НЭМЭЛТ: 14.40
Удирдах зөвлөлийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Шадар сайд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргаар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын сайдаар, УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, харин Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг тус яамны дэд сайдаар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Боомт хариуцсан сайдаар тус тус томилохыг дэмжсэн байна.
Мөн М.Ганбаатарыг БОАЖЯ-ны дэд сайд, С.Энхболдыг Эрүүл мэндийн яамны дэд сайд, Г.Түвдэндоржийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд, О.Цэндсүрэнг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны, Ж.Эрхэмбаатарыг Цахим хөгжлийн яамны дэд сайдаар тус тус томилохыг дэмжсэн байна.
Одоо Засгийн газар 16.30 цагт ээлжит бусаар хуралдах юм.
М.ГАНБААТАРЫГ БОАЖ-ЫН ДЭД САЙДАД ДЭВШҮҮЛЭВ
НЭМЭЛТ:
Удирдах зөвлөлийн хуралдаанаар Тавантолгой түлш компанийн захирал асан, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайдаар, тус яамны дэд сайд Г.Түвдэндоржийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар тус тус томилохыг Удирдах зөвлөл дэмжжээ.
УЗ: Д.САРАНГЭРЭЛ, Х.БУЛГАНТУЯА НАР УИХ-ЫН ДЭД ДАРГАД ЯРИГДАЖ БАЙНА
НЭМЭЛТ: 13.40 цаг
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан эхлээгүй байна. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцэх бөгөөд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэл нарын нэрс яригдаж байна.
С.ЧИНЗОРИГ, Ц.ДАВААСҮРЭН НАРЫГ САЙДААР ТОМИЛНО
НЭМЭЛТ: 13.19
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн нарыг сайдаар, М.Ганбаатарыг дэд сайдаар томилох саналыг намын дарга танилцуулна гэсэн мэдээлэл байна.
Хэрэв тэднийг Удирдах зөвлөл дэмжвэл Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, УИХ-д шинэ сайд нар тангараг өргөх юм.
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРАА ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА
НЭМЭЛТ: 12.30
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын дараа Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх гэнэ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр "Эрдэнэс Тавантолгой" компани дээр онцгой дэглэм тогтоосон. Эдийн засаг, хөгжлийн яамны асуудлаас гадна С зөвшөөрөлтэй холбоотой Зам тээвэр, хөгжлийн яамны ажил орж ирж байгаа.
Тийм учраас салбар хоорондын ажлын уялдааг хангах үүднээс Шадар сайд болсон. Сайдын тангараг өргөчихсөн учраас УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулна. Хамгийн гол нь Эдийн засаг, хөгжлийн сайдынхаа ажлыг хийнэ. Өнөөдөр 13.00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Засгийн газрын хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцээгүй" гэв.
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 13.00 ЦАГТ ХУРАЛДАНА
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.01.05/ 13.00 цагт хуралдахаар товлов. Хуралдаанаар зарим сайд нарыг чөлөөлж, томилох болон УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, Боомтын сайд болон бусад сайд нар, зарим яамдын дэд сайд нарыг томилох асуудлыг Удирдах зөвлөлд оруулах бол, С.Чинзоригийг УИХ-ын дэд даргад эсвэл сайдад дэвшүүлнэ гэсэн албан бус мэдээлэл байна.
Мөн эх сурвалжийн мэдээллээр "Тавантолгой түлш" компанийн захирал асан, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Ганбаатар дэд сайдаар томилохоор тохирсон гэсэн мэдээлэл байна.
Холбоотой мэдээ