Төлөөлөл хангаагүй Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах уу?

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Төлөөлөл хангаагүй Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах уу?

Төлөөлөл хангаагүй Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах уу?

Оны өмнөх улс төрийн халуухан нөхцөл байдлыг дарах гэж улстөрчдийн зүгээс нэгэн алхам хийх болсноо зарласан нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгараад байгаа асуудлыг иргэдийн туслалцаатай тодорхойлох зорилгоор улсын хэмжээнд зөвлөлдөх санал асуулга хийх шийдвэр гаргалаа гэсэн билээ. Хэдийгээр асуудлыг намжаах гэж тэгж байна гэж бодогсод байсан ч бас ард олныхоо төлөөллийг оролцуулж асуудлаа шийдэх нь гэж итгэгсэд ч бас байсан юм. Гэхдээ өчигдөр УИХ-ын Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдааны шийдвэрийг харахад аргацааж, нүд хуурах гэсэн арга хэмжээ байжээ гэж харагдаж байна.

УИХ өөрөө төлөөллийн байгууллага. Зөвлөлдөх санал асуулгаа иргэдийнхээ туслалцаатай тодорхойлно гэж байгаа ч төлөөллийг огтхон ч хангаагүй нь тодорсон 11 нэрсээс харагдаж байна.

Үнэхээр Монголын нийгэмд, эдийн засгийн амьдралд тулгамдаад байгаа асуудлыг тодорхойлох гэж байгаа бол нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэгш хангах учиртай. Бүр наад зах нь хүйсийн тэгш байдлыг хангах ёстой. Гэтэл зөвлөлд нэр нь тодорсон 11 хүн бүгд нэг хүйсийн хүмүүс байна. Хүн амын 51 хувийг бүрдүүлэгч эмэгтэйчүүдийн төлөөллөөс нэг ч алга. Үнэхээр харамсалтай.  Төлөөллийн байгууллага нь төлөөлөл огт хангаагүй ийм шалгуурыг хийнэ гэдэг үнэхээр чадамжгүй болсноо баталж байна.  Төлөөллийг хангана гэж хүйсээс гадна насны бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмзэг бүлэг, үндэсний цөөнх гээд бүхий л талуудын оролцоог хангах тухай ярьдаг болохоос ингэж дүр эсгэж зөвлөл байгуулахыг хэлдэггүй.

УИХ болоод Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар яаж ажиллаад байгаа юм бэ?

Зөвлөлдөх хорооны гишүүдийг шалгаруулах журамдаа хүйсийн тэгш оролцоог хангахын тулд ямар зүйл заалт тусгасан байсан болов уу. Тэгш оролцоог хангах, хүний эрхийн мэдрэмж тэр шалгаруулсан гишүүдэд өчүүхэн ч байсангүй. Зүй нь нэр дэвшигчдээс шалгаруулахдаа нэг хүйсийн давамгай байдал 50 хувиас давж болохгүй гэдгийг заагаад өгчих ёстой байлаа. Гэтэл 11 хүн дотор нэг ч эмэгтэй байсангүй. Насны бүлгүүдийн хувьд ч харамсалтай дүр зураг харагдаж байна. 11 хүний 5 нь 65-77 насных байна. Өнөөх жагсч, ирээдүйнхээ төлөө тэмцэж байсан залуусын төлөөлөл ганц ч алга. Зөвлөлд нэр дэвшигчдийн дундаж нас 55 гэхээр хэт туйлширсан шалгаруулалт болжээ. Хуульчдын холбоо, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Аж үйлдвэрийн танхим гээд байдаг л өнөөх хэдээс төлөөлөл орсон болохоос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нэг ч харагдахгүй байна. Төлөөллийн тухай ярьж байгаа бол үндэсний цөөнх, нийгмийн эмзэг бүлгийнхний байр суурийг ч хангаж байж бид өнөөдрийн нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлаа цогцоор нь тодорхойлж чадна. УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр энэ 11 хүн санал асуулгын сэдвийг  боловсруулж, УИХ-д оруулж батлуулах бөгөөд батлаагүй сэдвээр санал асуулга явуулахгүй гэж байгаа юм. Тэгвэл энэ 11 хүний бүрэлдэхүүнийг харахад төлөөллийн тэгш оролцоо хангагдаагүй байгаа тул асуудлыг шийдэх ямар ч бололцоо харагдахгүй байна. Тов ёсоор Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ нэрсийг өнөөдөр баталж, маргааш чуулганаар оруулах гэж байгаа билээ.

                                                    Б. ДОЛГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж