Энэтхэгт аялж явсан Оросын хоёр саятан арванхоёрдугаар сарын сүүлээр хоорондоо хоёрхон хоногийн зайтай, нэг ижил зочид буудалд нас барсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Владимир Буданов, Павел Антов нар Одиша муж дахь “Sai international” буудалд учир битүүлгээр нас барцгаасан билээ. Павел Антовыг архи эсвэл хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж цонхоор санамсаргүй унасан байж магадгүй гэж бүс нутгийн цагдаагийн дарга хэлжээ. Харин Владимир Будановыг зүрхний шигдээсээр нас барсан гэж таамаглаж байна. Тэдний цогцсыг нас барснаас нь хойш хоёр хоногийн дараа чандарласан.
Тэгвэл өнөө өглөө мөн Энэтхэгийн Одиша мужид Оросын гурав дахь иргэн учир битүүлгээр нас барлаа. 51 настай Сергей Миляков орон нутгийн цагаар үүрийн 04:30-д Жагацинпур хотын Парадип боомтод бэхлэгдсэн хөлөг онгоц дотроо нас барсан байв. Миляков нь Бангладешаас Мумбай руу аялдаг “MB Aldnah” хөлгийн ерөнхий инженер аж. Үхлийн шалтгаан хараахан тодроогүй бөгөөд мөрдөн байцаалт явагдаж байна.
Түүнчлэн Оросын өөр нэг иргэн Энэтхэгийн Бубанесвар хотоос алга болов. ОХУ-ын иргэн Эндрю Глаголев нь өөрийгөө Украин дахь дайны эсрэг тэмцэгч гэж зарласан. Түүний визний хугацаа дууссан бөгөөд НҮБ-д хандаж, Энэтхэгт орогнол хүсээд байжээ.
Ийнхүү 14 хүрэхгүй хоногийн дотор Оросын гурван иргэн Энэтхэгт нас барж, нэг иргэн алга болоод байгааг “India times” хуудас мэдээллээ.
Эх сурвалж: INDIA TIMES
Холбоотой мэдээ