МАН Засгийн эрхийг авсан үеэс авлига, албан тушаалын гэмт хэрэг гаарсныг олон нийт сануулж ирсэн ч эрх баригчид үл ойшоож ирсэн. Харин нүүрсний гэх том хэрэг мандсанаар авлигын өртөг их наядаар хэмжигдэх болсныг эрх баригчид хүлээн зөвшөөрч эхлэв бололтой.
Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.01.04/ УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэх үеэрээ “Авлигын цаадах мөнгөний хэмжээ саяар бус тэрбумаар, их наядаар яригдах болсон” гэдгийг тодотголоо.
Тэрбээр “Авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй, авлигын индекс буурахгүй байна. Ийм хэргүүдийн цаадах мөнгөний хэмжээ саяар бус тэрбумаар, их наядаар яригдах боллоо. Олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийг шийдэж, хариуцлага тооцох үйл явц удаан, гарсан шийдвэр нь учруулсан хохиролтойгоо дүйцэхгүй байгаа нь иргэдийн бухимдал, ард түмний дургүйцлийн нэг шалтгаан болж байна. Ийм учраас энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого чанга байх ёстой. Энэ талаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, чангалсан. Хууль хулгай хийдэггүй, хуулийг хэрэгжүүлэхэд хулгай гарч байна.
Ер нь бол ёс зүй, сахилга хариуцлагын тогтвортой тогтолцоо бий болгох цаг болсон гэж үзэж байна. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай тогтолцооны шинэчлэл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус байлгах нь хариуцлагыг бэхжүүлэх чухал алхам болно. Товчхон хэлбэл, Монгол төрд хууль засаглаж байж, төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. Хууль иргэндээ шударга тэгш үйлчилдэг систем үйлчилж байж, ард түмний шударга хүсэмжлэлд бодит хариу өгөх боломжтой болох юм” гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ