АН: Ганц хүний, ганц намын дарангуйлал хэрээс хэтэрлээ

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

АН: Ганц хүний, ганц намын дарангуйлал хэрээс хэтэрлээ

АН: Ганц хүний, ганц намын дарангуйлал хэрээс хэтэрлээ

 Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүнд Д.Ганбат тэргүүтэй хүмүүс Эв нэгдлийн их хурлын талаар өнөөдөр /2023.01.05/ мэдээлэл хийлээ.


"ОДОНГИЙН ЦОГТГЭРЭЛ ГЭДЭГ ХҮН БАЙНГА АРДЧИЛСАН НАМЫГ САМАРДАГ"

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга Д.ГАНБАТ:

-Өнгөрсөн оны сүүлээр олон үйл явдал өрнөлөө. Иргэдийн амьдрал үнэхээр хэцүү болж, юмны үнэ өсч байна. Баялагтаа эзэн байя гэсэн монголчууд бус, хэдхэн хүн намын болон улсын толгой дээр гарчихсан хэдхэн гэр бүлийн өмч юм шиг дураараа дургиж байна гэдгийг хүн болгон ойлгож байна. Үүнийг засч залруулах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хулгайгаар хийсэн, дахиад ч хулгайгаар хийх гэж байна.

Мэдээж хэрэг, тэр хуулиудыг нэгтгээд, иргэдийн санал хаягддаггүй, төлөөлж чаддаг, тогтолцооны өөрчлөлт хийх дээр санал нэг байгаа юм. Гэхдээ үүнийг тус тусдаа батлах биш, 2024 оноос хэлэлцээд, хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байна. Нөгөө талаар УИХ-ын бүрэн эрхийн 1/3 хувь нь өнгөрөөд явж байна. Ардчилсан намын бүлгийн даргын хувьд бүлгийг эрх баригчдыг хязгаарладаг, сөрөг хүчин байлгахын тулд миний бие нэлээн удаан ажилласан. "Ганц дайчин ганцаардахгүй" гэдэгчлэн зүтгэлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байсныг 12 хүнтэй болгож бэхжүүллээ.

Ингээд тэмцэж байхад ганц хүний, ганц намын дарангуйлал хэр хэмжээнээсээ хэтэрч байна. Энэ үед Ардчилсан намын нэр, бүлгийн нэр дээр сонгогдсон гишүүд гадаа өлсгөлөн зарлаад байж байсан. Гадаа өлсгөлөн зарлаад байж байсан долоон хүн "Дарга нарт бид үйлчилнэ. Намайг Төрийн нарийн болгосон, намайг дэд сайд болгосон, намайг УИХ-д дэвшихэд нөлөөлсөн энэ хүмүүсийнхээ ачийг хариулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд тэр хүний заасан хүнийг дэвшүүлнэ гээд явж байсан. "Энэ чинь буруу шүү" гэж бүлгийн даргын хувьд хэлж байсан.

Үндсэн хуулийн цэц дээр очдог, Үндсэн хуулийн цэц нь хууль тогтоодог байгууллага болгодог, тэрийг өөгшүүлдэг. Зургаан кнопоор дарж хууль бус зүйлийг, Үндсэн хуулийг баталдаг. Түүнийгээ багцалж зардаг энэ хэрээс хэтэрсэн үйлдэл нь УИХ-ыг УИХ биш, Засгийн газрыг Засгийн газар биш, баахан давхар дээл өмссөн, яамнаасаа баян болсон ийм сайд нарыг төрүүлсэн нь ард түмний дургүйцлийг маш их хүргэж байна. Арай гэж Ардчилсан намынхаа бүлгийг цэгцлээд, орон тоог нь янзлаад байж байтал ийм зүйл боллоо.

Үүний дараа бид Үндэсний бодлогын хороогоо цэгцэлж байна. Гэтэл өчигдөр хууль дүрмийнхээ дагуу явж буй Үндэсний бодлогын хороог бас л нөгөө хэдэн нөхөд оччихсон, самраад зогсож байна. Байнга хууль бус юм хийж байдаг. Өнгөрсөн ковидын хуулийн үед Дүнжингаравын гадаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийг цуглуулаад, хууль бус цуглаан хийж, тэр үеэрээ хөдөө орон нутагт ажиллаж буй хүнийг дуудсан. Олимпийн аварга, улсын начин хүнийг хооронд нь маргалдуулж, орон байрыг нь бэлдсэн муухай зүйлийг Одонгийн Цогтгэрэл гэдэг хүн хийж байсан. Энэ хүн байнга л Ардчилсан намыг самардаг.

Сүхбаатарын талбай дээр ТЭСО хувцастай хамгаалагч нар нь Ардчилсан намын, Монгол Улсын ганц баатрыг зодож нүдээд явж байна. Дахиад Үндэсний бодлогын хороо маань эмх цэгцэндээ оронгуут, Ардын намынхантай эвлэлдээд, Ардчилсан намын байдлыг дордуулах зүйл хйиж байна. Гэмт хэргээрээ барьцаалагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, цаана нь тэр эрх ашгаа хамгаалуулах, хамгаалах гэсэн ийм улсууд байгаа юм гэдгийг товч хэлэх ёстой.

Ардчилсан нам хуулийн заалтуудыг цэгцэлж, ард түмэнтэйгээ хамт улс орны амьдралыг өөд нь татахын төлөө ажиллах ёстой. Шат шатныхаа сонгуульд оролцоод, бүртгэлтэй, тамга тэмдэгтэй Үндэсний бодлогын хорооны гишүүд нь Ардчилсан намаа санхүүжүүлээд, хууль дүрмээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 31-нд батлуулсан. Нөгөө талаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны даргын хувьд, орон даяар иргэдийн толгойг угаах, Ардчилсан намын гишүүдийг дотор нь хуваах, хагалан бутаргах гэсэн үл бүтэх нөхдүүдийн үйлдэлд татагдан оролцож болохгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.


"АРДЧИЛСАН НАМЫН НЭР ДЭЭР СОНГОГДСОН ГИШҮҮД ЭРХ БАРИГЧИДТАЙ ХУЙВАЛДАЖ, ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУЛГАЙГААР ДАХИН ХИЙХ ГЭЖ БАЙНА"

Ардчилсан намын дарга асан С.ЭРДЭНЭ:

-Аливаа дуулиан сенсаацитай, төрийн хэмжээний томоохон гэмт хэрэг, үйлдлүүд гараад ирэхээр нөгөө талд нь ямар нэг байдлаар олон нийтийн анхаарлыг төөрөгдүүлсэн зориуд зохиомол сенсааци бий болгож, олон нийтийн анхаарлыг сулруулдаг. Энэ аргаар эрх баригчид олон нийтийн анхаарлыг сарниулж, алдаа завхралыг нь хамгаалж, хаацайлах арга туршлагаа нэлээн гаргууд эзэмшсэн байдал харагдаж байна. Үүний тод жишээ, нүүрсний хулгайн гэмт хэргийн асуудал. Өнөөдөр 40, 20 их наяд гээд өчнөөн олон янзын тоо яригдаж байна. Монгол Улс төртэй юм бол, хууль засаглалтай юм бол Монголын газрын хэвлийн баялаг болсон хэдэн тонн нүүрс хэзээ тээвэрлэгдэж, гаргасан этгээдүүд нь хэн байсан бэ гээд бүх асуудал тодорхой байх ёстой.

Монгол Улс хилтэй, гаальтай улс. Хил, гаалиар гарч буй ачаа тээвэр бүрэн бүртгэлтэй байх ёстой. Тэгвэл бүртгэлгүй гаргасан эрх мэдэлтнүүд хэн байв гэдгийг өнөөдрийг хүртэл зарлахгүй байна. Тодорхой тооны хүний нэр хэлчихээд, гол эзэд нь ард нь нуугдаад, өнөөдөр ямар ч гэм буруугийн хариуцлага хүлээдэггүй, олон түмэнд мартагнуулах үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж байна.

Тэр битгий хэл, гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нүүрсний ордыг ард түмэнд хувьчлах тухай хууль санаачлаад явж байна. Энэ нь цаашид гэмт хэргээ булах гэсэн, хэргээ цэвэрлэх гэсэн оролдлого гэж харж байна. Ийм учраас өнөөдөр Ардчилсан нам өнөөдөр нүүрсний хулгай гэх хэрэгт холбогдсон этгээдүүд нам харгалзахгүйгээр бүгдээрээ хууль хяналтын байгууллагад улс төрийн намын харъяалал үл харгалзаад шалгуулах ёстой. Хууль хяналтын байгууллагаар гэм буруугүй гэдгээ тогтоолгож, харуулах ёстой гэж Ардчилсан нам үзэж байна.

Хоёрт, "Эрдэнэс Тавантолгой" ордын нөөцөд тооцогдсон нүүрсийг аль нэг компани хамгаалах, арвижуулах, зөв зүйтэй шударга боловсруулах асуудлыг гүйцэтгэж чадахгүй нь гэж харагдаж байна. Тийм учраас хамгийн шударга, хамгийн зөв зарчим бол нийт ард иргэддээ "Эрдэнэс Тавантолгой"-н ордын нүүрсний нөөцийг шууд 100 хувь хувьчлах асуудлыг яаралтай шийдэх ёстой юм. Энэ асуудал дээр Ардчилсан намын удирдлага, Улс төрийн зөвлөл УИХ дахь гишүүдээрээ дамжуулаад, "Эрдэнэс Тавантолгой"-н ордын нийт нүүрсний нөөцийг хувьчлах асуудлаар хуулийн төсөл боловсруулах ажил эхэлж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ярьж байна. Энэ асуудлаар нийт иргэдээс санал авсан мэтээр худал зохиомол үйл ажиллагаа явуулах замаар Үндсэн хуульд хулгайн аргаар гар хүрсэн. Энэ асуудалд Ардчилсан намын нэр дээр сонгогдсон УИХ дахь гишүүд маш идэвхтэй, рольтой оролцсон. Тэд энэ улс төрийнхөө наймааны үр дүнд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг хангах төдий УИХ-ын тухай хуулийн 31.12 дахь заалтыг эрх баригчдын дэмжлэгтэйгээр батлуулж чадсан. Энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн эрхийг булааж авах гол зэвсэг болсон. Гэхдээ энэ асуудлыг өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах замаар Цэц маргаан үүсгээд шалгаж байна, эцсийн дүн гарах ёстой. Үнэхээр хууль зөрчсөн үү гэдэг нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс хамаарч гарна.

Ер нь ганц нүүрсний хулгайтай холбоотой асуудал биш, ЖДҮХС, Хөгжлийн банк, "Эрдэнэт" гээд бусад орд, баялаг агуулсан газруудын хувьчлал, тендер, төсөв зарцуулалт бүгд асуудал дагуулж байна. Энэ талаар эрх баригчид асуудлыг шалгасан, тодорхой тоо баримттай дүгнэлт, тайлангууд ерөөсөө тавихгүй байна. Энэ бүх асуудал ард иргэдээс далд, нууц хэлбэртэй явж байна. Өнөөдөр аливаа асуудлыг мартуулдаг, нэг асуудлыг нөгөө асуудлаар дардаг арга технологи Монголд өнөөдөр нутагшсан байна. Тийм учраас Ардчилсан нам цаашдын үйл ажиллагааны гол зорилго, чиглэлийг нийгэмд үүсээд буй аливаа хууль бус үйл ажиллагааг ил тод болгох, ард иргэдийг мэдээллээр хангах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэгт чиглүүлж ажиллана.

Дахин хэлэхэд, Ардчилсан намын нэр дээр сонгогдсон гишүүд эрх баригчидтай хуйвалдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хулгайгаар дахин хийх гэж буй нь өнөөдөр бодитой болсон байна. Үндсэн хууль бол хэн дуртай нь дуртай үедээ гар хүрдэг хууль биш. Үндсэн хууль гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, ард түмэнтэйгээ байгуулсан төрийн гэрээ. Тийм учраас хэн дуртай нь гар хүрэх ёсгүй. Хэдийгээр үнэмлэхүй олонхи болж, эрх барьж байгаа ч гэсэн тэдэнд ард түмэн Үндсэн хуулийн халдашгүй байдалд дураараа хүрэх эрх олгоогүй шүү гэдгийг зориуд хэлье.

Өчигдөр Зөвлөлдөх зөвлөгөөн гэж зүйл болсон, 140-өөд хүн оролцсон. Энэ дотор эрээвэр хураавар, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Үндэсний бодлогын хороонд огт хамааралгүй, мөн нам бус хүмүүс ч ирж оролцсон. Энэ бол зүгээр нэг зөвлөгөөн болсон. Эндээс шийдвэр гэж зүйл гарсан. Аливаа эрх бүхий байгууллагаас шийдвэр гардаг болохоос биш эрх зүйн ямар ч үндэслэлгүй газраас шийдвэр гардаггүй юм. Тэндээс улсад бүртгэлтэй, улс төрийн намын төлөөллийн төв байгууллагын хурлыг зарлаж байна гэдэг бол Ардчилсан намыг дэндүү доош нь хийж, дэндүү гутаасан үйл ажиллагаа.

Тэгэхээр нэгд, нэгдүгээр сарын 10-нд зарлагдсан хурал хууль бус. Хоёрдугаарт, энэ хурлыг зарлах эрх хэнд ч байхгүй. Гуравдугаарт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өөрөө улс төрийн намын бүтцийн байгууллага. Тус бүлгээр дамжуулж Ардчилсан нам өөрийнхөө зорилго, чиглэлийг УИХ-д оруулах, хэлэлцүүлэх, хууль дүрэм батлуулах эрх бүхий байгууллага болохоос УИХ дахь бүлэг Ардчилсан намын үйл ажиллагааг зохицуулдаг эрх, үүрэггүй. Манай үндсэн дүрэмд ийм зохицуулалт байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж