Герман дахь Путиныг дэмжигчид Берлинийг Украины эсрэг болгохоор ажиллаж байгааг “Reuters” агентлаг мэдээллээ. Тэд Украины асуудлаарх чиг хандлагаа өөрчилж, үзүүлэх дэмжлэгээ эргэн харахыг уриалж байна. Энэ уриалгынхаа хүрээнд тэд Герман, Оросын харилцааг онцолж, цахимаар болон гудамжинд кампанит ажил өрнүүлж байна.
Европын хамгийн том эдийн засагтай Герман улс бол Украины гол дэмжигч юм. Тус улс нь Киевт их хэмжээний батлан хамгаалахын болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлаад байна.
“Reuters” агентлаг цахим сүлжээний нээлттэй мэдээллүүдийг ашиглан Германд Оросын ашиг сонирхлыг урагшлуулахад гол үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийг хэн болохыг тогтоожээ. Тэдний нэгийг Макс Шлунд гэдэг. Макс Шлунд нь арван жилийн өмнө Ростислав Теслюк гэдэг нэртэй байсан боловч нэрээ сольсон аж. Тэрбээр сүүлийн саруудад зүүн Украин руу аялжээ. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Путины үндсэн илтгэгчээр оролцсон бага хуралд Макс Шлунд оролцсон бөгөөд түүний онгоцны билетийг Кремлиэс төлсөн.
Түүнчлэн Андрей Харковский нэртэй хүнийг “Reuters” агентлаг олж тогтоожээ. Тэрбээр дайныг дэмжигч казакуудын нийгэмлэгт үнэнч байхаа амласан.
Дашрамд дурдахад, Украинд чиглэсэн бодлогоо өөрчлөхийг уриалж буй хүмүүсийн ихэнх нь хуурамч нэр ашиглаж байгаа аж. Түүнчлэн Оросын төртэй далд холбоотой хүмүүс юм.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ