Нийгмийг донсолгосон авлигын хэргүүд

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Нийгмийг донсолгосон авлигын хэргүүд

Нийгмийг донсолгосон авлигын хэргүүд

Иргэдийн эрх ашгийг өөрсдийн боломжоор хулгайлж, давамгай байдлаа ашиглаж хулгай хийгчид Монголын нийгэмд олон бий. Үүний жишээ Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлээс эхлээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэхчлэн үргэлжилнэ. Тойргоос сонгогдохдоо эгэл иргэн, жирийн улстөрч болж хувирдаг хэрнээ төрийн өндөр сэнтийд залрахаараа боломжоос боломжийг харж, авлигын хэрэгт нэр холбогдож, өөрөө болон хамаарал бүхий этгээдээр улсын мөнгөнөөс завшихыг санаархдаг нь нууц биш. Тиймээс бид өнгөрсөн жилүүдэд нийгмийг донсолгосон томоохон авлигын хэргүүдийг тоймлон хүргэж байна.

ЖДҮ-ЧИД БОЛЖ ХУВИРСАН ТӨРИЙНХНИЙ БАЛАГ

Олон мянган зуун жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авсан гишүүдийн хэрэг  одоогоос хоёр жилийн өмнө шүүхийн хаалга татаж байв. ЖДҮХС-гаас тэрбумаар нь өөрийнхөө хамаарал бүхий болон эхнэр хүүхэд, аав ээжийнхээ компанид олон зуун сая, тэрбум төгрөгийн зээл аваад өгчихсөн төрийн дээд албан тушаалтнууд өнөөдөр ч ард түмний өмнөөс тохуурхаж, зарим нь  төрийн ордон дотор хээв нэг алхаж яваа. Тус зээлд эрхэм гишүүд нэр холбогдохдоо жижиг асуудал, зээл авснаа өөрөө ч мэдээгүй гэх сүржин мэдэгдэл хийж өөрсдийгөө хаацайлсан ч эцэст нь үнэн илчлэгдсэн.

Харамсалтай нь ЖДҮ-д холбогдсон нөлөө бүхий хүн бүрд хууль тэгш үйлчлээгүй.

Тухайлбал, хаалганы гадна үлдсэн ЖДҮ-чдийг АТГ шалгаж хэд хэдэн хүнд ял оногдуулсан. Гэхдээ зөвхөн гадна үлдсэн цөөн хэдэд нь  хууль үйлчлэх бус гишүүд, хууль зөрчсөн, өөртөө давуу байдал үүсгэсэн, ард түмний эрхийг хязгаарласан ЖДҮ-чдээ ч гэсэн шүүх ёстойг ард түмэн шаардсан. Харамсалтай нь нийгмийн бухимдлыг төрүүлээд байсан хэрэг ганцхан жилийн дараа мартагдав. Ийнхүү  ЖДҮ-ийн зээлийн дээрмийн хэрэг хаагдаж, Хөгжлийн банкны дампуурах эс дампуурах асуудал мөн сөхөгдсөн юм.

11 ЖИЛИЙН ДАРАА ДАМПУУРАХ ЭРСДЭЛД ОРСОН ХӨГЖЛИЙН БАНК СЭРГЭВ

Томоохон төслүүдээ урт хугацаат, бага хүүтэй зээлээр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2011 онд Хөгжлийн банкийг байгуулсан. Гэвч өнгөрсөн оны эхэнд дампуурлаа зарлаж болзошгүй хүнд байдалд орсныг гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн нь олныг сэртхийлгэв. Учир нь, Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55 хувь нь буюу 1.7 их наядын зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байлаа.

Засгийн газраас Хөгжлийн банкинд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах үүрэг өгч, мөн зээлээ төлөхгүй гүрийж байсан 26 томоохон зээлдэгч нарын нэрсийг зарласнаар үр дүнд хүрсэн.

Хөгжлийн банк нь Засгийн газрын баталгаатай Евро бондын 500 сая ам.долларыг 2023 оны есдүгээр сард, Самурай бондын үндсэн төлбөр болох 30 тэрбум иенийг 2023 оны арванхоёрдугаар сард тус, тус төлөх хуваарьтай. Энэ нь Хөгжлийн банк дампуурах эрсдлээс гарсан төдийгүй зээлийн эргэн төлөлтөөр Самурай бондын төлбөрийг хийх бүрэн боломжтой болсон аж. Самурай бондын 30 тэрбум иен нь өнөөгийн ханшаар 751.5 тэрбум төгрөг болно. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны нэгдүгээр улирлаас Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулж эхэлсэн бөгөөд ам.доллартай харьцах иенийн ханш 20-иод хувиар суларсан нь иен худалдан авах таатай нөхцөлийг  бүрдүүлж, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн зардлыг хэмнэх боломжийг ч бий болгожээ.  Нөгөө талдаа “Самурай” бондын төлбөрийг бүрдүүлснээр хөрөнгө оруулагч болон олон нийтэд Монгол Улсын Хөгжлийн банканд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн юм. Энэ хэргүүд намжиж амжаагүй байхад Засгийн газраас нүүрсний хулгайчидтай тэмцэх асуудлыг мөн гаргаж ирэв.

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ИЛЧЛЭХ ИРГЭДИЙН ХҮЧ МӨХӨСДӨВ ҮҮ?

Оны эхэнд хөгжлийн банк гэж шуурч байсан иргэдийн дараагийн талцах сэдэв нүүрсний хулгайчид болов. Засгийн газар иргэдтэй хамт тэмцэж, хулгайчдыг илчлэхийг хичээнэ гэдгээ мэдэгдсэн ч тэмцлийн хэлбэр өөрчлөгдсөн. Төв талбайд 20 гаруй хоног жагссан иргэдийн жагсаалын үр дүнд нүүрсний хулгайчдын эхний 17-г зарласан. АТГ шалгаж, хууль шүүхийн ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэх тайлбараар хаацайлж буй нүүрсний хулгайчдын нэрс одоо ч анхаарал татаж байна.

Дөчин их наяд хүртлээ томорсон, хууль, шүүхийнхэн нь тооцож гаргаж чадахгүй байгаа нүүрсний хулгайн хэрэгт сэжигтнээр татсан хүмүүсийг нийтэд зарласан ч тэдэнд ямар хариуцлага тооцох талаар одоогоор хэн ч ам нээгээгүй.

АТГ-аас нэрлэсэн улстөрчдийн долоо нь УИХ-ын гишүүд, тэдний тав нь эрх баригч МАН-ын бүлгийнх. Гэхдээ нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал байхгүй гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн. Тэгвэл өчнөөн тэрбумыг завшсан нүүрсний хулгайчдыг хэдэн тэрбумаар торгож ялыг нь цайруулах вий гэсэн хардлага иргэдэд буй. Ямартай ч ялгүй өнгөрөөхгүй гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Харин хэлсэндээ хэзээ хүрч, хариуцлагыг хэрхэн тооцох бол.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж