Монгол, Хятадын хилийн Замын-Үүд, Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдөр нээхээр болсныг Гадаад харилцааны яамнаас өчигдөр /2023.01.04/ мэдээлсэн. Эхний ээлжид өдөрт 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлэх аж. Үүний дараагаас нь хоногт 500-1000 болгон зорчигчийн тоог нэмэгдүүлнэ гэж албаныхан мэдээлсэн. Эрээн хотын хил нээгдэхтэй холбоотойгоор “Найман шарга” худалдааны төвөөр юань хайсан иргэдийн хөл хөдөлгөөн ихэсчээ.
“Найман шарга” валют арилжааны төвийн гадуур юань хайн, валют сураглан холхилдох хүн цөөнгүй таарлаа. Харин арилжааны төвийн үүдээр ороход иргэд урт дараалал үүсгэн зогсч байв. Энэ дунд цар тахлын улмаас багагүй хугацаанд урд хөрш рүү яваагүй наймаачид ч байлаа.
Тэд эртхэн юань солиулж, урд хөрш рүү бараанд явахдаа бэлдэж буй нь энэ аж. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард “Найман шарга" валют арилжааны төвийн юанийн ханш 470 төгрөг байсан бол хил нээх болсон гэх мэдээлэл цацагдсанаас хойш 504 төгрөг болж өсчээ. Мөн иргэдийн эрэлт ихсэхийн хэрээр юанийн нийлүүлэлт багасжээ.
ЮАНИЙН ХАНШ 34 ТӨГРӨГӨӨР ӨСЧ, ХОМСДОЛ ҮҮСЧЭЭ
“Creat capital” банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Б.Энхтөр “БНХАУ-ын хил нээгдэх сургаар иргэд олноор юанийн эрэлд гарснаар хомсдол үүсч, үнэ өссөн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр юань 470 төгрөгөөр борлуулагдаж гүйлгээ хэвийн байсан бол Эрээний хил нээх сургаар буюу арванхоёрдугаар сарын сүүлээр 497 болж өссөн. Харин /2023.01.03/ ны өдрийн байдлаар юань 502 төгрөг байсан бол өчигдөр гэхэд хомсдол үүсч, 504 төгрөг болж өсөөд байна. Мөн цаашид ч эрэлт их байгаа тул өсөх хандлагатай байгаа” гэв.
Ченжүүд иргэдэд тодорхой хязгаарлалттайгаар юань зарж байлаа.
“ЧЕНЖҮҮД ЗОХИОМОЛ ХОМСДОЛ БИЙ БОЛГОЖ БАЙНА”
Гурван жил шахам Хятад яваагүй, нөгөө талаар сар гаруйн дараа цагаан сар болох тулд монголчууд Эрээн нээгдэх өдрийг тэсэн ядан хүлээж байна. Гэвч хүссэн болгон Эрээн гарчихгүй. Эхлээд 48 цагийн өмнө covid-19-ийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн асуумж бөглөж, Хятадын хилийг нэвтэрнэ.
Хувиараа бизнес эрхлэгч Б.Оргилмөнх “Бидний зүгээс хил нээж байгаад баяртай байна.
Харин юанийн ханш ихээр өсөж байгаа нь зөвхөн наймаачдад дарамт болохгүй. Харин эсрэгээрээ хэдэн амиа хичээсэн өнөө маргаашаа бодсон арилжаачдын мунхаг санаанаас бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх талтай.
Хэдийгээр цалингийн доод хэмжээ нэмэгдсэн ч барааны үнэ өсөөд буцаад л өмнөх үетэй адил болно. Хил гааль нээгдэх сургаар юань худалдан авах иргэд их байгаа ч одоогоор хомсдол үүсгэх хэмжээнд хүрээгүй. Бодит дүр зургаараа бол валютын ченжүүд нөхцөл байдлыг ашиглан зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөргөдөл үүсгэж байна” гэлээ.
“АРИЛЖААНЫ ХАНШАА ТОГТВОРТОЙ БАРИХ ХЭРЭГТЭЙ” ГЭВ
Иргэн М.Энхгэрэл “Хил нээгдсэн нь сайшаалтай санагдаж байна. Үүнийг дагаад юанийн ханш өсч байгаа нь үнийн хөөрөгдөлтийг улам нэмэх шалтгаан юм. Удахгүй наймаачид сар шинийн баярт зориулсан бараагаар лангуугаа дүүргэнэ. Бид ч нэгнээ дуурайж байдгаа барж үнэтэй зүйлсийг нь худалдан авна.
Тэгээд баяр дуусч, үнийн хөөрөгдөлтэй нийгэмд өрөө нэмсэн хүмүүсийн амьдрал үргэлжилнэ. Тиймээс валютын ханшаа тогтвортой барих тал дээр анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Ийнхүү Эрээний нээгдэх сургаар Монголын эдийн засаг хөл хөдөлгөөнд орж эхэллээ.
Б.НАРАНГОО
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ