Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж байгаатай холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2023.01.04/ мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны хөрш орнуудын газрын захирал Р.АЛТАНГЭРЭЛ:
-Замын-Үүд-Эрээний хилийг нээх гэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зохицуулалтууд гарсан. Тодруулбал, Хятад улсын цар тахлын хорио цээрийн дэглэм бууруулсантай холбоотой олон улсын хилийн боомтын хөдөлгөөнийг сэргээж байгаа. Ингэснээр сүүлийн гурван жил зогсоод байсан зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа юм.
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг ирэх Ням гаригийн 08:00 цагаас нээнэ.
Хятад руу зорчих иргэдэд мөн тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Үүнд:
- Зорчихоос 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх /сөрөг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй/
- Хятад руу зорчих мэдүүлгийг цаасан болон цахим хэлбэрээр заавал бөглөх зэрэг үндсэн шаардлагыг тавьж байгаа.
Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлнэ. Дараагаас нь 500-1000 зорчигч болгож тоог нэмэгдүүлнэ. Мөн Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадаас ирэх иргэдийг хүлээж аваагүй учир нөхцөл байдал бүрэн хангагдаагүй. Гэхдээ Монгол Улсаас нэвтэрч очих иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэрс болон үнийн саналыг өгсөн. Түүнчлэн ирэх 8-наас найман хүнээс доош суудалтай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд цаашид энэ тоог нэмнэ. Хуучин явж байсан ГАЗ469 маркийн машиныг хил хоорондын зорчигч тээвэрлэх хэрэгсэл болгохгүй гэдгийг мөн мэдэгдээд байна.
Харин Хятадаас Монгол руу зорчих иргэдийн тухайд одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу нэвтэрнэ.
Ачаа тээврийн хувьд өдөрт урд хилээр 100 машин нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Чингэлэг болон задгай тээврээр ачаа тээвэрлэх боломжтой. Тээврийн хэрэгслийн мэдээлэл болон хилээр нэвтрэх цагийг тодорхой илгээвэл цаашид тээврийн хэрэгслийн тоо өсөх боломжтой.
ХЯТАДААС СЭЖИГТЭЙ ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ХҮН ИРВЭЛ ТУСГААРЛАХГҮЙГЭЭР НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ
ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.БОЛД:
-Монгол-Оросын боомтуудаар иргэд зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Үүнтэй адил Хятадаас ирэх иргэд эрүүл мэндийн асуумжаа бөглөөд орж ирнэ. Дээрээс нь сануулахад Засгийн газрын 2022 оны 66, 67 дугаар тогтоолын дагуу цар тахлын хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Энэ шийдвэртэй холбогдуулан Монгол улс агаарын болон автозамын боомтуудаар нэвтрэх иргэдийг ямар нэгэн хязгаарлалтгүй хүлээж авах болсон. Ингэснээр эдийн засаг сэргэхэд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байгаа.
Мэдээж цар тахлын тархалт өндөр байсан хугацаанд хатуу хөл хорио тогтоож, тусгаарлалт хязгаарлалт хийж байсан. Харин одоо эдгээр бүх хориг цуцлагдсан.
Тиймээс хил дээр ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүнийг шууд тусгаарлахгүйгээр нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулна.
ЭРЭЭН РҮҮ ГАРАХ ХҮН БҮР ХЯТАДЫН ХОРИО ЦЭЭРИЙН АППЛИКЕЙШНИЙГ БӨГЛӨНӨ
Эрээн рүү гарах хүн бүр Хятадын хорио цээрийн аппликейшнийг бөглөх шаардлагыг урд хөршөөс тавьсан. Энэ нь эрүүл мэндийн асуумжтай адилхан. Үүнийг цаасан эсвэл цахим хэлбэрээр хил нэвтрэх хүн бүр бөглөнө гэдгийг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.
Холбоотой мэдээ