БХЯ: Нэг албан хаагч нэн хүнд оноштойгоор эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

БХЯ: Нэг албан хаагч нэн хүнд оноштойгоор эмчлүүлж байна

БХЯ: Нэг албан хаагч нэн хүнд оноштойгоор эмчлүүлж байна
Хумхаагийн халдвар авсан энхийг сахиулагчдын талаар өнөөдөр /2023.01.05 /Батлан хамгаалахын яамнаас мэдээлэл хийлээ.

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар:
-НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны мандаттайгаар Монгол Улсын зэвсэгт хүчин энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож байгаа. Энэ ажиллагаанд оролцсоноор Монгол Улс олон улсын энхийг сахиулах, хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулах, энх тайвны төлөө ажилладаг. Монгол Улс албан хаагчдаа илгээгээд 21 жил болж байна. Өнөөдөр Өмнөд Судан улсад Монголын нэг баг буюу 850 хүнтэй батлион үүрэг гүйцэтгэж буй. Миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 1-21-ний өдрүүдэд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын батлионы ээлж солих ажиллагааг явуулсан.
Өнөөдөр 11 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирэх ажиллагаа болж байна. Нэг жилийн хугацаатайгаар зургаан газар үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүргээ энхийг сахиулагчид нэр төртэй гүйцэтгэж байна.
Ээлж хүлээлцэх хугацаанд Өмнөд Суданд хүчний командлагч буюу тухайн улс оронд үүрэг гүйцэтгэж байгаа, таван сектор, 10 батлионыг хариуцдаг командлагчтай уулзсан. Бас гурван секторын командлагч, НҮБ-ын тусгай секторын орлогчтой уулзсан. Хамгийн сүүлийн ээлж нэгдүгээр сарын сүүлчээр Өмнөд Суданаас ирнэ. Хэвлэл мэдээллээр энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авсан талаар Цэргийн төв эмнэлгийн дарга мэдээлэл өгнө. Ер нь Африкийн оронд шумуулаар дамжин халдвар авдаг өвчин. Өмнө нь энэ өвчний халдвар авч албан хаагчдыг эмчилж байсан. Шинэ ээлжний албан хаагчид таван ээлжээр хуваагдан очиж байгаа.
Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од:
-Ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлэн дуусах хүртэл албан хаагчдын эрүүл мэндийг байнга хянадаг. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд хумхаа өвчний халдвар ёс мэт гарч ирсэн. Африк дахь 10 шумуул тутмын нэг нь хумхаагийн халдвартай гэж үздэг. Цэргийн төв эмнэлгийнхэн өнгөрсөн хугацаанд хумхааг маш сайн судалж, оношилж ирсэн. Үүнтэй холбоотойгоор оношилгоо, эмчилгээгээ маш сайн хийдэг. Энэ өвчин шумуулаас хүнд дамждаг. Африкийн орон хуурай, борооны улиралтай. Борооны улиралд тээгч шумуулууд идэвхиждэг. Хүнээс хүнд халдвар халдахгүй.
Нийт есөн цэргийн албан хаагчаас хумхаагийн халдвар илэрч, долоо нь эдгэж, гарсан. Харамсалтай тохиолдлоор нэг албан хаагч хумхаа өвчний хүндрэлээр нас барсан. Нөгөө албан хаагч биеийн байдал нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд хумхаа өвчнөөр нас барсан тохиолдол гарч байгаагүй.
Хумхааг илрүүлэх тестээр гурван удаа сөрөг гарсан тохиолдолд эрүүл гэж үздэг. Бас 14 хоногийн дараа дуудаж, цусны эсээс шинжилгээ авдаг. Цусны улаан эсийг эвдэж, хавсарсан бөөр, элэгний дутагдалд оруулдаг өвөрмөц өвчин. Бид цогц оношилгоо, эмчилгээг хийж, жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг. Хумхаа өвчний эсрэг эмээ уусан тохиолдолд хөнгөн өвдөнө.
Монголын албан хаагчид ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлэн эх орондоо ирээд 14 хоногийн дараах хүртэл хумхаагийн эсрэг 250 милограммтай эмийг байнга хэрэглэдэг.
Цэргийн албан хаагчид бүтэн жилийн хугацаандаа, болон нийтдээ 58 удаа эмийг урьдчилан сэргийлж уудаг. Дэлхий нийтэд энэ өвчний эсрэг вакцин гэж байдаггүй. Өмнө нь дунджаа 850 энхийг сахиулагчдаас 10 хүртэлх тооны өвчний тохиолдол илэрч, бүрэн эмчилж, эдгээсэн. Тэр дунд хүнд шинж тэмдэгтэй тохиолдлууд байсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж