Хятадын эрдэмтэд вирусийн халдвартай тэмцэхийн тулд шумуулыг ашиглаж болох шинэ судалгаа хийжээ. Тус судалгаа арванхоёрдугаар сарын 16-нд "Nature Communications" сэтгүүлд нийтлэгдсэн. Нийтлэлд дурдсанаар, байгальд байгаа амьтдыг дархлаажуулахын тулд шумуулыг вакцин тээгч болгон хувиргах аж. “Шумуулаар дамждаг вакциныг зохион бүтээснээр зоонозын вирусийг устгах боломжтой болно” гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Амьтан судлалын хүрээлэнгийн профессор Жэн Айхау хэллээ.
Энэхүү нээлт нь зэрлэг амьтдын дунд вирусийн тархалтыг бууруулаад зогсохгүй ховордсон амьтдыг вируст өвчнөөс хамгаалах боломжтой юм. Амьтад генийн өөрчлөлттэй шумууланд хазуулсны дараа тэдэнд удаан хугацаатай дархлааны хариу урвал үүсч байжээ.
Зика вирус нь голчлон шумуулаар дамждаг. Вирусийн халдварын үед туурах, халуурах, булчин, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрдэг. Жирэмсэн эмэгтэй зика вирусаар халдварласан үед урагт төрөлхийн гажиг үүсч, дутуу төрөх, зулбах эрсдэл дагуулдаг. Бразилд 2015 онд зика вирусын халдвар дээд цэгтээ хүрч, 1.3 сая орчим тохиолдол бүртгэгдэж байв. 2017 оноос хойш халдварын түвшин буурсан ч Африк, Азийн халуун орнуудад одоо ч мэр сэр тохиолдол бүртгэгдсээр байна. Тиймээс вирусийн тархалтыг зогсоох хамгийн сайн арга бол амьтдын дундах тархалтыг зогсоох явдал гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Эрдэмтэд 2009 онд вирус шумуулын биед үржиж болох ч сээр нуруутан амьтдад үрждэггүй болохыг тогтоосон. Тухайн вирус нь шумуулын биед үр дүнтэй үржиж, улмаар шүлсээр ялгарч байжээ. Дараа нь эрдэмтдийн баг вакциныхаа нөлөөг хулгана дээр туршиж үзсэн. Хулганыг вирусээр халдварласан шумууланд гурав хүртэл удаа хазуулжээ. Ингэхэд хулгануудад дархлааны хариу урвал үүсч, эсрэг биет нь таван сар гаруй тогтвортой байжээ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ