Украинчууд дайны өмнө ба дараа

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Украинчууд дайны өмнө ба дараа

Украинчууд дайны өмнө ба дараа

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард дайн эхлүүлсэн гол шалтгаануудын нэг нь Украиныг баруун тийш тэлэхээс сэргийлэх байв. Хэдийгээр энэ дайны цаана олон хүчин зүйл байгаа ч Украин улс НАТО-той цэргийн хамтын ажиллагаагаа нягтруулж, эцэст нь тус холбоонд нэгдэх вий гэсэн Путины айдас эртнээс илэрсээр ирсэн. Тэгэхээр Путины нэрлэснээр “цэргийн тусгай ажиллагаа” энэ нэгдлийг замаас нь зогсоох зорилготой байлаа.

Гэтэл 11 дэх сардаа үргэлжилж буй цуст дайн эсрэг үр дүн үзүүлэв. Өдгөө Украин улсад НАТО-ийн батлан хамгаалахын тусламж өмнөхөөсөө ч илүү их хүрч байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжөөс эхлээд сургалт, дэвшилтэт зэвсэг гэх мэтчилэн зөвхөн АНУ-ын талаас л гэхэд 20 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлжээ.

Дайны эхэн үед Украины засгийн газрыг унагааж чадаагүй нь Оросын стратегийн томоохон алдаа гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. Путины алдаа бол Украины ард түмний дундах Оросыг дэмжигчидийн цар хүрээг хэт өндрөөр үнэлж, үндэсний өвөрмөц байдлыг нь дутуу үнэлсэн явдал юм. Энэ дайн эгэл жирийн украин иргэдийн НАТО-д хандах хандлагад хэрхэн нөлөөлснийг энэхүү нийтлэлээр онцолж байна.

Украин иргэдээс дайны өмнө болон дараа авсан судалгааны дүнг харьцуулбал, тэд өмнө нь өөрсдийн ирээдүйгээ харьцангуй Оростой холбож ойлгодог байжээ. Гэтэл өдгөө украинчууд баруунш чиглэсэн хандлагатай болсон байна. Тэр дундаа НАТО-д гишүүнээр элсэхийг дэмжих хандлага урьд өмнө байгаагүйгээр өсчээ.

Өмнө нь тэд төвийг сахихыг эрхэмлэдэг байсан. Ялангуяа энэ хандлага залуучуудын дунд түлхүү ажиглагдаж байна.

Гэхдээ ОХУ-ын засгийн газар Украины иргэдэд чиглэсэн зөөлөн хүчний бодлого ашиглаж байсан гэдгийг энд санах хэрэгтэй. Тодруулбал, Оросын талыг баримтлагч олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевиз, сүм хийд гэх мэтээр дамжуулан украин иргэдийг Оросын нэг хэсэг гэдэгт итгүүлдэг байв.

“The conversation” цахим хуудас 2019-2020 оны хооронд Оросын хилтэй ойр мужуудад ажиллаж, амьдардаг украин иргэдийн дунд санал асуулга явуулж байжээ. Тус судалгааны төслийг 2017 онд анх боловсруулж байхдаа геополитикийн өөрчлөлт цаг хугацааны явцад хүмүүсийн үзэл бодолд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлохын тулд хоёр үе шаттай судалгаа явуулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу 2019 оны арванхоёрдугаар сард анхны судалгааг АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангийн санхүүжилтээр хийжээ. Харин 2022 оны аравдугаар сард хоёр дахь судалгааг Норвегийн судалгааны зөвлөлийн санхүүжилтээр хийсэн байна. Энэ үед дайн хэдийнэ эхэлсэн байсан тул судалгааг нүүр тулж бус утсаар хийсэн. Ингэхдээ 2019 онд ярилцсан хүмүүсийнхээ 20 орчим хувьтай нь дахин ярилцаж чадсан аж. 2022 онд ерөнхийдөө санамсаргүй түүврийн арга ашиглаж судалгаагаа хийсэн байна.

Олон нийтийн санаа бодлыг цуглуулах нь зөрчилдөөнтэй орчинд тун амаргүй. Хэдийгээр энэ судалгаа дайны талаар олон нийтийн санаа бодлын ялгаатай байдлыг харуулах ч болгоомжтой хандах шаардлагатай хүчин зүйлс ч бий. Нэгдүгээрт, бид дайнаас өмнө судалгаа хийсэн хүмүүсийнхээ ердөө 20-хон хувьтай дахин холбогдож чадсан тул үлдсэн 80 хувийн санаа бодол тодорхойгүй. Эдгээр 80 хувь нь магадгүй Украинаас хэдийнэ дүрвэсэн байж болох юм. Түүнчлэн 2019 онд судалгаанд хамрагдсан олон хүн дайнд гар бие оролцож байж болзошгүй тул 2022 оны судалгаанд оролцож чадаагүй. Тиймээс судалгаанд хамрагдсан хүмүүс нь дайны нөлөөлөлд харьцангуй бага өртсөн бага хүмүүс гэсэн үг юм. Мэдээж тэд фронтод тулалдаж буй хүмүүсээс бага ч болов ялгаатай үзэл бодолтой байгаа.

Хоёрдугаарт, дайны үед эх оронч сэтгэлгээгээ илэрхийлэх хүсэл хүн бүхэнд хүчтэй төрдөг учраас энэ үеийн хүмүүсийн үзэл бодлыг шууд хүлээж авахаас зайлсхийх хэрэгтэй аж.

Судалгаанаас харахад ОХУ-ын түрэмгийлэл украинчуудыг баруун руу чиглэхэд түлхэц болсон. 18-30 насныхны 47 орчим хувь нь Украиныг баруунтай нэгдэх ёстой гэж үзэж байгаа бол ердөө гурван хувь нь Оростой нэгдэх ёстой гэж үзэж байна. Харин НАТО-ийн тухайд 2019 онд судалгаанд оролцогчдын 44 хувь нь эвсэлд нэгдэхийг дэмжиж байжээ. Тэгвэл энэ тоо дайн эхлээд найман сар өнгөрөхөд 77 хувь болж өссөн байна.

Төвийг сахиж, НАТО-д элсэхгүй байх зөв үү гэсэн асуултад 18-30 насныхны 70 гаруй хувь нь санал нийлэхгүй байна гэж хариулжээ. Залуучууд төвийг сахихын эсрэг болжээ. Дайнаас өмнө тэдний ихэнх нь төвийг сахиж, НАТО-д эргэлзлсэн байр суурьтай байсан ч Путины түрэмгийлэл тэдний санаа бодлыг эргүүлж чадсан байна.

ОХУ 2014 онд Крымийн хойгийг хууль бусаар өөртөө нэгтгэж, Украины зүүн хэсгийг тогтворгүйтүүлснээс хойш НАТО тус улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн дэмжих хатуу байр суурийг баримталж буй. Тэд Крымийг хууль бусаар нэгтгэсэн явдлыг эрс буруушааж, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.

Украин улс өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд НАТО-д элсэх хүсэлтээ илгээсэн. Энэ хүсэлтийг бүх 30 холбоотны зөвшилцлийн дүнд зөвшөөрдөг бөгөөд багагүй цаг хугацаа зарцуулах үйл явц юм.

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг арваннэгдүгээр сард Украины төлөөх эвслийн амлалтыг дахин нотолж, “Дайнд нэрвэгдсэн улс хэзээ нэгэн цагт дэлхийн аюулгүй байдлын хамгийн том байгууллагын гишүүн болно” гэж мэдэгдсэн. “НАТО-ийн хаалга нээлттэй. Орос улс бусад орныг НАТО-д нэгдэн ороход хориг тавих эрхгүй” гэж тэр хэлжээ. Гэвч чухамдаа Йенс Столтенберг аль эрт 2008 онд мөн л энэ үгээ хэлж байсан нь сонирхолтой. Тухайн үед Столтенберг Украин, Гүрж улсууд хэзээ нэгэн цагт эвсэлд нэгдэнэ гэж амлаж байжээ.

Финланд, Швед улсууд ч бас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард НАТО-д нэгдэх өргөдлөө өгсөн. Тиймээс Скандинавын хөршүүдийг ОХУ онилж магадгүй гэж НАТО болгоомжилж буй.

Эх сурвалж: THE CONVERSATION, NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж