ДЭМБ-ын тэргүүлэх мэргэжилтнүүд өчигдөр /2023.01.03/ Covid-19-ийн вирусийн хувьслын талаар хаалттай виртуал хурал хийсэн. Уг хуралд Хятадын эрдэмтэд урилгаар оролцжээ. Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятадын эрдэмтдээс халдварын талаар илүү бодитой мэдээлэл авахыг хүсч буйгаа илэрхийллээ.
Хятад улс арванхоёрдугаар сарын 22-нд “Тэг ковид” бодлогоо цуцалснаас хойш албан ёсны тоон мэдээлэл хомс байна. “Бид юу болж буй талаар илүү бодит дүр зураг харахыг хүсч байна. Хятадаас авч буй тоон мэдээллүүд, тэр дундаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо баталгаатай биш” гэж ДЭМБ дахь Голландын вирус судлаач, профессор Марион Купманс хэллээ. Эрдэмтдийн баг хэд хэдэн шинэ хувилбар илрүүлсэн гэдгийг Өмнөд Африкийн эрдэмтэн, профессор Тулио де Оливейра мөн хэлжээ. “Хятадаас илүү их мэдээлэл авбал сайн байна. Энэ нь дэлхий дахинд хамаатай” гэж тэр онцлов.
ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн хороо нь халдварын томоохон давалгаа эсвэл шинэ хувилбаруудтай тулгарсан орнуудаас тогтмол мэдээлэл авдаг. Тэд вирусийг хянахын тулд дэлхийн хяналтын сүлжээ байгуулахыг уриалав.
“Цар тахлын гурван жилийн турш бид алдаанаасаа суралцах хэрэгтэй гэдгийг ойлгож авлаа. Улс орнууд хоорондоо илүү их мэдээлэл солилцохын тулд аялал жуулчлалын хязгаарлалтаар ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй. Энэ бол хамгийн сайн арга” гэж албаны хүн хэлэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ