Төрийн ордонд өнөөдөр /2023.01.04/ “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурал болж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Ядуурлын түвшин буурсангүй. Орлогын ялгаа үүссэн. Ард түмний мэдэлд газрын хэвлийн баялаг нь байж, түүнээс орох орлого нь цөөн хүний мэдэлд орж, хүртээмжгүй байна гэх шүүмжлэлийн суурь шалтгаан болж байна. Нийгэм хэт баян, ядуурал руу гулсаж буй олонх гэсэн хоёр бүлэгт хуваагдах болсныг эрдэмтэд дүгнэсэн. Дундаж давхарга нэмэгдэх боломж хязгаарлагдмал байсаар байна. Орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурлын үндсэн шалтгаан нь өнгөрсөн 30 жилд аж үйлдвэржилтийн бодлогыг орхигдуулсантай холбоотой.
Монгол Улс 71.1 сая малтай, 3.4-хөн сая хүн амтай мөртлөө өнөөдөр яагаад ийм байдалд орсон бэ гэдэг асуултыг ард иргэд төр засагтай зүй ёсоор тавьж байна. Үүний хариултыг энэ хурлаар өгөх байх гэж найдаж байна.
Өнгөрсөн 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, сангийн удирдлагыг хараат бус мэргэжлийн удирдлагаар удирдуулж, ард түмэндээ шударга хүртээмжтэй байх зарчмыг тодорхойлсон. Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн бариагүй, яаралтай батлах шаардлагатай байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй, авлигын индекс буурахгүй байна. Ийм хэргүүдийн цаадах мөнгөний хэмжээ саяар бус тэрбумаар, их наядаар яригдах боллоо. Олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийг шийдэж, хариуцлага тооцох үйл явц удаан, гарсан шийдвэр нь учруулсан хохиролтойгоо дүйцэхгүй байгаа нь иргэдийн бухимдал, ард түмний дургүйцлийн нэг шалтгаан болж байна. Ийм учраас энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого чанга байх ёстой. Энэ талаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, чангалсан. Хууль хулгай хийдэггүй, хуулийг хэрэгжүүлэхэд хулгай гарч байна.
Ер нь бол ёс зүй, сахилга хариуцлагын тогтвортой тогтолцоо бий болгох цаг болсон гэж үзэж байна. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай тогтолцооны шинэчлэл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус байлгах нь хариуцлагыг бэхжүүлэх чухал алхам болно. Товчхон хэлбэл, Монгол төрд хууль засаглаж байж, төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. Хууль иргэндээ шударга тэгш үйлчилдэг систем үйлчилж байж, ард түмний шударга хүсэмжлэлд бодит хариу өгөх боломжтой болно.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Ардчилсан Үндсэн хуулийн 31 жилийг дүгнэж, сонгодог парламентыг төгөлдөржүүлэх асуудлаар төр, олон нийтийн идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байна. Өнгөрсөн 30 жилд эдийн засаг 17 дахин тэлж, хүний эрх, хувийн өмч, олон ургалч үзэл баримтлал, нээлттэй гадаад харилцаа, цахим ертөнц, иргэний нийгэм зэрэг олон үнэт зүйлс Монголд төлөвшсөн. Гэвч шилжилтийн үед мэдээлэлд ойр байсан цөөн хүмүүст нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, эдийн засгийн бүлэглэл бий болж, бүх шатанд авлига хээл хахууль гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүссэн. Нийгмийн дундаж давхарга улам бүр нимгэрч, баян ядуугийн ялгаа нэмэгдсээр байна.
Монголын хүн амын гуравны нэг нь дунджаас доогуур давхаргад орж, 70 хувийг бүрдүүлж байна. Хадгаламж эзэмшигчдийн ердөө гуравхан хувь нь нийт хадгаламжийн 75 хувийг эзэмшдэг болжээ. Өндөр орлоготой иргэдийн хэрэглээ бага орлоготой иргэдийнхээс тав дахин өндөр байна.
Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай. Суурь үндэс нь нийт ард түмний төлөөлөл. Харамсалтай нь орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас болж дарга ангийн төлөөллийн байгууллага болж хувирлаа. Сонгодог парламентын засаглалыг бодит болгоход оршино.
"ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙЖ БАЙСАН ХҮН ГАЗРЫН БАЯЛГИЙГ ЭЗЭЛЖ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ДЭЭР ЭЗЭН БОЛСОН"
Эдийн засагч Б.Лхагважав:
-Шинжлэх ухааны академи эрх баригчдаас хараат бус байж үйл ажиллагаагаа жинхэнэ утгаараа явуулж чадна. Монгол Улсын өнөөдрийн Ерөнхийлөгч 2008 онд Эрүүгийн хууль өөрчлөөд ялаас мултарч ерөнхийлөгч болсон. Энэ шударга ёс уу. Хууль зүй дотоод хэргийн сайд нь хүнээс 100 сая төгрөг авчхаад манай ах, дүү нар гадаадаас өгсөн гээд хэвлэлээр худал яриад сууж байна. Шударга ёсны сайд нь ийм байж болох уу.
Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга Д.Амарбаясгалан ЖДҮ-ийн зээлийн сангаас намынхаа 40 гишүүнтэй 40 тэрбум төгрөг хулгайлчхаад өнөөдөр худал яриад сууж байна. 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлыг тусгасан байдаг.Б.Чимэд багшийн хэдэн шавь нар хуулиа магтаад л байдаг. Б.Чимэд багш бурхан биш. польшууд 1992 онд хийсэн Үндсэн хуулиа таван жилийн дараа сольсон. Гол шалтгаан нь тус хууль нийгэм, улс төрийн мухардалтад хүргэх шалтгаан болсон. Капиталист хууль болсон байна гэдгийг хэлж байсан. Түүний дараагаар 1996 онд ард түмнийхээ санал асуулгыг авч байж 1997 онд хуулиа баталсан. Тэр дотор төрийн эрх мэдэлтнүүдийг эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байсан.
Гэтэл өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгч хийж байсан хүн газрын баялгийг эзэлж, гадаадын хөрөнгө оруулалт дээр эзэн болоод суучихсан байна.
Хэрэв Үндсэн хууль сайн байсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Төв банк нь инфляциа барьж чадахгүй дурын нэг байнгын хороон дээр очиж загнуулдаг. Хариуцлагыг ил тод болгож, шударга байх хэрэгтэй.
"ИРЭЭДҮЙН ӨВ САНГ 2-ХОН МИНУТЫН ДОТОР ХЭЛЭЛЦЭЖ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН"
МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн доктор, профессор Б.Отгонтөгс:
-Засгийн газраас баялгийн сангаа байгуулна гэж алсын хараандаа тусгасан. Үүсгэн байгуулсан төсвийн болон ирээдүйн өв сан гэсэн хоёр сангаа байгуулсан. Гэтэл хууль дүрмийг нь судлахаар эх үүсвэр, зорилгыг нь маш сайн тодорхойлсон байдаг. Төсвийн сангийн менежментийг нь Сангийн яам хийдэг бол ирээдүйн өв санг Ирээдүйн өв сан корпораци зохицуулдаг гэсэн. Үүнд маш том асуудал гарч ирж байгаа. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль байгаа ч том сан болоогүй байна. Төрийн өмчит компаниудын ашгаас санд төвлөрүүлнэ гэжээ. Уучлаарай төрийн өмчит компаниуд өдийг хүртэл ашигтай ажилласан уу. Ашиггүй байгаа шүү дээ. Энэ хуулийн төсөл боловсруулна гэдэг нь өөрөө эрсдэлтэй. "Эрдэнэс Монгол" гэдэг 100 хувь төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга нь Ерөнхий сайд байна гэсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын алсын хараатай, хөгжлийн баялгийн санг хөгжүүлэх менежментийг гаргаж чадаагүй байна.
Жишээлбэл, Ирээдүйн өв сан бол 2031 он хүртэл 2016 оны хуулиараа хэн ч гар хүрэх эрхгүй. Гэтэл энэ санг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгож, 2016 оны хуулийг хоёрхон минутын дотор хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулсан.
Ирээдүйд газрын хэвлийн ард түмний өмч баялгийг зорилгоос нь гацаасан гэсэн үг. Одоо бүр зохион байгуулалт нь алдагдаж, ямар хүмүүс хариуцдаг нь тодорхойгүй. Ирээдүйн өв санд 1.3 их наяд төгрөг төвлөрсөн гэдгийг Сангийн сайд нь хэлж чадахгүй байгаа. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сайд 2.4 их наяд төгрөг байх ёстой гэсэн. Ийм үед баялгийн санг байгуулна гэж ярихгүй. Засаглал, орлогын хувьд маш хэцүү, эрсдэлтэй байна. Газрын тос, байгалийн хийн олборлолт ихтэй газруудад баялгийн сан байгуулдаг туршлага бий. Нүүрснээс баялгийн сан байгуулахад их хугацаа шаардана гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна. Хэрвээ бид сан байгуулбал үр ашигтай байлгаж чадах уу. Хэлбэр загварын хувьд сайтар судлах шаардлагатай.
Холбоотой мэдээ