"Тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай"

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Live"Тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай"

"Тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай"

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.01.05/ хуралдаан болж байна.


 

19 : 06
2023-1-5

"Би өөрийг чинь шантаажилж, гүтгээгүй"

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Өмнө нь Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрүүл мэндийн салбарт ажлын ачаалал, үр дүнгээс шалтгаалсан систем нэвтрүүлсэн. Үүнийгээ улам боловсронгуй болгоно. Хувийн эмнэлгүүдээ дэмжнэ. Тодорхой хэмжээнд орчин үеийн оношилгоо шинжилгээний иж бүрэн төхөөрөмжтэй болсон. Санхүүжилт дээр ямар асуудал байна вэ гэдгийг нь тодорхойлох хэрэгтэй. Түргэний унаан дээр ч би санал нэг байна. Фургон чанаргүй болчихсон юм байна лээ.

УИХ-ын Г.Амартүвшин:

Дөрвөн сайдын асуудал яригдаж байна. Надад асуулт алга. Зүгээр Ц.Даваасүрэн гишүүнийг сайдаар томилж байгааг хүлээн зөвшөөрч боломгүй асуудал гэж харж байна. Учир нь Ц.Даваасүрэн гишүүн хувийн шантаажийн улс төрөөр танигдсан. Бусад гишүүд рүү дайрдаг, доромжилдог, гүтгэдэг. Тэр ажлаа сайн хийсний үр дүнд сайн болж байгаа юм байна. Эрчим хүчний сайд байсан гэж байгаа. Эрчим хүчний хэдэн зээл нь Хөгжлийн зээл дээр ямар ч төлөлт байхгүй. Барьцаа хөрөнгө байхгүй. Төслийг удирдаж байгаа хэдэн хүний цалинг санхүүжүүлсэн зээл. Эрчим хүчний салбарт ямар ахиц гарсан юм бэ? Нэг ч цахилгаан станц баригдаагүй. Гадны хөрөнгө оруулалтыг байнга жадалдаг гишүүн ш дээ. Хөшигтийн хөндий гээд чухал төсөл байна. Хархорин хот гээд байна. Одоо энэ төслүүд эхлэхгүй, төсвөөсөө хэтэрнэ, хугацаа алдана, бүтээн байгуулалтыг явахгүй гэж би эмзэглэж, болгоомжилж байна. Ер нь бол Ц.Даваасүрэн гишүүн энэ Засгийн газрын, Ерөнхий сайдыг бүх юмыг эсэргүүцэж ирсэн.    Хөгжлийн банкны асуудал дээр л манлайлж бусад гишүүд, хүмүүс рүү дайрч орж ирсэн. Зээлдэгч нар нь зээлээ төлчихсөн. Гэтэл одоо хүртэл яллагдагчаар татаад явж байна. Төрийн өмчийн зээлүүд нь төлөгдөхгүй явж л байна. Тиймээс Ц.Даваасүрэн гишүүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар томилж байгааг буруу сонголт байна л гэж хэлнэ.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Би өөрийг чинь шантаажилж, гүтгээгүй. 30 тэрбум төгрөг гээд ажлын хэсэг гарахаас өмнө ийм асуудал гарсан. АТГ-аас дөрвөн гишүүн нэр оруулж ирсэн дотор өөрийг чинь нэр орж ирсэн. Надад хамаагүй. Тийм л учраас өөрийг чинь энэ парламентад суух эрх байна уу гэж хэлсэн. Шантаажлаад Засгийн газарт орлоо гэж байна. Засгийн газрын өмнөх томилгоон дээр надад санал тавьсан. Тэр үед би мэргэжлийн бусад сайд нартаа ажиллах боломж олгъё гэсэн. Энэ удаад Ерөнхий сайд надад Хархорин хотын шийдвэр гаргалаа та хойшоо суугаад байна гэсэн. Надад хариулт олдоогүй. Би бүтээн байгуулалтад оролцъё. Юу бүтээсэн юм бэ гэнэ. Улаанбаатарын утааг бууруулах шахмал түлшний үйлдвэрийг би удирдан зохион байгуулж бариулсан юм ш дээ. ТЭЦ4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлээгүй байсан бол чи бид нар энд хуралдаж чадахгүй байх байсан байхгүй юу. Амгалан одоо явж байна. Дархан, Эрдэнэтийн хүчин чадал нэмэгдсэн. Би нэг зүйлийг ойлголоо. Намайг сайд болохгүй байхаар хүмүүс “Наадах чинь сайд болоогүйдээ хорсоод ингээд байна” гэж яг энэ Г.Амартүвшин ярьдаг байлаа. Одоо сайд болчихсон чинь “Наадах чинь ярьсаар байгаад сайд боллоо” гэнэ. Би хаагуур явах юм бэ? Энд ганц л юм бий. Цаг хугацаа чи бид хоёрын үнэн зөвийг харуулна.

18 : 29
2023-1-5

"Тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ерөнхий сайдын хувьд Засгийн газар нэг л зүйлийн төлөө явж байгаа. Энэ бол далд эдийн засгийг ил болгох. Манай гадагшаа зарагддаг гол бүтээгдэхүүн бол нэгдүгээрт нүүрс, хоёрдугаарт зэс. Энэ агуулгаараа Эрдэнэт тойрсон бөөн асуудал үүссэн. Удахгүй шүүх Эрдэнэтийн 49 хувь луйвар байсан эсэхийг шийднэ. Төрөөс мөнгө аваад хувьдаа авчихсан улс төрийн хэсэг бүлэглэл илчлэгдэх байх. Энэ дотор нь ерөнхий прокурор, тагнуулын дарга байсан нөхдүүд нь оролцоод явж байсан нь ил болох байх. Оюутолгойтой холбоотой асуудал маргаан дагуулсан. Зэсийнх нь судал үндсэндээ далд эдийн засгаас ил гарч байна. Би энэ дээр аль нэг нам гэхгүй улс төр хийхгүй явж байгаа. Үүний дараа нүүрс рүү орж байна. Онц дэглэм тогтоогоод ямар үр дүн гарч байгааг та бүхэн харж байгаа байх. 40-өөд хоногийн дотор валютын нөөц 3.3 тэрбум болчихлоо. Одоо нүүрс тээвэр хилийн ам дээр хэдээр зарах уу? Хил дээр хэдээр зарах уу? Гэдэг том асуудал үүснэ. Энэ дээр УИХ, Засгийн газар хамт байгаасай гэж хүсч байна. Энэ асуудал шийдэгдвэл Монгол Улсын эдийн засгийн томоор тэлнэ. Нүүрс 45-50 сая тоннд хүрэх боломжтой. Тиймээс л нүүрс тойрсон том асуудал үүснэ. Гурван жил хил хаалттай байлаа. Энэ бүтэнсайн өдөр хил нээнэ. Бага багаар үе шаттай энгийн амьдралдаа орно. -4.7 хувийн эдийн засаг оны эцэст 4 хувийн өсөлттэй гарлаа. Эдийн засаг гайгүй болоод ирвэл төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Төрийн албан хаагчид бол өндөр цалинтай, чадварлаг хүмүүс ажиллах реформ хийх ёстой. Төрийн бүх шатны цалингийн систем нэг болно. ДНБ-ын өсөлттэй цалин, тэтгэвэр уялддаг болно. Үндэсний баялгийн сангийн хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн хууль, Нийгмийн даатгалын хууль, Эрүүл мэндийн даатгалын хууль хамтдаа уягдах болно. Энэ хавар том хэмжээний реформ хийгдэнэ. Өмнөх ололт дээрээ алдаагаа засах нь чухал.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Боомтын сэргэлтийн бодлого бол шинэ сэргэлтийн бодлогын гол цөм болж байгаа. Боомтын бүтээн байгуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хяналт шалгалтыг сайжруулахгүйгээр эдийн засаг тэлж, авлигал хээл хахууль салахгүй юм байна лээ. Одоо зургаан боомт дээр бүтээн байгуулалтын ажил хийж байна. Одоо энэ Ням гаригт хилийн боомтоо нээх гэж байна. Замын-Үүдийн цогцолборын ажил дуусгавар болоод нээлтээ хийх гэж байна. Зарим нь нээлтээ хийнэ. Ахиад 11 боомт дээр бүтээн байгуулалтын ажил хийхээр судалж байна. Олон улсын байгууллагууд ч боомтуудыг санхүүжүүлэхдээ дуртай байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Х.Булгантуяа гишүүнийг сайдад дэмжиж байна. Өнөөдөр боомтууд дээр нууц ноёнтон байна. Засгийн газар тогтоол гаргадаг боловч хэрэгждэггүй. Монополь болчихсон хүмүүс орон нутгийн хүмүүсийн турхираад л бусад гарцуудыг хааж байна. Ингээд л гацдаг. Боомтын нэвтрэх чадвараа нэмэгдүүлэх ёстой. Эдийн засгийн газар зүй чухал. Холбогдсон орнууд л хөгждөг гэдгийг дэлхий харууллаа. Өнгөрсөн жилүүдэд бид үүнийгээ ашиглаж чадсангүй. Агаарын зам дээр дэвшилт гарсан. Нүүрсний боомтуудаа хурдан зохицуул. Хэдэн ханлигууд барьцаалчихсан байна. Тэлэлт, хөрөнгө оруулалтын бодлогоо цогцоор нь оруулж ир. Бид нар дэмжих болно. Хувийн хэвшлийнхнийг шантаажилдаг хэвлэл мэдээлэл бий болчихсон. Үүнтэй тэмцэх ёстой. С.Чинзориг гишүүнд хэлэхэд сайн дурын эрүүл мэндийн даатгал дээр сайн анхаараарай. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээ сайн дэмжээрэй.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Би 35 жил эрүүл мэндийн салбарт ажиллахад 22-23 сайд солигджээ. Зургаа нь мэргэжлийн бус байлаа. Сайн, муу ч бий. С.Чинзориг сайдыг дэмжээд ажилллана гэж бодож байна. Хөдөөний эмнэлгүүдийг анхаараарай. Тоног төхөөрөмж, боловсон хүчин байхгүй байна гэж байна. Ерөнхий сайдаа сүлжээгээ хоёр дахин нэмчихвэл боломж байна. Цалин нэмэх  боломж байна. Та үүнийг анхааралдаа аваач. Дараа нь эмийн үнэ өндөр байна. Янз бүрийн эм орж ирж байна. Улсын аюулгүй байдлын үүднээс энэ эмнүүдийг шинжлэх шаардлагатай байна. Мөн түргэн тусламж дээр фургон эсвэл 469 өгдөг. Тархи нь доргисон, яс нь хугарсан, цус харвасан хүнийг авч явахад үнэхээр хүндрэлтэй. Парк шинэчлэл дээр анхаарах цаг болсон. Хил гааль боомт дээр чөлөөт бүс дээр анхаарч ажиллах хэрэгтэй шүү, Х.Булгантуяа сайдаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж, авлигаар хөлжсөн хэт өндөр хэрэглээтэй төрийн албан хаагчдадаа хяналт тавьж эхэлнэ. Нийтэд зарлана. Ялангуяа газартай холбоотой асуудлыг ил болгоно. Цахимжуулна. Нүүрсний дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарна. Намайг сонсч байгаа тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй шүү. Байгаль орчны яамны газар зардаг нөхдүүд, үүний ард байдаг улстөрчдийн нэрсийг зарлаж магадгүй. Ингээд манай бусад асуудлууд цэгцэрнэ. Монголбанкны газрын дарга нарт хандахад ББСБ-аа одоо боль. Одоо цэгцэлнэ. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаад УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийг хамтдаа хэлэлцэнэ. Дэмжихийг та бүхнээс  хүсье. Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг хэн нэгэнд наах нь миний сонирхол биш. Гагцхүү цаашдаа ололт дээрээ тулгуурч, алдаагаа засч, цоо шинэ 30 жил эхлэх нь бидний чухал зүйл шүү.

17 : 31
2023-1-5

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Байнгын хорооны саналаар Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад 54.8 хувийн саналаар санал дэмжигдлээ. Төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Одоо Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэг явна.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Байнгын хорооны санал дээр төсөвд төвлөрүүлсэн цахим виз, оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хөлсний орлогыг байгууллагын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнийг ашиглах, хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, албан хаагчийн нийгмийн асуудлыг хангахад зориулан дараа жилийн төсөвт суулгана гэжээ. Үндсэндээ Гадаадын иргэн харьяатын байгууллага олж буй орлогоо улсын төсөвд төвлөрүүлэхгүй, тэр чигээр нь буцаагаад байгууллагынхаа дэд бүтцийг сайжруулахад, албан хаагчдадаа зарцуулна гэсэн агуулгаар орсон юм шиг байна. Зөв юм уу? Урьд нь яадаг байсан юм бэ? Байгууллага олсон орлогоо буцаагаад өөртөө зориулаад байвал улсын төсөв хэрхэн бүрдэх вэ? Энэ томъёолол яагаад дэмжигдсэн юм бэ?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Би энэ байгууллагад ажиллаж байсан хүн. Намайг байхад 86 дүрэм журамтай байсан юм. Үүний 44-ийг нь хүчингүй болгосон. Одоогийн байдлаар дарга, цэргээсээ эхлээд энэ байгууллагын хүмүүс ямар ч эрхгүй ажилдаг. Зөвхөн үүргээр ажилдаг. Энэ байгууллага 2012 онд дөрвөн тэрбум төгрөгний орлоготой байсан. Дараа жил нь 13 тэрбумыг олдог байсан. Ямар их хүнд суртал байгууллагын дарга нар авдаг байсныг эндээс харж болно. Өөрөөр хэлбэл, энэ байгууллага шимтгэл, хураамжаа орон нутагт төвлөрүүлдэг. Үйлчилгээний хөлс бол өөр хэлбэр. Үйлчилгээний хөлсөөс энэ жил 170 саяыг олсон. Цахим шилжилтийг маш сайн хэрэгжүүлж 50 мянган виз олгосон байна. Энэ байгууллагын үйлчилгээ маш сайн байх ёстой. Намайг байхад л нийт зардлынх нь 86-87 хувь нь цалинд зарцуулагддаг байсан. Бага хөрөнгө оруулалт ордог байгууллага байсан одоо ч хэвээрээ. Энэ мөнгөнийхөө тодорхой хэмжээг байгууллагадаа зарцуулах гээд байгаа юм.

16 : 48
2023-1-5

"Археологийн, түүх соёлын дурсгалт газар энэ байршлууд дээр байхгүй"

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир

Ерөнхийлөгчийн зарлиг гарах нэг хэрэг. Зарлигийг хэрэгжүүлэх чиглэлд УИХ, Засгийн газар ийм байдалтай хандаж болохгүй. Оруулж ирж байгаа салбарын сайд нь байхгүй, бүхэл бүтэн хот байгуулах гэж байхад холбогдох яамд нь байхгүй. Цаанаа дандаа төсөв мөнгөтэй холбоотой. Зүгээр нэг тогтоол гаргаад цаасан дээр мартчиж болохгүй байлгүй дээ. Хамгийн гол хаанаас төсвийг нь босгох юм бэ? Сайд нараас нь асуумаар байх юм. Дэд сайд, төрийн нарийн л харагдах юм. Тогтоол гараад хаягдахвий л гэж би эмээж байна. 2008 онд бас л УИХ Улаанбаатар хотоос их дээд сургуулиудыг гаргах, Багануурт хотхон барих тогтоол гарсан ш дээ. Тэгээд л үе үеийн сайд нарын ширээнд тоосонд дарагдчихсан л байгаа. Ашиглалтын өмнөх захиргаа байгуулаад 10-20 инженер, архитектор цуглуулаад нэг тэрбум төгрөгний ТЭЗҮ хийчихсэн ш дээ. Ямар ч ашиглалтгүй хаягдсан. Араас дахиад л Орхоны хөндийд хот байгуулна, ТЭЗҮ боловсруулна гээд улс төрийн шоу болоод дуусахвий дээ. Бид нар олон л хот байгуулна гэж ярьж байгаа. Хэрэгждэггүй баахан уриалга, тогтоол гарахвий л гэж эмээж байна. Байгуулахын тулд 5-10 жилийн төлөвлөлт хэрэгтэй байлгүй дээ. ТЭЗҮ боловсруулагдсан уу?

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо

-Шинэ хот байгуулахад бид гадны туршлагыг судалсан. Барилгын ажил эхлэхээс өмнө цаасан дээр хот байгуулах, бэлтгэл ажил хангах нь нийт ажлын 30 хувь гэж үздэг юм байна лээ. Хот байгуулахад 20 орчим жил зарцуулдаг. Бэлтгэл ажил 5 жил гэж гишүүн хэллээ. Шинэ Хархорин хотыг байгуулах цаасан дээрх ажлыг одоо хийж байна. Бид өнгөрсөн хугацаанд хот байгуулах боломжтой байршлын судалгааг хийсэн. Нийтдээ 2 аймгийн 8 суманд судалгаа хийсэн. Үүнээс гурван байршлыг сонгосон. Байршлыг тогтооход байгаль орчин, газрын үнэлгээ, бусад дэд бүтцийн үнэлгээг хийсэн. Цаашид УИХ-ын тогтоол гарвал Засгийн газар дээр байршлаа бүр тодорхой гаргаа инженер, дэд бүтцийн судалгааг хийнэ, ТЭЗҮ боловсруулна. Энэ дээрээс яг дулаан, цахилгаан нь яаж шийдэгдэх, ямар боломж байна гэдэг нь харагдана. Ингээд яг хэдэн хүнтэй хот байгуулагдах вэ гэдэг нь гарч ирнэ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Хот байгуулах тогтоолын төслийг дэмжиж байгаа. 1220 онд Чингис хааны зарлигаар Хархориныг анх байгуулж, үүнээс хойш эзэнт гүрний төв, эртний төрт улсуудын өлгий болсон Орхоны хөндийд шинэ хот байгуулах цаг нь болсон гэж бодож байна. Шинэ хот байгуулах асуудал сүүлийн 20 жил яригдаж байгаа. Орхоны хөндий, Хархорин хавьцаа шинээр хот байгуулах талаарх яриа маш олон газрууд дээр яригдаж, судалгааны ажил хийгдсэн. 800 жилийн өмнөх хотыг сэргээж, шинээр байгуулах цаг нь болсон. ЮНЕСКО-ийн соёлын бүсийн заагаас гадна, өнгөрсөн зун УИХ-ын дарга, байнгын хороодын дарга нар газар дээр нь ажиллаж, судалгааны ажилтай танилцсан. Тээвэр ложистик, аялал жуулчлалын төв болох хот байгуулах тохиромжтой гэж үзсэн.  Энэ дээр Барилга, хот байгуулалтын яам сайн ажилласан. Одоо тогтоол батлагдаад тодорхой үүрэг чиглэл өгөгдөнө. Тиймээс цаг хугацааны хувьд хэдий хугацаанд ТЭЗҮ бэлэн болох вэ? Ямар үе шаттай, ямар хугацаанд хот босох вэ? Тодорхой мэдээлэл өгөөч. Ерөнхий тойм, төлөвлөгөө л яриад байна. Яг хэдэн онд 300 мянган хүнтэй хот байгуулагдах вэ?

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо

Одоо УИХ-ын тогтоол гараад Засгийн газарт үүрэг өгөөд шинэ хот байгуулах ажил албан ёсоор үргэлжлээд явна. Хамгийн түрүүнд тухайн байршлыг улсын тусгай хэрэгцээнд авна. Тэгээд ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулна. Бид урьд нь хот байгуулж байсан туршлага гэвэл хамгийн сүүлд 1980 онд Багануур хотыг байгуулж байсан. Энэ удаад өөрсдөө зохион байгуулж байгаа. 2020 оны тавдугаар сард тогтоол гараад Хөшигтийн хөндийд хот байгуулахаар хоёр жил хагас ажилласан. Яг энэ туршлага дээрээсээ үзэхэд хоёр дотор хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж чадна. Үүний дараа санхүүжилт яригдана. Нэгдүгээрт төлөвлөлт, хоёрдугаарт санхүүжилт.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Энэ төслийг дэмжиж байна. ТЭЗҮ, зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөг 2023 онд эхлүүлж чадах уу? 2023 онд хэдэн төгрөг төсөвт суусан бэ? 2024, 2025 онд хэчнээн төгрөг суулгахаар төлөвлөж байна вэ? Хоёрдугаарт, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиа явуулах хэрэгтэй байна. Улсын зэрэглэлтэй болгох Эрдэнэт, Дархан гэсэн хоёр хот л яригддаг. Орхоны хөндийд байгуулагдах хот нь улсын зэрэглэлтэй хот юм уу эсвэл нийслэл болох юм уу? Мөн УИХ-ын тогтоолоор олон шийдвэр гардаг. Орхигддог асуудал байна. Хэрлэнгээс Дорноговиор дамжуулаад Өмнөговьд хүргэх усны асуудал 20 гаруй жилийн өмнө тогтоол гарсан ч хаягдсан. Төрийн алба залгамж халаагүй болчихжээ. Энэ дээр ямар байна суурьтай байна вэ? Нэгэнт тогтоол гарвал хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн

-Зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах багц хөрөнгө сайдын багцад туссан байгаа. 40 орчим тэрбум төгрөг суусан. Энэ манай яамны эхний ээлжийн ажил гэж харж байгаа. ТЭЗҮ-ээр бусад ажлын багцаа хэмжээ харагдана. Бид эхлээд газраа улсын тусгай хэрэгцээнд авах хэрэгтэй. Байршлаа тодорхой болгон аль газрыг тусгай хэрэгцээнд авах вэ гэдгээ шийднэ. Сумын болон аймгуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдана. Энэ хүрээнд үүнийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж харж байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухайн хуулийн боловсруулалт манай яам дээр явж байгаа. Үүнийг бид анхаарч байна. Хот байгуулалттай холбоотой шийдлүүдийг ажил хэрэг болгоод явж байгаа. Шинэ Зуунмодын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан, тусгай хэрэгцээнд газрыг нь авсан, холбогдох зураг төслийг нь хийгээд явж байна. Төсөв нь 2023 онд суугаад ажил эхлэхэд бэлэн болсон. Хөгжлийн төлөвлөгөөг 20 жилээр гаргадаг. Алсын хараа  – 2050-ийн эхний ээлж буюу 2030 онд гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Орхоны хөндийд шинэ хот байгуулах төсөл яригдаж байна. Энэ газар бол монголчуудын төдийгүй төвийн Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн асар их өв, дурсгалыг хадгалсан гал голомт. Дэлхийн өвд 2,3,4 шаталбарыг давж бүртгэгдсэн. Энэ газар хот байгуулах нь хуулиараа хориотой. Энэ заагийг хэрхэн тодорхойлсон юм бэ? Соёлын ховор өв талбай минь устаж үгүй болох эрсдэл бий. Үүнийг хадгалж, хамгаалахад ямар ажил хийх вэ?

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо

-Судалгаа хийгдсэн. Маш олон төрлийн судалгаа хийсэн. Суурь үнэлгээ, түүх соёл, дэд бүтэц, ландшафт, архитектур гээд судалгаа хийсэн. Ингээд гурван байршил тодорхойлсон. Археологийн, түүх соёлын дурсгалт газар энэ байршлууд дээр байхгүй. Хажууд нь ЮНЕСКО-ийн 180 мянган га байгаа. Энэ газар дээр ажил зохион байгуулж болохгүй, боломжгүй.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Ерөнхийлөгчийн санаачлага болон УИХ-ын тогтоолыг дэмжиж байна. Гэхдээ цагийн байдалтай холбоотой бэрхшээл, асуудал гарах л байх. Аль болох эрт байгуулах ёстой. Тиймээс ач холбогдол өгөх хэрэгтэй. Казахстан улс Алматыгаас нийслэлээ Астана руу нүүлгэсэн. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт асар их ирсэн. Үүнийг бас анхаарах хэрэгтэй. Их дээд сургуулиуд, эмнэлгийн асуудлыг шийдвэл айлууд их очих байх. Нөгөө талаараа хот байгуулах болвол иргэд газар ихээр авч магадгүй. Энэ дээр газар олголтын асуудал дээр анхаарах хэрэгтэй. Бас газ, халаалтын асуудал яригдах байх.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо:

-Хэрэв тогтоол гарвал бид газрыг улсын тусгай хэрэгцээнд авна. Нөгөө талдаа тухайн газар дээр шинээр газар олголт явагдахгүй гэж ойлгож болно. Хоёрдугаарт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар хотын ерөнхий концепц гарч ирнэ. Аялал жуулчлал, эко хот гэвэл халаалт нь ямар байх вэ гэдгээ шийднэ. Тухайн үед тодорхой болно.

14 : 41
2023-1-5

"Урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтын тоог хэлэх боломжгүй байна"

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Д.Ганбат гишүүнээ, Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газраас өргөн барьсан асуудлыг л хэлэлцэж байгаа. Байнгын хороо энийг нь хэлэлцэнэ, энийг нь хэлэлцэхгүй гэх асуудал байхгүй. Хоттой холбоотой асуудлыг олон жил ярьсан асуудал юм байна лээ. Зөвхөн энэ жил яриагүй. 2001 онд УИХ-аас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлахдаа Орхон голын хөндийд хангай бүсийн хөгжлийн тулгуур төвийг 2020 он гэхэд барина гэсэн юм байна. Алсын хараа – 2050 дээр тулгуур төв ийм байна гэж оруулсан байдаг.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хархоринд шинэ хот баригдахаар эртнээс яригдаж байгаа. Асуудлыг дэмжиж байгаа. Сая хууль санаалчлагчийн хэлснээр түүх соёлын, эдийн засгийн бүс бий болно. Улаанбаатар хотынхоо төвлөрлийг сааруулъя гэсэн зорилготой хот байгуулж байгаа ш дээ. Энэ бол зөв бодлого. Эдийн засгийн хүчин чадал, өнөөдөр үү, маргааш уу л гэдэг яригдана. Хот байгуулалтын чиглэлийн хэдэн асуудал анхаарал татаж байна. Бид нар Нисэхийн хөндийд хот барих гээд 100 гаран га газар тусгай хэрэгцээнд авч байсан. 2-3 жилийн дараа тэр газар нь баахан хүн сумын засаг даргатай ярьж байгаад газар авчихсан. Одоо ингээд газраа тавьж өгөхгүй байгаа. Хуулийнхаа дагуу яамныхан яаж харж байна вэ? Хэдэн га-д ямар хэмжээний хот байгуулагдах вэ? Тусгай хэрэгцээнд авч байгаа хууль эрх зүй ямар байна вэ?

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн

-Өнөөдрийн байдлаар бидэнд гурван хэсэг байршил байна. Барилгажих талбай нь 24 мянган га орчим байх бололцоотой гэсэн урьдчилсан тооцоо байна. Хөрөнгө оруулалтын талаар ТЭЗҮ эцэслэн гарсны дараа тооцоолно. Газраа тогтсоны дараа тусгай хэрэгцээнд авна. Тусгай хэрэгцээнд авсан газар дээрээ ТЭЗҮ-ээ боловсруулна. Тэгээд үе шаттай ажлуудаа хийнэ. Урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтын тоог хэлэх боломжгүй байна. Ус, хөрсний хувьд их бололцооны газар. Энэ бүст ЮНЕСКО-д бүртгэлтэй 180 мянган га газар байдаг. Энэ газрууд орохгүйгээр бид нар газраа судалж байгаа. Хууль болон олон улсын конвенцын дагуу бүртгэлтэй газар дээр үйл ажиллагаа явуулж болохгүй.

14 : 03
2023-1-5

"Хот байгуулах бид нарын хоолойд тулсан чухал асуудал мөн үү?"

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

-Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. УИХ-ын эрхэм гишүүдээ Орхоны хөндийд хот байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье.

УИХ-ын гишүүн Х.Баделхан

Их чухал тогтоолын төслийг дэмжиж байгаа. Аль эрт ярьсан бол сайн байлаа. Улаанбаатарт хүн багтахаа болилоо. Түгжрэл, утааны асуудлыг шийдвэрэх боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тийм учраас шинээр хот байгуулж байж энэ асуудлыг шийднэ. Хархорин хотыг цаашдыг Монгол Улсын нийслэл болно гэж бодож төлөвлөх хэрэгтэй гэж би бодож байна. Өнөөдөр хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатарт байна. Иргэд сайхан амьдрахын төлөө, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээндээ анхаарч хот бараадаж байна. Улаанбаатар хотын утаа, түгжрэлийг шийдэхийн тулд үүнийг дэмжих ёстой. Хархорин хот түүхэн дурсгалт газар. Монголын төв хэсэгт байрладаг. Маш оновчтой газар. Цаашид Хархорин хотыг орчин үеийн нийслэл болгох хэрэгтэй. Эхлээд төлөвлөгөөгөө гаргаад, инженерийн дэд бүтцээ бодох хэрэгтэй. Орчин үеийн, эко ногоон хот болгоно гэдгийг дэмжиж байна. Асуулт хоёр байна. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод хэчнээн хүн амьдрах тооцоотой юм бэ? Хоёрдугаарт, баригдах хот нь хэчнээн хүнтэй, ямар байршил байх вэ?

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн

Хоёр дахь асуултад нь би хариулъя. Хархоринтой холбоотой асуудлаар манай яам, БШУЯ хэд хэдэн удаа судалгаа хийсэн. Хангайн бүсийн тулгуур төв гэж Хархорин явж байгаа. Энэ онд манай яамнаас 400 орчим сая төгрөг зарцуулан хот төлөвлөлтийн хүрээлэнтэй гэрээ байгуулан хот байгуулах байршлын ТЭЗҮ-г боловсруулж байна. Удахгүй эцэслэн батлахаар хүлээж байна. Гуравдугаар сарын 1-н гэхэд байршлаа эцэслэнэ. Өнөөдрийн байдлаар гурван байршилд санал орж ирсэн. Манай ажлын даалгаварт 3-аас доошгүй байршлыг судалж, танилцуул гэсэн. Нэгдүгээр хувилбар нь Тоглохын тал гээд 40.4 мянган га газар. Хоёрдугаар хувилбар нь Өгий нуур орчимд 168.6 мянган га газар. Гуравдугаар хувилбар нь Онгоцон хөндий гээд Хархорины зүүн хэсэгт 41.4 мянган га газар байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төлөөлөл н.Одбаатар

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 1.4 сая хүн амьдарч байгаа. 2020 оны Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголоор 1.5 сая хүн амьдрах боломжтой байхаар батлагдсан. 2040 оны ерөнхий төлөвлөгөө одоо боловсруулагдаж байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөөгөөр 1.7 сая хүний багтаамжтай байхаар мөн хаяа залгаа хотуудыг нэмж барин зарим бүсүүдийг гаргахаар төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Энд Шинэ Хархорин хотын асуудал яригдаж байна уу эсвэл шинэ нийслэлийн асуудал яригдаж байна уу? Тодорхой хариулт авмаар байна. Монголчуудын бүх хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх асуудлыг зөвлөлдөх зөвлөл гэдгээрээ хэлэлцэхгүй юм уу? Бүх бизнесүүд, иргэдийн амьдралтай холбоотой асуудал энд хөндөгдөнө. Бас судалгааг яаж хийсэн юм бэ? Нийслэлийн хүнсний хангамж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг хангаж буй Төв аймгийн иргэдийн хувьд төлөвлөлт хийгээд бизнес хийж байгаа. Төв аймгаас санал авсан уу? Улаанбаатараас баруун тийш 360 км нүүх юм байна. Нөгөө тийшээгээ алсарч байгаа хүмүүсийн асуудал хэрхэн орж ирж байгаа вэ? Нийслэл гэж ороод байна. Үзэл баримтлал дээр ч тийм үг орсон байна. Ямар хэмжээтэй, хэдэн хүнтэй байх юм бэ? Хөрөнгө нь яах вэ? Дэд бүтэц, зам нь яах уу? Энэ хөрөнгийн эх үүсвэр нь хэд вэ? Яаж босгох вэ? Дарханы зам дээр юу болж байгаа билээ? Майдар, шинэ Зуунмод гэсэн хотууд одоо яаж байна вэ? Төсөв, хөрөнгө оруулалт ямар байгаа билээ дээ.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн

-Ц.Туваан гишүүний асуултад хариулъя. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд бид шинэ Хархориныг Орхоны хөндийд байгуулах тухай концепц оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн зарлиг бас ийм агуулгаар гарч ирсэн. Нийслэл биш шинэ Хархорин хотыг байгуулахаар орж ирж байгаа. Судалгааг хэд хэдэн удаа хийсэн. Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ерөнхий төлөвлөгөөг 2004 онд баталсан. Ерөнхий төлөвлөгөө 20 жил байдаг учир тодотгох цаг нь болчихсон. Шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоосон судалгааг 2005 онд холбогдох яам, шинжлэх ухааны яам, орон нутгийн захиргаа судалсан байдаг. Орхоны хөндийд хот байгуулах байршлын ТЭЗҮ-г эхлээд боловсруулах даалгаврын дагуу гэрээ байгуулан ажиллаж, өнөөдөр тайлан тавигдаад бэлтгэл ажлаа хангаж байна. УИХ-аас хот байгуулах шийдвэр гаргасан тохиолдолд бид нэгдүгээрт, ТЭЗҮ-г боловсруулна. Байршлаа сонгоод шийдлээ гаргана.Тиймээс тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, ТЭЗҮ боловсруулна. 2023 оны улсын төсвийн ТЭЗҮ боловсруулах хөрөнгө оруулалтын хүрээнд оруулж батлахаар тооцоолж байна. Энэ ТЭЗҮ гарсны дараа хот байгуулахад ямар хөрөнгө орох вэ гэдэг нь тодорхой болно. Бүх төрлийн зураг төслүүд хийгдээд дууссан. 2023 оны төсөвт эхний ээлжийн хангамжийн байгууламжийг байгуулахаар шийдэгдсэн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Ц.Туваан гишүүнээ, шинэ нийслэл гэсэн юм байхгүй. Ерөнхийлөгчийн гарсан зарлиг дээр ч байхгүй. Түүхэн дурсгалын цогц газар учир шинэ нийслэл хот барихад тохиромжтой гэж л байгаа. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газрын зүгээс түүхэн аялал жуулчлалын хот баръя гэж яригдаж байна. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг арилгъя. Орхоны хөндийд Хүннү, Сяньби, Жужан, Нируны хот балгас байсан. Монголын төрт улсуудын гал голомт байсан нутагт шинэ хот байгуулъя л гэж байгаа юм. Аялал жуулчлал, түүх дурсгалын эко шинэ хот байх болно.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Энэ одоо хот байгуулах бид нарын хоолойд тулсан чухал асуудал мөн үү? Хоёрдугаарт, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан танилцуулгыг хийлээ. Энэ хүн нам, засгаа хамтран барьж байгаа юу? Эсвэл хуульдаа нийцүүлээд нэг ажлаа өгчихсөн байгаа юу? Одоо харагдахгүй байна. Нэг ажил дээрээ тогтож ажлахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээлтэй, Цэц нь хууль тогтоогоод гажуудал гараад байна. Үүнийгээ засахгүй бол УИХ-ын хуралдаж байгаа байдал, Засгийн газрын оруулж ирж байгаа асуудлууд зүгээр л ард түмний бодлыг төрүүлэх, цаг хугацаа хожих гэсэн зүйл л нуугдаад байна. Өмнөх Майдар, Аэросити хотууд хаана байна вэ? Дархан, Эрдэнэт хотоо бид нар өөд нь татаж чадсан уу? Улаанбаатар хүхэртийн хөндий болоод байна. Дахиад л эрүүл сайхан Орхоны хөндийг бузарлах, мөнгө төгрөг цавчих хулгайгаа хийх гээд байна уу? Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн алдаа завхралаа засаагүй байж юун шинэ хот вэ? Нэг л Чингис хааны музей барьсан хүмүүс. Ашиг орлогоо хэзээ ч өгөх юм? Ард түмний ажил амьдралыг яаж дээшлүүлээд байна вэ? Энд тэндгүй хөшөө дурсгал. Гүйцэд ч босоогүй. Өнөөдрийн хүнд хэцүү нөхцөлд ийм зүйл ярих нь утгагүй. Ард түмнийг улам ядуу амьдруулж, 13-р зууны сайхан амьдралыг нь санагалзуулж төөрүүлдэг. Өмнөх түүхээр нь л хүмүүсийг хуурахаас биш өнөөдрийн амьдралыг нь сайхан болгох бодол алга. Ард түмнээсээ санал асуулга ав. Дарга, даамлууд өөртөө зориулж хууль батлаад УИХ, Засгийн газрын гишүүн гэдгийг давхцуулаад байна. Ингэж болохгүй. Иж бүрэн янзлаад 2024 оноос мөрдөх хэрэгтэй. Төрийн байгуулалтын байнгын хороо яагаад тийм юм хийхгүй байна вэ? Хаа хамаагүй юм руу халтираад явж байна. ЗГХЭГ-ын дарга нь хаана байна вэ? Намаа луйврын аргаар ялуулна гээд явж байна уу? Орхоны хөндийд амьдарч байсан Чингис хааны алтан ургийнхныг МАН, МАХН, манжууд бүгд хядсан ш дээ. Тэрийг одоо тогтоосон уу? Өмнө нь байсан Хархорин хотын суурийг бүтнээр нь ухаж чадсан уу? Тэгээгүй байж хулгайн юмаа бэлдээд байх юм. Хоолойнд тулсан асуудлаа шийдээч. Эмнэлгээр дүүрэн хүүхдүүд хэвтэж байна. Нүүрсний хулгай, ЖДҮ, Хөгжлийн банкны хулгайчдаа янзлъя. Баялаг бүтээгчдээ дарамтлахаа боль.

 

12 : 44
2023-1-5

"Т.Доржханд гишүүнээ, та гадаадад зугаалж л явсан байх"

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

-Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшсэн их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 13, ТББ-аас 73, ААН 4, иргэнээс 72 гээд нийт 163 хүний материал иржээ. Шаардлагад заасны дагуу зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн болон жинхэнэ албан хаагч, намын удирдах болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүн томилохгүй гэж заасны дагуу төрийн албаны зөвлөл болон Дээд шүүхээс хүн тус бүрт лавлагаа авч хянан үзэж 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалт гаргалаа. Нийт 11 гишүүнийг шалгаруулж, тогтоолын төслөө боловсруулсан. Эрхэм гишүүдээ, Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХ-ын тухай тогтоолыг төслийг хэлэлцэн, баталж өгөхийг хүсье.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Нэг байгууллагаас хоёр хүн орж ирсэн нь зарчмын хувьд зөв үү? Аль нэгийг нь болиулаад эмэгтэй хүний төлөөлөл оруулж ирүүлмээр байна. Шулуухан хэлэхэд намын төлөөллүүд байна. Би буруутгаагүй шүү. Тэгвэл бусад намын төлөөллүүдээс ч оруулъя. Нийт иргэдийнхээ дундаас ижил тэгш оролцоотой зөвлөлийнхөө бүрэлдэхүүн дээр УИХ-ын гишүүд анхаармаар байна. 11 гишүүн дотор эмэгтэй хүн алга. Гэтэл Монголын нийт хүн амын 50-аас дээш хувь нь эмэгтэйчүүд. Ядаж энэ 11 дотроо эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулъя. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо гэж байна. Холбооны төлөөлөл гээд н.Ганхуяг байна. Гэтэл надад ирсэн мэдээллээр бас холбооны гишүүн гэхдээ хувь хүнээрээ зөвлөлд орсон Мондо гээд хүн байна. Нэг байгууллагаас хоёр хүн нэг нь иргэнээрээ, нэг нь төлөөллөөрөө орж болох уу?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Т.Доржханд гишүүнээ та эхлээд хуралдаа суумаар байна.Та энэ ажлын хэсгийн гишүүн. Бид УИХ-д суудалтай бүх намуудын төлөөллийг ажлын хэсэгт оруулсан. Би таны чөлөө авсан талаар яриагүй байна. Хуралдаа сууж энэ талаараа ярьж болох л байсан. Улс орон даяар нээлттэй зар явуулсан. Нийт 163 хүний нэр ирсэн. 30 орчмыг нь шаардлага хангаагүй, материал дутуу гэж үзсэн. Санал хураалтын гол журам нь саналыг нууцаар явуулах. Ажлын хэсгийн 12 гишүүнээс 8 нь оролцсон. Саналаа 133 хүн дээр нууцаар өгсөн. Эмэгтэйчүүд ороогүйд бид нар анхаарах ёстой байсан. Гэхдээ нууцаар санал явуулсан болохоор засъя гээд ч болоогүй. 32 эмэгтэй нэр дэвшсэн. Гэхдээ нууцаар тодроогүй зүйлийг тодруулна гэж болоогүй. Хоёрдугаарт, иргэний нийгмийн байгууллага, иргэний төлөөлөл, ТББ-ын төлөөлөл бий. Мэдээж судлаач, эрдэмтдийн төлөөлөл бий. Хяналтын зөвлөл нь ирэх долоо хоногт байгуулагдана. Нэр нь ирсэн 32 эмэгтэйгээсээ оруулна. Мөн үндэсний цөөнхийн төлөөллийг оруулахад анхаарна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Нэгдүгээрт, би УИХ-ын даргаас албан ёсоор чөлөө хүссэн. Хоёрдугаарт, С.Одонтуяа гишүүн бид хоёр цахимаар хуралд оролцъё гэсэн. Та хуралдаа суугаагүй юм чинь гэсэн хандлагаар битгий хандаарай. Та зүгээр байхад чулуу шийдэж байгаа шүү. Зүгээр анхааруулж байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл байх ёстой. Одоо яалтай билээ гээд гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулах хэрэггүй. Эмэгтэйчүүд, залуучуудын төлөөллөө оруул. Дахин сонгон шалгаруулалт хийе.

УИХ-ын гишүүн П.Анужин:

-Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн болохгүй байна. Монголын нийгмийн асуудлыг бүхэлд нь тодорхойлох гэж байж нэг ч эмэгтэй хүний төлөөлөл алга. Эрчүүд давамгайлсан улс төр л өнөөдөр Монголын нийгмийг ийм болголоо. Эмэгтэйчүүдийн квот гэдгийг анхнаас нь харж тооцоогүйд харамсалтай байна. Квот гэдэг нь эрчүүдтэй өрсөлдөнө гэсэн үг биш. Бодлогоор л оруулж ирэхгүй бол ийм л зүйл болдог. Тэгэхээр Монголын хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдгүйгээр яаж Монголын асуудлыг тодорхойлох гэж байгаа юм бэ? Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлэг, залуучуудын дуу хоолой хаана байна вэ? Бүтэц, насны ангиллыг нь авч үзэх хэрэгтэй.  

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хуулиа уншмаар байна. Энэ 11 хүнд эрх мэдэл байхгүй. Зөвхөн зохион байгуулах үүрэгтэй. Зөвлөлдөх санал асуулгыг л улсын хэмжээнд зохион байгуулна. Ажил хийх хүмүүс. Ажлын хэсгийн найман гишүүн 136 нэр дээр нууц санал хураалт хийсэн. Одоо яах вэ дээ. Шуудхан хэлэхэд. Чи цахимаар оръё гэж хэлээгүй. Гадаадад зугаалж л явж байсан байх. Нууц санал хураалт дээр жендэр хэцүү ш дээ. Журам дээр эмэгтэйчүүдийн квот байсан бол болно. Гэвч тийм юм байхгүй. Нууц санал хураалтаар шийдсэн асуудал. Эмэгтэй хүн оруулахгүй гээгүй шүү. Залуучуудын төлөөлөл бол байгаа.

12 : 07
2023-1-5

"Өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулах банк байхгүй шүү"

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Гишүүдээ хуулийг дэмжээд өгмөөр байна. Энэ хуулийг дэмжихгүй байгаа гишүүд янз бүрийн банктай холбоотой, лоббид нь орчихсон байна уу? Банкны салбарт өрсөлдөөн оруулж ирэх, Хөрөнгө оруулалтын банк орж ирснээр арилжааны банкны эх үүсвэрүүд банк дээрээ үлдэж, хувь хүмүүс, хэрэглээнийхээ зээлийг, аж ахуй нэгжүүд бизнесийнхээ зээлийг арилжааны банкнаас авах эх үүсвэр сулрах давуу талтай. Банкнууд л явуулахгүй байсан. Энэ гишүүд дэмжихгүй байна. Сонгогчид ч харж байгаа байх. Б.Пүрэвдорж гишүүнээ, амьдрал өдөр хоног, сараар өөрчлөгддөг шүү.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Миний төхөөрөмж ажиллахгүй байна. Өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулах банк байхгүй шүү. Манайх хязгаарласан, боомилсон байдалтай хандаж болохгүй. Эдийн засгаа тэлэх гурван суваг л байна. Нэгдүгээрт, экспортоо нэмэгдүүлэх, хоёрдугаарт, зээл авах, гуравдугаарт, гадны хөрөнгө оруулалт. Санхүүгийн хөрөнгө оруулалт оруулах замаа л нээхгүй бол эдийн засаг тэлэхгүй. Санхүүгийн салбар, банкны салбарын либералчлалыг одоо л бид Хөрөнгө оруулалтын банкаараа л хийх ёстой. Тиймээс алх тогшоод, санал уначихлаа гээд явмааргүй байна. Өмнөх саналыг хүртэл дахиж цуцалж байгаад санал хураалтыг явуулъя. Хоёулан дээр нь миний төхөөрөмж ажилсангүй. Саналыг хүчингүй тооцож, дахин санал хураая.

 

11 : 47
2023-1-5

"Хөгжлийн банкнаасаа долоон дор Хөрөнгө оруулалтын банк болчихлоо"

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хувийн банк гээд сайн болно гэсэн үг биш. Үнэт цаас, иргэдийн хөрөнгөөр баахан юм босгоод дараа нь асуудал үүсвэл хариуцлагыг нь төр л хариуцна. Гадны зээлийг нь Монгол Улс л хариуцна. Хувийн гээд хаяж болохгүй. Мөнгө босгох гээд байна. Нөгөө талаараа одооны арилжааны банкууд нэг сул тал бий. Бүх төрлийн бизнес рүү ордог. Гуанз ч байсан ордог. 65 тэрбумын зээлийн хөнгөлөлтийг тэд нар эдэлж байгаа. Бусдыг бизнесийг булааж байгаа. Найман нэрийн барааны дэлгүүр дампуурч байгаа чинь энэ ш дээ. Хөрөнгө оруулалтын банк дээр хязгаарлалтыг нарийн хийж өгөх хэрэгтэй. Хамгийн бага хүүтэй зээл аваад хамаг бизнесийг хөрөнгө оруулсан гэх нэртэй нөхдүүд чинь компаниудаараа дамжуулаад дуусгана ш дээ. Яаж 3 хувийн зээлтэй хүнтэй 10 гаруй хувийн зээлтэй хүн өрсөлдөх юм бэ? Төмөр зам хүртэл барьж байна. Бүгд л хуулийн дагуу эмх журамтай баймаар байна. Бие биенийхээ бизнесийг булаахгүй, улсаа өрөнд оруулахгүй байх талаар л би ярьж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Ц.Даваасүрэн гишүүний болгоомжлол дээр тайлбар өгье. Энэ хамгийн гол нь хадгаламж авахгүй. Тэгэхээр тийм эрсдэл байхгүй. Энэ банк Хөрөнгө оруулалтын банк учир том дүнтэй төслүүдийг санхүүжилнэ. Эрсдэлтэй байвал 20 хүртэлх хувь авч болно гэсэн боломжийг нээж өгсөн. Саналын эрхгүй хувь авч болно. Бусад бизнес рүү хөрөнгө оруулах боломжийг нь хууль дээрээ тодорхой хааж өгсөн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ хуулийг 2016 онд өргөн барихад анхны хуулийн төсөл дээрээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй өөрийн хөрөнгөтэй байна гэж заасан. Тухайн үеийн ханшаараа 200 гаруй сая ам.доллар байлаа. Өнөөдрийн ханшаар 140 сая руу унаж байна. Өөрийн хөрөнгөөс гурав дахин нэмэгдүүлэхгүй гэхээр банкууд орж ирэхгүй гэж байна. 200 тэрбум гэж заавал 600 тэрбумаас дээш олохгүй болж байна. Нэг тэрбум төгрөгний үнэтэй барилгаа 50 тэрбумаар үнэлээд өөрийнхөө банкнаас хамаарал бүхий компаниудад мөнгө гаргадаг. Худалдаа хөгжлийн банк намайг Банкны тухай хууль ярьж байхад 1 их наяд төгрөгний цоорхойтой байсан. Эрдэнэтийг хувьчлахын тулд янз янзын компаниуддаа зээл гаргасан байсан. Буцаагаад төртэй тохирсон учир цоорхой нь багасч байгаа байх. Бас Голомт банк 700 тэрбум төгрөгний цоорхойтой, хий бичилттэй байсан. Одоо бүр нэмэгдсэн байх. Яагаад гэвэл төмөр замыг өөрсдөө санхүүжүүлэх зарчмаар хий бичиж байгаа. 200 тэрбум гэвэл 600 тэрбумын зээл л гаргах юм байна. Хөгжлийн банкнаас долоон дор юм болж байна. Хөгжлийн банк 800 тэрбум төгрөгний өөрийн хөрөнгөтэй. Үүнийгээ найм дахин гаргах хуулийн заалттай. 6.4 их наяд төгрөгийг нэг төсөл дээр гаргах боломжтой. Гэтэл Хөрөнгө оруулалтын банк гэчээд Монголбанканд хөрөнгөө мэдүүлээд байж болохгүй. Энэ Хөрөнгө оруулалтын банк болохгүй. Дүрмийн санг миний санал болгосноор 500 тэрбум гэж тавих хэрэгтэй. Эсвэл гурав дахин гэдгээ ихэсгэх хэрэгтэй. Хөгжлийн банкнаасаа долоон дор Хөрөнгө оруулалтын банк болчихлоо. УИХ-ын гишүүдийн зарим нь санаатай, тоон дээр будилуулсан, боомилсон байна. Энэ асуудал дээр УИХ-ын дарга харьцааг нь бодож өгөөсэй. Ийм чиглэлийг байнгын хороонд өгөөч.

Ажлын хэсэг:

-Би таны 500 тэрбум төгрөгний дүрмийн сангийн доод хязгаарт тайлбар өгье. Анх 2016 онд Н.Жавхлан, Нарантуяа гишүүн нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн анхны төсөл дээр 500 тэрбум төгрөг гэж дүрмийн сангийн доод хязгаарыг тогтоосон байсан. Ажлын хэсэг дээр дахиж яриад 500 тэрбум төгрөг гэж хатуу тогтоох нь буруу гэж үзсэн. Өдөр тутам хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн эдийн засагт дүрмийн сангийн хэмжээг хуулиар хатуу тогтоовол дараа нь бид бүхэн энэ хуулиа эдийн засгийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад байн байн өөрчлөх шаардлага гарна. Нөгөө талаараа энэ бол дан ганц гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан хууль биш. Дотоодын аж ахуй нэгжүүд оролцож болно. Мөн дэлхийн олон байгууллагаас бизнесийн орчин болон хөрөнгө оруулалтын индекс гаргадаг. Дийлэнхи индекст манайх 110-аас хойш байгаа. Бид бүхэн хөрөнгө оруулалтынхаа орчныг муутгаад хадмал тоо тавиад гадаадын хөрөнгө оруулагч нараа айлгаад байвал хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Аль болохоор нөхцөл байдлаа бодитой үнэлээд гадаад төлбөрийн тэнцэл ийм хүнд байгаа үед дэмжлэг болох үүднээс төслийг нь өөрчлөөд явсан. Тухайн үеийнхээ цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад тогтоодог болъё гэсэн. Зээлтэй холбоотой гэвэл одоогоор хамгийн том өөрийн хөрөнгөтэй банк нь Хаан байна. 1.5 их наядын өөрийн хөрөнгөтэй байгаа. Үүнийхээ 20 хувьд гэхээр 300 тэрбумын л зээл гаргаж байгаа. Энэ хүрээнд бид бүхэн гурав дахин гэж байгаа нь нэг зээлдэгчид оногдож байгаа хэлбэр нь. Б.Пүрэвдорж гишүүн нийт зээлдэгч дээр гэж андуурч магадгүй. Нэг зээлдэгч дээр бол одоогийн мөрдөгдөж буй хуулиараа дээд тал нь 300 тэрбум төгрөгний л зээл гаргаж байгаа. Энэ хуулийн төслөөр төв банкнаас 300 тэрбум төгрөгөөр тогтоолоо гэхэд нэг зээлдэгчид 900 тэрбум төгрөгний зээл дангаараа очих боломжтой. Бодит байдалтайгаа нийц л гэж хэлмээр байна.

11 : 07
2023-1-5

"Арилжааны банкнуудын удирдлагууд өөрийн үүсгэн байгуулсан компаниараа баталгаа гаргаж байна"

УИХ-ын дарга Ш.Занданшатар:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэх эсэхийг шийднэ. УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл гурав хоногийн завсарлага авсан. Завсарлага дууссан байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль дээр завсарлага авсан. Үндэслэл нь яг одоо Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Тиймээс дарааллаараа эхлээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдсаны дараа тэр өмчийн хөрөнгөөр нь үйлчилгээ үзүүлэх тухай хууль нь хэлэлцэгдэх хэрэгтэй. Ингэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-МАН-ын бүлэг Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр завсарлага авсан. Хоёр парламент дамжиж яваа юм. Саналаа нэгтгэх нь зайлшгүй шаардлагатай байлаа. Завсарлагын хугацаа дууссан учир чуулганыг үргэлжлүүлэх саналтай байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Одоогийн байгуулах гэж буй банкыг Хөгжлийн банк шиг болгохын байхын тулд эхнээсээ бодох хэрэгтэй. Ялангуяа баталгаануудын асуудал, гадаад зах зээлд үнэт цаас гаргана гэсэн. Энэ дээр анхааралтай, хяналттай байх хэрэгтэй. Монголбанк өмнө нь Хөгжлийн банк дээр хяналт муу тавьсан. Баталгаа гэсэн чинь ирээдүйн хөрөнгөөрөө барьцаална гэсэн баталгаа байсан шүү. Холбогдох журмаар зохицуулагдана гэж байгаа. Тийм л байсан юм бол яагаад ирээдүйн хөрөнгөөрөө барьцаалсан юм бэ? Баахан үнэт цаасаа гаргаад улс орноо өрөнд оруулчихсан байхвий дээ. Үүнийгээ анхаараарай. Дахиад Хөгжлийн банк болгож болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Би Ц.Даваасүрэн гишүүнтэй адилхан бодсон байна. Энэ хураах гэж байгаа 10.7  дахь заалт дээр Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас санхүүгийн хэрэгсэл худалдан авах, худалдах харилцааг Монголбанк, санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмаар зохицуулна гэж байгаа. Үүнийг журам бус хуулиар зохицуулах ёстой. Угаасаа Үнэт цаасны хуулиар зохицуулагддаг. Үүнтэй холбоотойгоор Үнэт цаасны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар л зохицуулах ёстой. Журмаар зохицуулж болохгүй. Би олон удаа ярьж байгаа. Хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-д хадгалагдаж байгаа. Энэ эрх мэдэл хоёр янзаар Засгийн газар болон бусад руу шилжээд байна. Нэг нь Засгийн газар болон сайд нар үүнийг зохицуулна гээд булаагаад байна. Хариуцлагыг нь УИХ үүрдэг. Тэгэхээр боломжтой харилцааг ерөөсөө л хуульчлах ёстой. Журмын цаана эрх олж аваад л хулгайгаа хийгээд байна. Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас гарах баталгаа, батлан даалтт тавих шаардлага нөхцлийг Монголбанк журмаар зохицуулна. Ерөнхий ганц үг. Энэ хуульчлагдах ёстой. Ямар шаардлага, ямар нөхцөл, хүрээ хязгаар нь ямар байх вэ гээд. Учир нь УИХ Үндсэн хуульд зааснаар төрийн мөнгөний бодлого, зээлийн бодлогыг тогтоох заалт бий. Энэ бүрэн эрхийг Монголбанк журам гаргаад л авах гээд байна. Арилжааны банкнуудын удирдлагууд хувь хүнээрээ эсвэл өөрийн үүсгэн байгуулсан компаниараа баталгаа гаргаж, өөрийн банкнаас гаргаж буй зээл дээр өөрөө иргэнээрээ эсвэл компаниараа баталгаа гаргаад мөнгө угаасан асуудал гарсан. Түр сонсгол энэ тодорхой яригдана. Энэ дээр Монголбанк өөрөө оролцдог. Эцсийн хэлэлцүүлэг дээр журмаар зохицуулсан асуудлуудыг гүйцээн боловсруулж хуульчилж тодорхой болгох дээр чиглэл өгөөч гэж хүсч байна.

10 : 34
2023-1-5

"Энэ хууль, дүрэм Монголд хэмжээнээсээ хэтэрлээ"

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Өчигдөр УИХ-ын нэр бүхий долоон гишүүн, хулгайтай тэмцэх лобби бүлэгтэй хамтран "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг Монголын ард түмэнд эзэмшүүлье гэсэн тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Өнгөрсөн 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувь эзэмшил байхгүй. Үүнийг өгье. Ингэснээр хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, төрийн өмчийн компаниудад нүүрлэсэн хулгайг таслан зогсооход том гарц болно. Цаашид "Эрдэнэт", "Салхит", "Монросцвемет" зэрэг компаниудад олон нийтийн оролцоо чухал. Монголын ард түмний 42.5 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь ядуурчихсан байна. Газар дээрх болон доорх баялагаар монголчууд эхний 12-т орно гэдэг. Гэтэл баян хоосны ялгаа маш их болчихсон. Мэдсэн ч мэдээгүй юм шиг явж байна. Энэ бол ядуурлыг бууруулахад онцгой ач холбогдолтой. Үүнийг хэлэлцэж таарна.

Өнөөдөр Монгол Улсад 838 хууль, 2177 УИХ-ын тогтоол, 4996 Засгийн газрын тогтоол, 2547 захиргааны арга хэмжээний акт, Үндсэн хуулийн Цэцийн 291 тогтоол, олон улсын 603 акт тус тус байна. Энэ хууль дүрэм Монголд хэмжээнээсээ хэтэрчихжээ.

Хэрэгжилтийг нь хянадаг байгууллага байна уу. Хууль батлаад л байна. Бидний баталж буй хууль дандаа л нийгмийн шинж чанартай. Улс орны хөгжлийн асуудал орхигдчихсон. Шинжлэх ухаан, технологийн хууль одоо ч хэлэлцэгдээгүй байна. Улс орнууд шинжлэх ухаандаа мөнгө хаяж, буцаад мөнгө олж байна. Гэтэл Монголд 0.1 хувиа шинжлэх ухаандаа зарцуулж байна. Гадаадад хөрөнгө оруулсан нэг ам.доллар нь 100, 1000 ам.доллар болж эргэн ирж байна. "Алсын хараа –2050" хөгжлийн баримт бичиг хуучирсан байна. Шинэчлэх шаардлагатай. Банк, санхүү, хөрөнгийн зах зээл, даатгал гээд гурван салбар бий. Даатгалын салбарын шинэчлэх хийх шаардлагатай. Дараа нь төрийн албаны шинэчлэл. Монголын хөгжлийн хоцрогдлыг монголчууд өөрсдөөсөө бий болгосон. Төрд бэлтгэгдээгүй хүмүүс төр барих гэж оролдож байна. Хүчирхэг хүмүүс төрд гарч байж улс хөгждөг зарчимтай. Олборлох үйлдвэрлэлийн тухай хуулийг гаргах хэрэгтэй. Худалдааны хууль мөн бий. Хилийн сангийн хууль бас бий. Хил дээр 240 ам.доллар хүрч буй нүүрсийг ам дээрээс нь 60 ам.доллараас худалдан авч байна. Ийм гол юм руугаа оръё.

08 : 42
2023-1-5

"МАН 65 суудалтай болохоос өмнө юань 200 гарантай байлаа"

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Шинэ жилийн анхны хуралдааны мэндийг хүргэе. УИХ маань өнөөдөр ямар хөл дээрээ боссон юм болоо гэж иргэд харж байгаа байх. Өнөөдөр Монголбанкны албан ханшийг харлаа. Ам.доллар 3450.52 төгрөг байна. Юань 500.72 төгрөгтэй тэнцэж байна. Удахгүй Хятад хилээ нээлээ. 2020 онд юань 400 хүрэхгүй байлаа. МАН 65 суудалтай болохоос өмнө юань 200 гарантай байлаа. Нэг ам.доллар тэгэхэд 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байлаа.

Иргэдтэйгээ сая уулзлаа. Шинэ жилээр өр чөлөөлж, нүүрсний хулгайн мөнгө орж ирэх байх гэсэн хүлээлттэй байжээ. Төрийн өндөрлөгүүд юу ч дуугарсангүй. Бөхийн өргөөнд орилж байлаа. Энэ ажлыг УИХ хийж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг маш буруу хийлээ.

Үүнд оройлсон О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Т.Доржханд нар Монгол ардын намд хуулийг нь баталж өгсөн. Та нөхдийг хийсэн ажил ямар ч үр дүнгүй болчихлоо. Сандар ширээний хууль баталж болохгүй. Давжаа парламентад олон давхар дээлтэн боллоо. Засгийн газар УИХ-ын толгой дээр гараад ирлээ. Сөрөг хүчин ч гэж байхгүй. Кноп наймаалцдаг боллоо. Сонгуулиуд хууль дүрмийн дагуу болсон ч хар машин баталгаагүй байсан шүү гэж ярьж байна. Үймээн самуун дэгдээхгүйн тул анхаарал болгоомжтой ажиллах хэрэгтэй. Эздээ өмөөрсөн, хулгайг даамжруулсан ажил хийх гээд байна. Ардын намын “Гарзгүй тав” жинхэнэ хулгайг илрүүлнэ л гэсэн. Нэгдүгээр сарын 1-нээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хууль хэрэгжсэн. Манай Ардчилсан намын дээрээс сонгогдсон гишүүдээс эхлээд гишүүнээсээ татгалзаад сайн дураараа шалгуулмаар байна. Бусад улс оронд ингээд байна.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж