Дуучин Адель өнгөрсөн амралтын өдөр Лас Вегас хотноо тоглолт хийх үеэр шүтэн бишрэгчидтэйгээ зовлонгоо хуваалцахаас өөр аргагүйд хүрчээ. Тэрбээр тайзны нэг талаас нөгөө рүү алхахдаа цугласан олонд хандан, нурууны өвчнөөр өвдсөний улмаас алхаж гишгэхэд хүндрэлтэй байгаа талаар мэдэгдсэн байна.
Адель мэдрэлийн ёзоорын үрэвсэл (радикулит)-тэйгээ хэлжээ. Үндэсний эрүүл мэндийн алба (NHS)-ны мэдээлснээр, радикулит нь хүний багана нурууны нугалмуудын завсраар нугаснаас салаалан гарсан хос мэдрэлийн судлуудын зарим нь ямар нэг шалтгааны улмаас цочирсны улмаас өвдөлт өгч, мэдрэхүй өөрчлөгдөж илэрдэг өвчин аж. Өөрөөр хэлбэл, нурууны доод хэсгээс эхлэн гуя, өвдөг, өсгий, тавхай хүртэл даган байрладаг мэдрэл дарагдсанаар нуруу, гуяны хойд хэсэгт хүчтэй өвдөлт мэдрэгддэг байна. Хөдлөх, найтаах, ханиах үед шинж тэмдгүүд нь улам хурц илрэх магадалтай аж.
Энэ нь Аделийн хувьд нурууны өвчнөөр өвчилсөн анхны тохиолдол биш аж. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард нурууны дискээ гэмтээж байжээ. Нэгэн өдөр угаалгын өрөөнөөсөө гарч ирэхэд нь 8 настай Анжело хүү нь түүнийг цочоосон байна. Энэ үед тэрбээр нуруугаа гэмтээсэн аж.
Тэрбээр өнгөрсөн жил “The Face” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би амьдралынхаа тэн хагаст нурууны өвчнөөр өвдсөн. Энэ нь ихэвчлэн стресс бухимдлаас болж даамжирдаг” гэж ярьжээ. Дуучин бүсгүй багагүй хугацаанд нуруундаа эмчилгээ хийлгэсэн байна. Адель 15 настайдаа найтаахдаа нурууны диск (нурууны нугалам хоорондын зөөлөн эд)-ээ анх “мулталсан” талаараа ярьжээ.
Эх сурвалж: YAHOO, COSMOPOLITAN
Холбоотой мэдээ