Зэсээ түүхийгээр бус, нэмүү өртөг шингээж заръя!

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Зэсээ түүхийгээр бус, нэмүү өртөг шингээж заръя!

Зэсээ түүхийгээр бус, нэмүү өртөг шингээж заръя!

Улс орны эдийн засгийн аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай минерал бол зэс. 2022-2023 онд дэлхийн хэмжээнд нийт 68.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 700 гаруй зэсийн төсөл хэрэгжиж буй. Төслүүдийн жагсаалтын эхний долдугаарт манай улс бичигдэж буй. Тодруулбал, Монгол Улс найман төсөлд 2.2 тэрбум ам.доллар зарцуулж буй бөгөөд зэсийн салбарт тоглогч болж байгаагаа дэлхий дахинд зарласан билээ.

Улсын хэмжээнд зэсийн нөөц 57 сая тонн ч энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа юм. Нийт нөөцийн 10.7 сая тонн нь "Эрдэнэт үйлдвэр"-т харъяалагддаг бөгөөд баяжмал дахь зэсийн агуулга нь буурсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй юм.

Зэс олборлогчид 20 хувийн буюу маш өндөр АМНАТ төлдөг. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 1 тонн 5000 ам.доллараас давбал 20 хувийн АМНАТ ногдуулж буй. “Оюутолгой” компани Тогтворжуулалтын гэрээтэй учир 6.5 сая тонн зэсийн баяжмалаас таван хувийн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 20 хувийн АМНАТ төлж байна.

Өдгөө Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил үргэлжилж буй юм.

Бид эрдэс баялгаа түүхий, зарим тохиолдолд баяжмал хэлбэрээр зарж байгаа учраас нэг тонн тутмаас гарч буй ашиг маш бага. Газрын хэвлийгээс гаргаж ирсэн баялагтаа аль болохоор нэмүү өртөг шингээх нь бидэнд илүү ашигтай. Тиймээс Засгийн газар энэ чиглэлд түлхүү анхаарах зайлшгүй шаардлагатайг салбарынхан онцолсоор байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж үйлдвэржилтийг сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн экспортлох зарчим баримтлахаа мэдэгдсэнээс хойш дөрөв дэх сартайгаа золгов. Одоо хэлснээ яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай юм.

Улсын хилээр өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт 481 автомашин, 320 чингэлэг зэс экспортод гарчээ. 2022 оны эхнээс 1.409.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн 2021 оны мөн үеэс 11.3 хувиар өссөн дүн юм. Зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн сард дунджаар 116.2 хувийн гүйцэтгэлтэй байжээ.

“Оюутолгой” уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн хэмжээ өнгөрсөн 2021 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 2022 онд 13 хувиар бага байжээ. Гэвч 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 19 хувиар илүү байсан нь баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ, зэсийн агуулга өмнөх улиралтай харьцуулбал өндөр байсантай холбоотой аж.

ЗЭСИЙН ЭРЭЛТ СЭРГЭХ ХҮЛЭЭЛТ

Дэлхийн эрчим хүчний шилжилт зэсийн эрэлтийг нэмэгдүүлж буй. Зэсийн үнэ өнгөрсөн 2022 онд багагүй хэлбэлзэж, нэг тонн нь 10.740 ам.долларт хүрсэн. Өнөөдрийн байдлаар зэсийн үнэ 8.390 ам.долларт хүрч арилжаалагдаж байна.

Ам.долларын ханш чангарч, Хятадын эдийн засгийн өсөлт сул байгаагаас эрэлтийн төлөв муудсантай холбоотойгоор зэсийн үнэ өнгөрсөн Мягмар гаригт буурав. Гуравдугаар сард нийлүүлэх зэсийн фьючер хэлцлийн үнэ Нью-Йоркийн “Comex” бирж дээр 0.1 хувиар буурч, нэг фунт нь 3.80 ам.доллар буюу тонн нь 8360 ам.долларт хүрчээ.

Дэлхийн хамгийн том зэс импортлогч БНХАУ нийт зэсийн эрэлтийн 50 орчим хувийг бүрдүүлдэг. Тус улсын эдийн засгийн өсөлт Covid-ийн улмаас 2022 онд саарсантай холбоотойгоор зэсийн ханш бараг 12 хувиар унав. Гэвч Covid-19-ийн эсрэг хатуу арга хэмжээгээ зөөлрүүлснээр эдийн засаг нь дахин нээгдэхэд зэсийн эрэлт сэргэнэ гэсэн хүлээлттэй байна.

Хятадын эдийн засгийн өсөлт болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрсдэл зэсийн үнэ буурахад нөлөөлөх гол хүчин зүйл болж буй аж. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьд дотоодын худалдан авагчдад баригдаж дуусаагүй барилгын төлбөрийг өгөхөөс татгалзсан нь барилгын компаниудын ашигт ажиллагааг бууруулснаар зэсийн эрэлт саарахад нөлөөлжээ.

Гаднын экспертүүдийн таамаглалаар, БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт түүхий эдийн зах зээлд “шок” үүсгэх төлөвтэй байна. Тус улсын эрх баригчид “Тэг ковид” бодлогоо сулруулснаар эдийн засаг нь аажим сэргэх бөгөөд II, III, IV улиралд өндөр өсөлттэй байна гэж таамаглажээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын эдийн засаг цар тахлын дараа огцом өсөх нь. Аж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ сэргэж, түүхий эдийн зах зээлд хомсдол үүсч, эрэлтээс үүдэлтэй үнийн өсөлт бий болох магадлалтай аж. Хэдийгээр үйлдвэрлэл сэргэж эхэлж байгаа ч бүрэн хэмжээнд ажиллах хүртэл хугацаа орохыг Хятадын шинжээчид хэлжээ.

“HYCM” брокерын шинжээч Гилс Коглан “Хятадын томоохон хотуудын метроны хэрэглээ сэргэж байгаа нь тус улс ковидоос үүдэлтэй нойрноосоо сэрж байна гэсэн хүчтэй дохио болж байна" гэж хэлсэн байна.

2023 оны зэсийн үнийн төсөөлөл харилцан адилгүй байна. АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн үргэлжилсэн өсөлт, Хятадын хөл хорионы нөлөө болон бусад тэргүүлэх улс орнуудын эдийн засгийн үзүүлэлт сул байгаа нь аж үйлдвэрийн голлох металуудын ханшид дарамт болохоор байгаа ажээ.

НИЙЛҮҮЛЭЛТ ЭРЭЛТЭЭС ДАВАХ ТӨСӨӨЛӨЛ

Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд 2030 оноос эхлэн жил бүр 6 сая тонн зэсийн хомсдол үүснэ гэж таамагласан бол Чили улсын төрийн өмчит "Codelco" компани 2032 он гэхэд дэлхий дахинд найман сая тонн зэсийн хомсдол үүснэ гэж анхааруулсан. Тус компани зэсийн эрэлт үйлдвэрлэлийн хүчин чадлаас илүү хурдацтайгаар нэмэгдэж байгаагаас шалтгаалан хомсдол үүсэх эрсдэлтэй хэмээн мэдэгджээ.

“Codelco”-гийн өнгөрсөн жил хийсэн судалгаанаас дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилтын нөлөөгөөр зэсийн нэг жилийн нийт эрэлт 25 сая тонноос 2032 онд 31 сая тонн болж өснө гэсэн үр дүн гарчээ.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Максимо Пачеко өнгөрсөн онд "Ойрын хугацаанд Чили, Перу, Ардчилсан Конго, Төвөдөд баригдах шинэ зэсийн уурхайн төслүүдийн тусламжтайгаар зах зээлийн нийлүүлэлт эрэлтээс давна. Харин дунд болон урт хугацаанд зэсийн хомсдол үүсэх эрсдэлтэй байна" хэмээн онцолсон.

“BNEF” 2040 он гэхэд зэсийн эрэлт 53 хувиар өсч, 39 сая метр тоннд, нийлүүлэлт 16 хувиар өсч, 25 сая метр тоннд хүрнэ гэж тооцоолсон нь бий. “Codelco” 2030 оноос эхлэн жил бүр зургаан сая тонн зэсийн хомсдол үүснэ гэсэн зарим мэргэжилтнүүдийн таамаглалтай нийцжээ. Мэргэжилтнүүд цэвэр эрчим хүч болон цахилгаан автомашины салбар дахь зэсийн эрэлт ирэх жилүүдэд огцом өсөх нь үүнд нөлөөлнө гэж тооцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж