"Эгчтэйгээ Парисын олимпод оролцох мөрөөдөлтэй"

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

"Эгчтэйгээ Парисын олимпод оролцох мөрөөдөлтэй"

"Эгчтэйгээ Парисын олимпод оролцох мөрөөдөлтэй"

Батбаярын Энхтамир одоо 18 настай. Тэрбээр усанд сэлэлтийн спортоор 11 дэх жилдээ хичээллэж байгаа аж. Найман настайдаа эгчийгээ дагаж, төв бассейнд хичээллэж эхэлснээр усан спортод "дурлажээ". "Магадгүй эгч минь дэргэд байсан болохоор энэ олон жил усанд сэлэлтээр тууштай хичээллэсэн" гэх залуу тамирчинтай ярилцсанаа хүргэе.


-Эгчтэйгээ хамт ДАШТ-нд оролцоод ирсэн гэлээ. Хэр амжилт үзүүлсэн бэ?

-Австрали улсын Мельбурн хотноо 2022 оны арванхоёрдугаар сарын 13-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулсан 16 дахь удаагийн Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Монгол Улсаас хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин оролцсон. Дэлхийн аваргын тэмцээнд АНУ, Европын тамирчид гэлтгүй Азийн орнуудын тамирчид маш хүчтэй өрсөлдөж байна лээ. Тамирчдын ур чадвар, өрсөлдөөн улам ширүүсч, бараг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэхэд маш хэцүү болсон.

Б.Энххүслэн эгч маань жилийн өмнөх ДАШТ-д 200 метрт өврөөр даллах сэлэлтээр 2:06.29 амжилт үзүүлж, 38-д эрэмбэлэгдэж байсан бол энэ удаа амжилтаа 10 секундээр ахиулж, финалын шатанд Монголоос анх удаа тунаж 15-д эрэмблэгдсэн.

Ингэснээр алтан медаль хүртэж байгаа тамирчнаас 3 секундын хойно орсон байгаа. Харин миний хувьд ДАШТ-ий тав дахь өдөр 100 метрт далайн гахай сэлэлтээр уралдаж, 50.57 секундын амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон.

-Эгчийгээ танилцуулаач?

-Миний эгчийг Б.Энххүслэн гэдэг. Одоо 21 настай. Эгч маань 13 дахь жилдээ энэ спортоор хичээллэж буй. Өнгөрсөн зун Тайланд улсад хамтарсан бэлтгэл хийхээр явсан. Ирэх намар эх орондоо ирнэ.

-Та хоёр их дотно юм аа даа?

-Тэгэлгүй яахав. Бид эцэг эхээс хоёулаа. Багаасаа хамт тоглож, ноцолдож өссөн болохоор их дотно өссөн.

-Эгч дүүс нэг спортын төрлөөр хамтдаа хичээллэхэд давуу тал байдаг уу?

-Эгчтэйгээ усанд сэлэлтийн спортоор хичээллэхэд ар гэрийнхэн их ойлгож, маш сайн дэмждэг. Хоёулаа бэлтгэл хийхдээ бие биедээ урам өгч, хурцалдаг. Эгчтэйгээ уралдахад эрэгтэй гэдэг утгаараа би түрүүлдэг.

Сүүлд эгч Тайландад байнгын бэлтгэл сургуулилалт хийж, улам сайжирсан байна лээ. Сая Австралид тэмцээнд оролцож дуусаад, Тайланд руу шууд явсан.

-Чи үеийнхнээсээ нэлээд өндөр харагдаж байна. Биеийн өндөр чинь ингэхэд хэд вэ?

-Би үеийнхнээсээ жаахан өндөр. Одоо 191 см өндөртэй. Багаасаа усанд сэлэлтээр хичээллэсний үр дүн юм болов уу. Усанд сэлэлтээр хичээллэснээр хүний биеийн аль нэг хэсэг гэхгүйгээр хөл, гар, нуруу гэх мэт бүгд өв тэгш хөгждөг. Сүүлийн үед энэ спортыг сонирхон хичээллэдэг залуусын тоо  ч нэмэгдэх болсон.

-Хүмүүс усанд сэлэлтийн тамирчид бэртэл гэмтэл бага авдаг гэж ойлгох нь бий. Бэлтгэл сургуулилалтын үеэр хэр бэртдэг вэ?

-Хүмүүс бусад спортын төрөлтэй харьцуулахад усанд сэлэлтийн спортыг амархан, бэртэл гэмтэл авдаггүй юм шиг ойлгодог. Гэтэл зөвхөн бэлтгэл дээр гэхэд хүний мөрний хэсэг 10 мянган удаа эргэж байдаг. Тийм учраас нарийн шөрмөс, булчингууд ачаалал авч, гэмтэх тохиолдол гарна. Тамирчин хүн биеэ маш сайн халаахгүй бол өвдөг, шагайн хэсгээр булчин гэмтдэг.

Усанд сэлэлтийн тамирчин хүн хурдтай, хүчтэй, усанд уян хатан байх ёстой. Хэдий хүчтэй ч эв, уян хатан биш бол амархан ядарна.

Удаан хийсэн бэлтгэлийн үр дүнгээ гаргахыг хичээдэг. Тэмцээний үеэр ямар нэгэн алдаа гаргаж, хасагдах вий л гэж айдаг.

-Гэр бүлд нь тамирчин хүн бий юу?

-Манай гэр бүл спортын хүн байхгүй. Аав маань оюутан байхдаа усанд сэлэлтээр хичээллэдэг байсан. Тэр утгаараа хүүхдүүдээ энэ спортод хөтлөн оруулсан байх. Эгч бид хоёр найм, есөн настайгаасаа усанд сэлэлтийн тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргах бүртээ илүү их урамшиж, хичээж эхэлсэн.

-Монголд усанд сэлэлтийн спорт төдийлөн сайн хөгжөөгүй. Мэргэжлийн тамирчид цөөн байдаг шүү дээ? 

-Монголд усанд сэлэлтийн мэргэжлийн тамирчид цөөн. Монголд энэ төрлийн спортыг хөгжүүлэхэд бассейны тоо бага байдаг. Ерөнхий боловсролын сургууль болгон спорт заалтай байдаг шиг усан бассейн, клубтай байгаасай.

Хүүхэд залуусын дунд сургууль, дүүрэг, аймаг, улсын хэмжээний тэмцээнийг тогтмол зохион байгуулж, тэр дундаас жинхэнэ ур чадвараараа өрсөлдөж байж мэргэжлийн тамирчид төрөн гарна.

Одоо байгаа мэргэжлийн цөөн тамирчдаа нэгтгэн шигшээ баг байгуулж, тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлбэл олон улсад амжилт гаргах бүрэн боломж бий.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Сагсан бөмбөг тоглох дуртай. Усанд сэлэлтийн бэлтгэлээ тогтмол хийх нь чухал. Долоо хоногт таван удаа бассейнд, дөрвөн өдөр нь фитнесст хүчний бэлтгэл хийдэг. Дан усандаа бэлтгэл хийгээд сайжрахгүй.

-Ирээдүйд юу хүсч, мөрөөдөж байна?

-"Оrchlon Swimming Club" -ын ахлах дасгалжуулагч О.Баттулга болон дасгалжуулагч Э.Дэмүүл багш нарынхаа доор бэлтгэлээ хийдэг. Манай клуб 2012 оноос эхлэн мэргэжлийн тамирчид бэлтгэж эхэлсэн ба одоогоор өсвөрийн насны 30-40 тамирчид тогтмол бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Мөн багш нар маань бүх насныханд зориулсан анхан шатны сургалт явуулж ирээдүйтэй тамирчдыг сонгон шалгаруулж авдаг.

Дараа жил Хятадад усанд сэлэлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. Тэр тэмцээнд финалд үлдэх зорилгыг өөртөө тавьсан.

Цаашлаад ирэх 2024 оны Парисын олимпод эгчтэйгээ амжилттай оролцож, эх орныхоо төрийн далбааг мандуулах том хүсэл, мөрөөдөлтэй.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж