Ардчилсан намын "Эв нэгдэл" зөвлөгөөн өнөөдөр/2022.01.04/ боллоо.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ардчилсан нам шиг ийм намыг унагааж доройтуулахад хэдхэн жил хэрэгтэй байдаг юм байна. Бидэнд асар том сургамж авсан үйл явц боллоо. Энэ бол зөвхөн намын асуудал биш. Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний эрх чөлөөний асуудал. Бүгдээрээ нэг зүг рүү харж, ноогдсон ажил, үүрэг хариуцлагаа хүлээж ажиллъя гэдэг дээр санаа сэтгэл бүрэн нийлж байгаад баяртай байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Оны өмнөхөн бид бүхэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нийт гишүүдийн олонх Ардчилсан намын өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, гарц гаргалгааг олох ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь намайг томилсон. Ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа хойш оны өмнө хоёр удаагийн хурлыг хийж, оны дараа гурав дахь хурлаа хийн дэд ажлын хэсгүүдийг гаргасан. Ингэж өнөөдөр Ардчилсан намын оюун санаа болсон, удирдах дээд байгууллага болсон үндэсний бодлогын хорооныхоо нийт гишүүдийн санаа бодлыг бүрэн сонсъё гэсэн шийдвэрийг гаргасан. Ардчилсан намын болж, болохгүй байгаа зүйлийг бүгд мэдэж байгаа. Тамгатай, тамгагүй цаас, цахим гэхчлэн давхардсан тоогоор 400 гаруй бодлогын хорооны гишүүд бий. Энэ удаагийн зөвлөгөөнд 215 хүн өөрийн биеэр ирлээ. Хоёр хоногийн өмнө шийдвэр гарсан учир орон нутагт байгаа гишүүд цаг нь тулаад ирж чадсангүй. Гэхдээ бүгдийг сонссон гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ дараагийн үйл ажиллагаанд оролцоно. Ирсэн 215 үндэсний бодлогын хорооны гишүүдийн 30 орчим нь бараг давхардахгүйгээр олон саналуудыг хэлсэн. Хэлж байгаа санал дотор энэ сарын 10-ны дотор үндэсний бодлогын хорооны хурлыг яаралтай зарлан хуралдуулъя гэдэг дээр 100 хувь санал нэгдлээ. Энэ хурлаар бүхий л болж байгаа зүйлээ сайтар ярилцаж, шаардлагатай гэвэл намын дүрэм, журмаа дахин шинэчлэх, илүү боломжуудыг суулгаад цаашлаад намын их хурлаа зарлах, олонхын саналаар дэмжлэг авсан хүмүүсээ намын гүйцэтгэх удирдлагад дэвшүүлж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх. Ингэснээр хүчинтэй, хүчингүй гээд янз бүрийн асуудлаас салж, нэг болно.
Холбоотой мэдээ