Зандарсан түшээд, зандалчин төр оршвой…

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Зандарсан түшээд, зандалчин төр оршвой…

Зандарсан түшээд, зандалчин төр оршвой…

Музейн зураг төслийг танилцуулах үеэр хүүхэд нохойн доог болохуйц үзүүлэн үзүүлсэнд уурссан У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Ажлаа хийж чадахгүй бол зайлцгаа” хэмээсэн нь ихэд таалагдав. Тэр мундагтаа биш Монголын данхар төрийн байгаа царай нь тэр. Иргэдээс оноо цуглуулах оновчтой санаа түүнд таалагдав. Удаах нь “Нарантуул” захаар явахдаа хамгаалалтынхаа хөөж, “Ард түмэн одоо намайг хамгаална” гэсэн бөгөөд араас нь “Автобусанд суугаад юм ярих чинь харин зүгээр юм. Энэ хэдэн хүний суудалтай вэ” гэж амьдралаас тасарснаа өөрөө ч мэдэлгүй ам алдсан бөгөөд бараа бологчдоо  ажлаа хийхийг санал болгож загнав. Ард түмэнд таалагдаад сүйд. Ийнхүү энэ цагийн эрх мэдэлтнүүдийн имижийг тэр ийн бүрдүүлэв. Тэд төрийн албан хаагчдаа дуудаж байгаад зандрах болов. Хотын дарга, Шадар сайд… гээд бүгдээрээ л камерын өмнө доодчуулдаа сүрийг үзүүлдэг болов. Ажлаас нь халж ч үзүүлж байна. Харамсалтай нь ахиц гардаггүй ээ. Амьдрал дээшилдэггүй.

…Төр данхайхаас ажил хийх хүн олддоггүй, хүнд суртал, хээл хахууль, хариуцлагагүйн зуд нүүрлэдэг гэдгийг хотын менежер М.Баяраа нотлов. “Замын хажуугийн цас цэвэрлэдэг хоёр машин нийслэлд байдаг. Гэтэл дугуй байхгүй. Дугуйгаа хоёр жил хүлээж байгаа” гэж. Бүхэл бүтэн хот хариуцсан хэдэн зуун дарга наймхан дугуй авч чадалгүй хоёр жилийг үдсэн хөгийн жишээ энэ бөмбөрцөгт бий болов уу?

Гэтэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Манай улсын нийт хүн амын 1/3 нь ядууралд нэрвэгдэж, дунджаас доогуур давхарга нийт хүн амын 70 хувийг бүрдүүлж байна. Хадгаламж эзэмшигчдийн ердөө 3 хувь нь нийт хадгаламжийн 75 хувийг эзэмшдэг болжээ” гэсэн тоог хээв нэг хэлээд зогсч байх. Эдийн засагч Б.Лхагважавын хэлсэнчлэн “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ЖДҮ-ийн зээлийн сангаас намынхаа 40 гишүүнтэй 40 тэрбум төгрөг хулгайлчхаад, өнөөдөр шударга ёс худал яриад сууж байна”.

Баялаг, орлогыг дахин хуваарилах тухай тэд ярьж байна. Ийм бодлого хувийн өмчийг үгүй хийж, халамжийн тогтолцоог өөгшүүлж, ядууралд улам бүр автуулдаг болохыг бидний өнгөрсөн зууны түүх, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, тэгш эрхийн тухай ойлголт батлан харуулсан. Ардчилал бус албадлага руу л тэд хөтөлж байна. Монголд албан тушаалтанд хууль үйлчилдэггүй. Ард иргэдэд үйлчилдэг болохын жишээг Хууль зүйн сайд Х.Нямбаатарын жишээ харуулсаар байна. Жүжигчин Цогтоод 100 сая төгрөгийг гадаадад амьдардаг үеэлүүд нь өгсөн гэсэн нь үнэхээр том факт. Түүнийг нь сонгуулийн зардлын тайландаа тусгасан уу? Татвар төлсөн үү? Ямар эх үүсвэрээр олсон бэ? Яагаад хуульд зааснаас илүү мөнгийг хамаатнууд нь өгөв? Ийм олон асуулт байсаар атал СЕХ нь, татварын байгууллага нь, шалгах ёстой газрууд нь шалгадаггүй юм бол… Гэтэл иргэн хэл халтирч хэлсэн үгийг үндэс болгоод торгоод, дуудаад байдаг цагдаа сайдаа яагаад дуудсангүй вэ? Монголд жирийн иргэнд хариуцлага тооцох 250 хууль байхад улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох 12-хон заалт байдгийг шинжээчийн судалгаа нотолжээ.

Ийм болохоор эрх мэдэлтнүүд камерын өмнө өөрсдийгөө дөвийлгөж, доодчуудаа загнаад өөрсдөө ямар ч хамаагүй аятай аашилж, авирладаг болчихож.

Гамшгийн хөндий болчихоод байхад утаа шингэрсэн, 50 хувиар буурсан гэх юм уу. Эсвэл барааны эргэлт муудаж, бараа бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гаднаас авдаг орны импорт нь буурахаар сайн үзүүлэлт мэтээр дэмийрдэг нь эрх баригчдын үнэн төрх. Өнөөдөр инфляци 14,5 хувьтай гээд л байна. Гэтэл төгрөгийн худалдан авах чадвар яаж муудсан бэ гэдгийг хүнс, өргөн хэрэглээний бараа худалдан авах тоолондоо иргэд мэдэрч буй. Бодит байдал дээр инфляци хэд болсныг чөтгөр ч бүү мэд.

Монголын дарга нарын нийтлэг төрх нь зандрах болов. Төрийн үндсэн шинж нь зандалч болов.

Монголын төр эдийн засгаа хорлож, татвар төлөгчдийн мөнгийг тонодог, хувийн хэвшлээ дээрэмддэг үндсэн үйлдэлтэй хэчнээн зөвтгөв ч хийснийх нь горыг монголчуудын амьдрал харуулаад байна. Өнөөдөр хувийн хэвшилтэй өрсөлдөх тухай ярих болжээ. Төрийн бүтэц улам бүр данхайсаар байна. Төрийн оролцоо байхгүй бол нүүрсний хулгайгүй, төрийн орон тоо цөөрвөл нүүрсний хулгайчгүй байх нь дамжиггүй гэх ойлголт өдөр өнгөрөх тусам батлагдсаар байна. Төрийн хийсэн бүхэн Монгол хүний сайн сайхныг эсрэг чиглээд байх шиг. Гэтэл улам л хүчээ нэмэгдүүлж, давхар дээл, давуу эрхийг төлөө Үндсэн хуульд хүртэл ичгүүр сонжуургүй хүрчээ. Төрийн алба тонуулчдын түр орогнох, түрийвчээ зузаатгах таатай боломж болсон бөгөөд хэрэг нь илэрвэл хэзээ ч зугтаад явахад бэлэн авай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж