Covid-19 цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засаг хямарч, Орос, Украины мөргөлдөөн даамжирч, Европ дахь эрчим хүчний хангамжийн хямрал дэлхийн хэмжээнд инфляцийн түвшинг огцом өсгөж буй. Олон улсын экспертүүдийн дүгнэж буйгаар, 2023 он дэлхийн эдийн засгийн хувьд хамгийн муу жил болж, маш хүчтэй шуурга дэгдэх мэдээлэл бий. Энэ нь Монгол Улсын эдийн засагт ч тодорхой нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм. Энэ талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.
"ЗАСГИЙН ГАЗАР ЗӨӨЛӨН БОДЛОГО ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ"
Бизнесийн ухааны доктор, эрх зүйч Б.ЛХАГВАЖАВ:
-Энэ онд дэлхийн эдийн засаг улам хүндэрнэ гэж ОУВС-гийн тэргүүн мэдээлсэн. Монгол Улсын хувьд 2023 онд эдийн засгийн төлөв байдал ямар байхаар байна вэ?
-Монголд хүндрэл мөн адил тусна. Сүүлийн хоёр жилд Covid-ийн хуулиар 8 их наядын алдагдал баталсан. Энэ нь мөнгөний уналтаар илэрч байна. Дээр нь 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Татвар төлөгч компаниуд сүүлийн гурван жилд санхүүгийн нөөцөө нэлээн шавхсан, нөөц багатай байна.
-Хил гааль, геополитикийн асуудал гээд олон хүчин зүйл эдийн засагт нөлөөлөх нь тодорхой байна. Бид энэ хүнд үед юун дээр илүү анхаарах ёстой гэж та бодож байна вэ?
-Засгийн газар зөөлөн бодлого явуулах хэрэгтэй. Ялангуяа энэ гурван жилийн хүндрэлийг давсан аж ахуйн нэгжүүддээ Covid-ийн өршөөл яагаад үзүүлж болохгүй байгаа юм бэ. Одоо аж ахуйн нэгж, иргэдийн чөлөөт зах зээл дээр ажиллах идэвх сэргэсэн. Тэр сэргэлтээр л давж гарна шүү дээ. Ганц засаг бүгдийг зохицуулж хийнэ гэж байхгүй л дээ.
–Энэ сарын эхний өдрөөс иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Энэ нь эдийн засаг хямралтай үед иргэдэд хүндхэн тусах болов уу?
-Ипотекийн зээл төлөх ёстой. Өөр арга байхгүй. Хоёр жил хойшилсон. Ирээдүйд төлөх мөнгө нь л хойшилж байна гэсэн үг. Энэ хооронд ажлын байр алдах, орлогын эх үүсвэргүй болох асуудал үүснэ. Төлөлт хийгдэж байж дараагийн ипотекийн зээл авах хүмүүстээ бололцоо олгоно шүү дээ. Тэр нь байхгүй бол завсарлана гэсэн үг.
-Иргэдийн гурав дахь орон сууцнаас албан татвар авах болсон талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Үл хөдлөх хөрөнгийн татвар уу? Нэгэнт хуулиар баталсан, одоо бүгд салгаад, нэг байртай болж байгаа байлгүй.
-Далд эдийн засгийг ил болгох зорилготой гэж ойлгосон. Та санал нэг байна уу?
-Үл хөдлөх хөрөнгөөс тэртэй тэргүй татвар авна. Нэгд, үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татвар гэдэг чинь өндөр шүү дээ. Хоёрт, үл хөдлөх хөрөнгөөс элэгдэлд, хорогдол тооцдоггүй. Аж ахуйн нэгжүүдэд тооцоод байдаг. Иймэрхүү ялгавартай зүйлүүд бий.
“ХЯТАДЫН ЭКСПОРТ БУУРСНЫ СӨРӨГ НӨЛӨӨ МОНГОЛД ИЛЭРНЭ”
Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:
-Монгол Улсын эдийн засаг 2023 онд ямар төлөвтэй байхаар байна вэ?
-Орос-Украины дайнаас шалтгаалан тодорхойгүй байдал, эрсдэл асар өндөр хэвээр байна. Дэлхий даяар өр өсч, инфляци дорвитой буурахгүй байна. Ийм учраас ихэнх судалгааны байгууллагууд энэ оны эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулж байна. Манайх шиг хөгжиж буй улсуудын хувьд байдал бүр ч хүнд байх болно. Учир нь дэлхийн хөрөнгө оруулалтын урсгал эргээд хөгжингүй том гүрнүүд рүү урсаад эхэлсэн байна. Хятадын хувьд бас л асар их эрсдэлтэй жил эхэлж байна. Хэдий ковидын хатуу хөл хориогоо сулруулсан нь эдийн засгийн идэвхжилийг нь сэргээж болох ч эрүүл мэндийн салбар нь хүнд цохилтод орж болзошгүй. Эрүүл мэндийн салбарт нь том шок үүсвэл энэ нь эргээд эдийн засгийг нь унагах хүчин зүйл болно. Хятадад өрхийн өр, залуусын ажилгүйдэл гэрлийн хурдаар өсч байна.
-Энэ нь мэдээж нийгмийн бухимдлыг өдөөж, манай улсад тодорхой хэмжээгээр нөлөөлөх болов уу?
-Тийм ээ. Хятад улс ард түмний бухимдлыг дарахын тулд геополитикийн гэнэтийн алхам хийж болзошгүй. Жишээлбэл, Тайвань руу халдан довтлох замаар иргэдийнхээ эх оронч сэтгэлийг хөөрөгдөж болно. Энэ тохиолдолд эдийн засаг нь мөн л эрс унах боломжтой. Гуравдугаарт, Хятадын дотоод улс төр эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Нээлттэй эдийн засгийн бодлого баримталдаг хэсгээ шахаж, маоист уламжлалдаа үнэнч бүлэглэл нь ноёрхлоо бэхжүүллээ. Ингэснээр Хятадын эдийн засгийн бодлого бизнесийн зарчмаас алсарч, илүү улстөржсөн бодлогоос хараат, командын эдийн засгийн шинжийг олох болно. Ийм улстай худалдаа хийх нь нэн түвэгтэй. Ийм үед эдийн засгийн өндөр өсөлт амална гэдэг бол хоосон тархи угаалт, дэмий үг. Эдийн засаг гадарладаг хүмүүс 2023 оныг өмнөх жилүүдээс дутахгүй хүнд жил байх болно гэж байна. Ер нь нэг ийм зүй тогтол байдаг. Америкийн дотоод хэрэглээ өсвөл Хятадын экспорт өсдөг. Хятадын экспорт өсвөл түүхий эдийн эрэлт нэмэгддэг. Түүхий эдийн эрэлт өсвөл манай экспорт өснө. Экспорт өсвөл манай эдийн засаг өсдөг. Гэтэл Америк улс Хятадад олон төрлийн хориг тогтоолоо. Ялангуяа өндөр технологийн нийлүүлэлтээ зогсоолоо. Энэ нь Хятадын экспортод нэн хүнд тусна. Хятадын экспорт буурснаар манайд ч сөрөг нөлөө нь илэрнэ.
-Улс орны эдийн засгийг сайжруулах чиглэлээр эрх баригчид юун дээр анхаарах ёстой гэж та хэлэх вэ?
-Засгийн газар боомт нээгээд, экспорт нэмэгдээд, бөөн валют орж ирэнгүүт нөөцөө өсгөчихнө гэж хэт гэнэн ойлгоод байна. Гэтэл экспортын орлого нь орж ирсэн шигээ асар хурдан гараад явчихна. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт бол нөөцийг өсгөх цорын ганц, тогтвортой арга зам юм. Гадаадын шууд хөрөнгө оруулагчид Засгийн газрын гоё үгийг огт тоохгүй. Харин бодит үйлдлийг л харна. Засгийн газар тэгтэл яав. Ковидын хүнд үеийг давж гарахад гол ачааг үүрсэн үндэсний хөрөнгө оруулагчдаа элдвээр цоллож, буруутгав. Ийм хөгийн түгжил арга барилтай Засгийн газарт ямар ч хөрөнгө оруулагч итгэхгүй. Засгийн газар хувийн хэвшлийн оролцоотой Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах хэрэгтэй. Тэр агентлаг нь төрийн ямар ч хүнд суртлыг даван туулахуйц эрх мэдэлтэй, хуулийн болоод улс төрийн хамгаалалттай байх ёстой. Мөн уран, газрын ховор элемент чиглэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг зоригтой олгох, хөрөнгө оруулалтын сангуудад гаднаас хөрөнгө татахыг хөхиүлэн дэмжих, Ховд, Чойбалсан, Хархоринд олон улсын карго төв байгуулах зэрэг маш олон арга зам байна. Ингэж байж валютын нөөц өснө. Улс төрийн популизм болон орон нутгийн шантаажаас болж гацсан алтны үндсэн ордын нөөцүүд цөөнгүй бий. Тэднийг Монголбанк болон Хөгжлийн банктай хамтран санхүүжүүлж, олборлосон, ирээдүйд олборлох алтыг гадаад валютын албан нөөцөд бүртгэж авч болно шүү дээ.
-Дотоод улс төрийн ямар эрсдэл байх вэ?
-Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар зэрэг ажиллах болсон нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ирэх сонгуульд бүхнийг зориулахаар шийдсэний илэрхийлэл болж байна. МАН-ын дүрмийн 29.2-д “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэж заажээ. 2023 оны макро эдийн засгийн хамгийн том эрсдэл нь ирэх сонгуульд бүхнийг зориулахаар шийдсэн Засгийн газрын популист алхмууд байж болзошгүй байна.
Холбоотой мэдээ