Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд өнөөдөр /2023.01.05/ зодоон болж, цагдаагийн хамгаалалтад авчээ. Түүний өрөөнөөс гарч ирсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид юу болсныг тодруулахад "Ямар асуудал болсныг УИХ-ын гишүүдээс өөрсдөөс нь асуу. Тэр хүмүүс дуудлага мэдээлэл өгсөн байх. Би юу ч мэдэхгүй байна. Ардчилсан намын хоёр гишүүн хоорондоо маргалдсан" гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын Ц.Цэрэнпунцагтай маргалдаж, үг шидэлцсэн. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Гишүүдээ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг дэмжээд өгмөөр байна. Энэ хуулийг дэмжихгүй байгаа гишүүд янз бүрийн банктай холбоотой, лоббид нь орчихсон байна уу. Банкны салбарт өрсөлдөөн оруулж ирэх, Хөрөнгө оруулалтын банк орж ирснээр арилжааны банкны эх үүсвэрүүд банк дээрээ үлдэж, хувь хүмүүс, хэрэглээнийхээ зээлийг, аж ахуй нэгжүүд бизнесийнхээ зээлийг арилжааны банкнаас авах эх үүсвэр сулрах давуу талтай. Банкнууд л явуулахгүй байсан. Энэ гишүүд дэмжихгүй байна. Сонгогчид ч харж байгаа байх. Б.Пүрэвдорж гишүүнээ, амьдрал өдөр хоног, сараар өөрчлөгддөг шүү" гэсэн юм.
Холбоотой мэдээ