Утаа өтгөрсөн, улстөрчид баяжсан нь ЯГ ТЭНЦЭНЭ!

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Утаа өтгөрсөн, улстөрчид баяжсан нь ЯГ ТЭНЦЭНЭ!

Утаа өтгөрсөн, улстөрчид баяжсан нь ЯГ ТЭНЦЭНЭ!

Өвөл болохоор хүйтэн болдог. Хүйтэн болохоор галаа түлдэг. Галаа түлэхээрээ Улаанбаатарчууд утаагаа тойрон хэрэлддэг. Гэвч утаа нь буурсангүй, улам өтгөрсөөр. Утаа өтгөрөх тусам улстөрчдийн халаас зузаарсаар. Товчхондоо, утаа улстөрчдийн мөнгө олох арга зам, амьдрах “бизнес” нь болсон. Тиймээс утаа буурахгүй,  бүү горьд.  Утаатай тэмцэнэ гэдэг нь угтаа мөнгө тоншино л гэсэн үг.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “Утаа Зайсанд хүртэл үнэртдэг болсон” нь нэг талаасаа үнэн. Нөгөө талаасаа Зайсангийнхан утаа “үнэртэнгүүт” үр хүүхдээ аваад халуун, дулаан оронд өвөлждөг. Харамсалтай нь, энгийн иргэд утаан дундаа амьдардаг. Тэр тусмаа Баянхошуу, Толгойт, Зурагтынхан угаараар амьсгалдаг гэхэд худлаа гүтгэсэн болохгүй.

Уг нь утааг арилгах боломж, мөнгө нь ч  Монголд, монголчуудад байсан. Харамсалтай нь, улстөрчид нь улсаа тоносноос болж иргэд нь угаарандаа хордож үхэхдээ тулжээ. "Утааг ялав" гээд сонгуулийн өмнө пиардаад байсан НИХТ-ийн дарга Ж.Батбаясгалангаас утаа улам өтгөрсний шалтгааныг асуухад буруудахгүй биз.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах нэрээр нэг их наяд шахуу мөнгө улстөрчдийн гараар “урсаад” өнгөрсөн байдаг. Иймээс эрх баригчид утаатай бодитоор тэмцэх дургүй. Утаа алга болбол улстөрчдийн мөнгө байхгүй болчих учраас.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх дулааны цахилгаан станцуудаас гарч байгаа утаа болон сайжруулсан шахмал түлш Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлөөгүй болохыг “баталжээ”.  Атал Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны албаны дарга Б.Алтанзул нь сайжруулсан түлшний хүхрийн хэмжээ буураагүй, түлшний дутуу шаталтаас болж маш их агаарын тоосонцор бий болгож байна гэжээ. Үнэндээ сохор хүн ч Улаанбаатарын утаа  улам өтгөрснийг батлан хэлж чадна. Н.Тавинбэх дарга ямар нүдээрээ харахаараа утаа "өтгөрөөгүй" болохыг батлаад байгаа нь хачирхалтай.

Улаанбаатарт 400 мянга гаруй өрх бий. Үүний тал нь гэр хороололд амьдардаг. Тиймээс агаарын бохирдлын хамгийн гол үүсвэр нь 198 мянган яндан. Яндангаа цөөлөх байтал эсрэгээрээ “хөөлөх” нэрээр чамгүй мөнгө төсвөөс идсэн.  Жишээ нь, 200 ам.долларын үнэтэй шүүлтүүрийг 100 мянга гаруй айлын янданд суурилуулахад 54 тэрбумыг зарцуулсан байдаг.

Монголын үе, үеийн Засгийн газар нэг амаараа утаатай тэмцэхээ амлаж, нөгөө гараараа утаа үйлдвэрлэх шийдвэр гаргасаар ирсэн байдаг. Тухайлбал,  У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлын үед айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүч, ус дулааныг даах шийдвэрийг гаргахдаа  шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж, 937 төгрөг болгосноор Улаанбаатарын утаа буурах биш эсрэгээрээ улам өтгөрсөн байдаг.

Айл өрх, албан газруудыг цахилгааныг “Эрдэнэт” даасан бол сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийг зөрүүг “Эрдэнэс Тавантолгой” гаргасан.  Эндээс дараагийн том хулгай, луйвар илэрч мэднэ. Мөнгө мөрөө үлдээдэг, хулгай хар мөртэй гэвэл.  Үнэгүй бяслаг “хавханд” байдаг гэгчээр айл өрх, албан газруудын цахилгаан, дулаан, түлшийг төр даах нэрээр дарга нарын халаасанд хэчнээн тэрбум төгрөг орсныг хэлэхэд хэцүү.

Ямар ч байсан "Тавантолгой түлш" компанид “Эрдэнэс Тавантолгой” компаниас  таван жилийн хугацаанд 800 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Эндээс харахад иргэд бид өөрсдөө ч утаа өтгөрөхөд, улстөрчид хулгай хийхэд буруутай юм.  Монголчуудын үнэгүй юм, хүний юманд дуртай занг ашиглаад тэд хулгай, луйвраа амжуулдаг, хийдэг. Ядаж л улстөрчдийн гаргаж байгаа популист шийдвэр эргээд бидний эрүүл мэнд, эдийн засгийг хорлож, хулгайлж байгааг бодолцох ёстой. Үнэдээ зун нь саналаа худалдвал өвөл нь утаатайгаа амьдрахаас ч яах билээ.  Дээр эрчим хүчний төслүүдээ гацааж, нураагаад байвал утаа, угаартаа хордож үхэхээс өөр сонголт байхгүй гэсэн үг.   Тэр тусмаа утаатай тэмцэнэ гэсэн улстөрчдийн үгэнд итгэх бүр хэрэггүй. Иргэд нь ажилтай орлогтой, мөнгөтэй болсон цагт утаа гаргадаг нь цөөрнө. Хүрээний бузрыг дэлгэвэл далай гэдэг.  Утааг ухвал хулгай, луйвар нь жинхэнээсээ далай цаашаа болох биз.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж