жилийг зориулжээ. Энэ түүх их сонирхолтой санагдлаа?

-Би 1963 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгсч, Улсын драмын эрдмийн театрт анх хуваарилагдаж очиж байлаа. Бидэнд Ардын жүжигчин Н.Цэгмэд Гавъяат жүжигчин Ө Рэнчинноров болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам багш маань урлагийн хичээл ордог байсан. Нэг ангийн 20-иод оюутан төгссөнөөс театрт таван оюутан жүжигчнээр ажлынхаа гарааг эхлүүлсэн. Би тэндээ тасралтгүй 30 жил ажилласан даа.

Тэр хугацаандаа алтан үеийн сайхан уран бүтээлч Л.Ванган багш уран чадварын онол, Э.Оюун театрын түүх, Г.Гомбосүрэн багш тайзны ярианы хичээл орж, багшилдаг байлаа. Тэд маань нөмөр нөөлөг, түшиг тулгуур минь болж, биднийг уран бүтээлийн замд нь чиглүүлж, тоглолтынхоо арга барилаас суралцах аз завшаан тохиосон.

-Нэг ангийн таван оюутнаа нэрлэвэл?

-Надаас гадна Б.Зоригт, Д.Мэндбаяр, Х.Нарантуяа, С.Бужгар нар анх драмын театрт жүжигчнээр хамт очиж байлаа. Манай ангийн ихэнх нь урлагийн салбартаа ажилласан. Мэргэжлээрээ ажиллаагүй хүн их цөөн. Бид ч их азтай улсууд. Алтан үеийнхний араас залгамжилж, гол дүрүүдэд тоглож эхэлсэн.

Манай үеийнхэн театрыг нуруун дээрээ үүрч явсан хэдэн хүмүүсийн тоонд ордог. Нэг жүжгийн гол дүрд тоглож, нуруун дээрээ үүрч чаддаг тийм тэнхээтэй жүжигчдийг бэлтгэж байлаа.

Манай алтан үеийнхэн залуу уран бүтээлчдийг төлөв даруу байж, мэргэжилдээ үнэнч, театр, уран бүтээлээ гэсэн сэтгэлтэй байхыг зааж, сургасан. Бид ч тэдний залгамж халаа болж өдийг хүртэл явж ирсэн.

-Анх театрт “Ээ дээ, энэ хүүхнүүд үү” жүжгийн Дуламсүрэнгийн дүрд тоглосон гэдэг?

-Тэр жүжиг анх “Итгэж болно” нэртэй байсан юм. Тэр жүжгийн Дуламсүрэнгийн дүрд тоглосноос хойш “Гарын таван хуруу” жүжгийн Сүрэн, “Эзэд” жүжгийн Туяа, “Лийр ван” жүжгийн бага охин гээд… Би театрын тайзнаа маш сайхан дүрүүдийг тоглосон. Тэр үедээ би театртаа ч сайн жүжигчний тоонд ордог байсан. Их сургуульдаа ч сайн багшилж ирсэн гэдгээ бардам хэлж чадна.

-Харин “Гарын таван хуруу” жүжгийн Сүрэнгийн дүр олны таныг танил болгосон гэж үнэн үү?

-Зохиолч Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” жүжгийн сэдэв одоо ч хоцрогдоогүй. Тухайн үедээ нийгмээрээ шуугиж байсан. Тэр үед тоглолтын тасалбар шахна гэж байсан биш.

Театрын кассаар тасалбар борлуулахад тэр өдрөө дуусдаг байлаа шүү дээ. Бүтэн жил тасралтгүй үзэгчдийн хүсэлтээр тоглож байсан жүжиг дээ.

Манай Э.Оюун багш энэ жүжгийн найруулагчаар ажиллахдаа намайг Сүрэнгийн дүрд тоглуулсан. Уг жүжгийг Сүрэнгийн жүжиг ч гэж ярьдаг байлаа. Жүжгийн гол шугамыг Сүрэн авч явж, өнчирч үлдсэн дөрвөн дүүгээ хэрхэн авч яваа тухай гардаг. Би театрын тайзнаа дандаа сайхан эерэг дүрүүдэд тоглодог байсан. Сүүлд ганц хоёр кинонд эсрэг дүрд тоглосноос хойш эсрэг талын дүрд тоглодог болсон доо.

-Ард түмэн “Нандин эрдэнэ” киноны хадам ээжийн дүрээр нь үзэгчид сайн мэддэг шүү дээ?

-Анх жүжиг байхад нь Хо.Нацагдорж “Нандин эрдэнэ” жүжгийг найруулж, маш их үзэгч үзсэн. Би тэр Бат-Өлзийгийн тоглосон Дамчаагийн эхнэр Дулмаагийн дүрд тоглож байлаа. Сүүлд Тэр кино 1986 онд байхаа. Надад И.Нямгаваа найруулагч театрт ажиллаж байхад санал тавьсан. Тэгсэн Дамчаагийн ээжийн дүрийг шинээр нэмсэн юм билээ. Яагаад тэр залуу хадмынхаа алт мөнгөн эдлэлд шунах болов гэдгийн цаана ээж нь хатгаас хийж, эсрэг дүр бичсэн юм шиг байна лээ. Тэр дүр үзэгчдэд их хүрсэн.

Жүжигчин хүн аль ч талын дүрд тоглох ур чадвартай байх ёстой шүү дээ. Тэрнээс хойш надад бас хадам ээжийн дүрийн санал ирэхэд татгалзаж байсан.

-Киноны дараа үзэгчид танд ямар нэгэн сөрөг сэтгэгдлийг хэлж байв уу?

-Соёл урлагийн сургуульд багшилж байхад 1994 онд “Эзэнгүй айл” олон ангит уран сайхны киноны бүдүүн эмээ буюу Цэндийн дүрд тоглосон. Тэр хүмүүст их хүрсэн. Зах зээлийн нийгэмд хот хүрээний айл өрхийн амьдрал, хүмүүс учраа олохгүй байгаа тухай гардаг. Энэ дүрд тоглосны дараа намайг хүүхдүүд “Эзэнгүй айл”-ын бүдүүн эмээ явж байна гээд хэлдэг байлаа.

Оюутан байхдаа Ц.Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн” уран сайхны кинонд тоглосон чинь байрны дээд давхарын хүүхдүүд “Гологдсон хүүхэн” гээд дууддаг байлаа. Би их ичдэг байж билээ. Бас л Э.Оюун багш хичээлээс авч яваад, пробонд оруулж байлаа. Кинонд тоглохын тулд урт үсээ тайруулаад уйлж барьж байгаад л тоглосон.

-Сүүлийн үеийн уран сайхны кинонд тоглох санал хэр ирж байна вэ?

-Одоо ч бидний үeийг бичдэг зохиолч ,найруулагч гэж байхгүй болж. Кино борлуулалт, менежментээ бодоод шинэ залуучуудад зориулсан хайр сэтгэлийн кино бичдэг болжээ. Гэхдээ ганц нэг санал ирдэг. Сая киноны уран бүтээлчдийн зөвлөгөөн боллоо. Арилжаа тал руу хэт хэлбийж, тийм мисс, загвар өмсөгчийг тоглуулна гэхээр жүжигчний ур чадвар дутагдаж, кино уран бүтээлийн чанарт нөлөөлдөг. Үүнд би их эмзэглэдэг. Хэн дуртай нь кинонд тоглохгүйгээр, мэргэжлийн байх ёстой.

Найруулагч Д.Золбаяр “Ингэвэл хүнд үзүүлж болох юм гэж биш ингэж хийвэл хүн үзнэ” гэж кино хийх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ бол үнэн үг. Эргээд чанар руу их анхаарч байх шиг байна. Улсын бодлого байхгүй, яамгүй кино урлагийг эзэнгүй хаячихсан.

Хүүхэд багаасаа урлагаар хүмүүжих ёстой байтал цирк, кино үйлдвэр, театрыг нь хувьчилсан. Тэгэхээр энэ бор зүрхээрээ кино хийж байгаа хүмүүсийг буруутгах арга байхгүй. Зарим иргэд СУИС-ийн хаалгыг барь гэдэг. Энэ сургуулиас дэлхийд тэргүүлэх авьяастанг төрүүлсэн гэж боддог шүү.

-Та их сургуульдаа 30 гаруй жил багшилж байна. Жүжигчний ур чадварын хувьд юун дээр анхаарах шаардлагатай байна гэж боддог вэ?

-Багшлах, жүжигчнээр ажиллах нэг өөр. Тэр болгон жүжигчин багшилж чадахгүй. Надад багшлах эв дүй байсан юм шиг байна лээ. Анх туршлага багатай багш байлаа. Энд ирээд Л.Лхасүрэнтэйгээ нэг анги дааж авч байлаа. Тэр цагаас хойш долоон анги төгсгөлөө. Миний анги муу төгсч байсан удаа байхгүй. Жилээс жилд заах арга барилд суралцаж, хүүхдүүдэд илүү үр өгөөжтэй байдаг юм байна гэдэгт суралцана. Төгссөн хүүхдүүдээс дөрвөн Гавьяат төрлөө. Жүжигчин О.Амгаланбаатар, Ч.Түвшин найруулагч, хошин урлагийн жүжигчин Ж. Мөнхсайхан, М.Баярмагнай нар маань байна. Кино, хошин урлаг, театрт ч ажиллаж, уран бүтээлээ хийж байна. Мөн жүжигчин Тэмка, Мишээл, Жерри, Минжин, Жанчив, Чинзориг, Баттөмөр гээд олонд танигдсан сайхан уран бүтээлчид болсон байна.

Би энэ сургуульд ирэхэд дандаа ОХУ-ын жүжиг, зохиолыг хэрэглэдэг байсан. Театрт ч ялгаагүй тийм байсан. Хятад тал руугаа хаалттай байсан. СУИС-д Хятадын сонгодог жүжгийг сургалтад анх оруулж, дөрвөн төгсөлт дээр “Аянгын бороо”, “Цайны мухлаг”, “Бээжин хүн”, “Мандах нар” гэсэн сонгодгуудыг тавьсан. Хятадын сонгодгуур жүжигчний ур чадварыг их өсгөдөг. Их гүн бичигдсэн байдаг.  Би 2010 онд театрынхаа 70 жилийн ойгоор өөрийнхөө дурсамж номыг бичсэн. Тэр ном л байна.

-Уран сайхны киноны нээлтийн арга хэмжээнд оролцож харагддаг. Шавь нараас нь урилга их ирэх үү?

-Хүүхдүүд уран сайхны кино хийж, багшийгаа урих юм. Би уран бүтээлийг нь үзээд санаа оноогоо хэлнэ. Хошин шог, жүжигт бас зөвлөгөө их авна. Хошин урлагийн "Маск", "Эмоци" продакшныхан зөвлөгөө их авна.

-Үр хүүхдүүдээс нь ээжийнхээ авьяасыг өвлөсөн хүн бий юу?

-Би ганц охинтой. Охин минь өөр мэргэжилтэй. Хоёр зээ, дөрвөн зээнцэртэй. Манай охин хүүхэд байхдаа театрт хүүхдийн жүжигт тоглож байсан болохоор багадаа жүжигчин болно гэдэг байлаа. Том болсон чинь өөр мэргэжил сонгосон доо. Хань минь олон жилийн өмнө бурхан болсон.

-Та Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул хүн. Сүүлд нутаг руугаа хэзээ явсан бэ?

-Хамгийн сүүлд 2019 онд нутаг явсан. Миний хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн юм. Тэрнээс хойш яваагүй ээ. Аймгийн 90, сумынхаа тахилгад оролцоод ирсэн. Манай Өндөрхангай сумынхан сайхан хүлээж авсан. Аав, ээжийгээ бурхан болсноос хойш жил дарааллан явж чадахаа байжээ.

Нутаг усныхаа агаарыг амьсгалаад ирнэ гэдэг маш сайхан шүү дээ. Миний ээж аав нутаг усандаа нэр хүндтэй, малтай, хөрөнгөтэй айл байсан. Би тийм айлд юмаар дутаж өсөөгүй. Би чинь эцэг эхээс дөрвүүлээ. Одоо гурвуулаа үлдсэн. Ганцаараа урлагийн замаар явсан. Эрэгтэй дүү минь Улсын аварга малчин. Эмэгтэй дүү минь хотод ажиллаж, амьдарч байна.

-Залуугийн ганган хээнцэр хүүхэн байв уу?

-Манай аав ээж ярихдаа “Надад хурга, ишгэн дотортой дээлийг савхиар өнгөлж, оёж өгдөг. Аав нэг бакаль гутал өмсүүлэхээр авч өгөхөөр голоод өмсдөггүй, шидчихдэг байсан” гэдэг. Сумандаа долоон жил, аймагт 10 жилээ төгссөн.

Залуу сайхан цагаа эргэн дурсана шүү дээ. Театрынхаа тайзан дээр ид мандаж байхад ямар ч цоглог, бардам байсан юм бэ гэж боддог. Өглөө театрынхаа 17 дугаар өрөөнд суугаад уран бүтээлийн яриа өрнүүлнэ. Манай театрын намайг их хүнлэг хүн гэдэг байсан. Бардамнаад хэлчихэд би чадалтай хүн. Надад амбиц байхгүй. Нэр төрийн хойноос хөөцөлдөж үзээгүй, ард түмнээрээ үнэлүүлж ирсэн. Өөрийгөө ард түмэнтэйгээ жүжигчин гэж боддог.

-Одоо танд театр, дэлгэцийн бүтээлд тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Сайхан монгол ээжийн дүрд тоглох юмсан гэж боддог доо.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж