Сурвалжлага: Хүүхдийн антибиотик тасарч, эцэг эхчүүд бухимдалтай байна

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдийн антибиотик тасарч, эцэг эхчүүд бухимдалтай байна

Сурвалжлага: Хүүхдийн антибиотик тасарч, эцэг эхчүүд бухимдалтай байна

Идэр есийн хүйтэн эхэлж, ханиад томуугаас шалтгаалан хүүхдийн эмнэлэгт хөл гишгэх зайгүй байна. Үүнтэй зэрэгцэн эдгэрдэггүй муухай ханиаданд ямар эм уух вэ, яаж дарах вэ гэхчлэн ханиадыг эмчлэх эм олдохгүйд эцэг эхчүүд бухимдалтай байна. Ялангуяа хүүхдийн ханиаданд эмч нарын зөвлөдөг антибиотикууд эмийн сангуудаар тасарч эхэлжээ.

ФРОМИЛИД” СИРОП СҮҮЛИЙН САРУУДАД ИРЭХГҮЙ БАЙНА

16.00 цагт. Хотын захын хорооллын эмийн сангийн гадна хүмүүс машинаа тавиад дотогшоо орж байлаа. Эмийн санчаас “трахисан” гэх эмийг асуусан 30 орчим насны залуугаас эмийн олдоц ямар байгааг тодруулахад, “манай энэ хавиар эмийн сангийн олдоц муу. Байгаа ганц нэг эмийн сангуудаар ороход хайж байгаа эм байхгүй байна. Одоо гурав дахь эмийн сан руу орж байгаа нь энэ” гэлээ.

Эмийн тасалдлын талаар эмийн санчаас тодруулбал “Улирлын шинж чанартай холбоотой амьсгалын замын томуу, томуу төст өвчлөл их байгаагаас эдгээр төрлийн эмүүд эрэлт ихтэй байна. Манайд зарим эмүүд захиалахаар цаанаа тасарсан, үйлдвэрээсээ ирэхгүй байгаа шалтгаанаар ирэхгүй байна. Нөгөөтээгүүр хүмүүс өчнөөн олон аптек орлоо, эм хайгаад олдохгүй байна гэхчлэн их орж ирдэг. Ээж аавууд, “фромилид”, “амоксилавсиропыг хайгаад их ирдэг.

Гэтэл захиалаад цаанаасаа ирэхгүй сар гаруй болж байна. Ер нь иргэдийн худалдан авах чадвар ч муудсан. Өдөр болгон уудаг даралтын эм, зүрхний эмүүдээ өдөр болгон ширхэглэн авч уудаг хүмүүс байна. Тэр хэрээр хүмүүсийн амьдрал хэцүү байгаа нь харагддаг” гэлээ.

“4-5 АПТЕК ОРЛОО, ЭМ ОЛДСОНГҮЙ”

Өөр нэгэн эмийн сангаар орвол “Цар тахлын үед байсан шиг эмүүд тасалдах нь харьцангуй гайгүй. Гэхдээ бага насны хүүхдийн уудаг сироптой антибиотик, зарим нэг эмүүд тасалдалтай байгаа. Цаанаасаа үйлдвэрлэгч улс орны нийлүүлэлт багассан гэж ойлгож байна. Хүүхдийн халуун буулгах, ханиадны нийлмэл найрлагатай эмүүд тасалдсан. Үүнд амоксиклав сиропыг нэрлэж болно.

Үнийн хувьд 22 мянган төгрөг байдаг. Хүүхдийн ханиаданд түгээмэл уудаг ч бусад эмийн сангуудаар тасарсан” гэв. Тус аптекаар үйлчлүүлж буй иргэн Ц.Чулуунхүүгээс тодруулбал, “Тархи толгойны эм, дусал хайгаад явж байна. Зарим аптект их үнэтэй байна.

Эмээ бичүүлээд эмийн сангуудаар хайхад олдоц тааруу байна. Сая Баянхошууны эцсээс авхуулаад ойролцоогоор 4-5 эмийн сангаар орлоо. Гэсэн ч олдсонгүй. Миний хувьд дунджаар хэрэгцээтэй 2-3 эм тариа авахад 200-300 мянган төгрөг болж байна. Тэрэнд нь хөнгөлөлт байхгүй байна” гэв. Харин иргэн Д.Алтанбилэг “Би хоёр жилийн өмнө Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас ирсэн.

Цитромон” тухайн үед 500 төгрөг байлаа. Гэтэл хотод орж ирэхэд, бараа бүтээгдэхүүн, эмийн үнэ маш их нэмэгдсэн. Манай хүүхэд хөдөө агаарт байгаа учраас ханиад томуу гайгүй байна. Миний хувьд хатгаа авсан байдалтай байна. Би саяхан хөдөө аавынхаа уудаг эмийг өгч явуулъя гээд хэд хэдэн аптекаар ороход олдохгүй байсан” гэлээ.

“ЭМИЙН САНГУУДАД АНТИБИОТИК ТАСАРСАН”

Төвийн эмийн санч Б.Энхцэцэгээс тодруулахад “Ханиад томуу ихтэй байгаа учир эмийн эрэлт өндөр байна. Сүүлийн сард ханиадны эмийн олдоц муу тасарсан байдалтай байна. Жишээ нь “миксагрип”, “снип” гэх хүмүүсийн түгээмэл асуудаг эмүүд хүртэл олдохоо байсан. Хүмүүс ханиад хүндэрчихлээ, эдгэрэхгүй байна юу уух вэ, гэж их орж ирэх нь бий. Харин жор барьж ирсэн хүмүүсийн хувьд эмч нар ихэвчлэн антибиотик их бичсэн байна лээ.

Дөнгөж саяхан нярай хүүхэд халуураад байна фромилидын сироп авья, бүх аптекаар орлоо гэж нэг ээж яарчихсан орж ирсэн. Энэ сироп ирэхгүй 2-3 сар болж байна. Үүнээс гадна хүмүүс ширхгээр их эм асуудаг. Ширхгээр нь эм авна гэдэг хүмүүсийн худалдан авах чадамж муу байгааг харуулах байх. Эмийг ширхэглэн авах нь хохиролтой” гэсэн юм.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН ЭМИЙГ ДААТГАЛААР ХӨНГӨЛМӨӨР БАЙНА ГЭВ

Хүүхдийн ханиад томуу хүндэрсэн энэ үед аргаа барсан ээж аавууд сошиалаар эм хайх нь ихэсчээ. Тухайлбал, зарын группдамоксилав” сироп  авна гэсэн зар их байлаа. Тус эм нь хүүхдийн ханиаданд хэрэглэдэг, эмийн сангуудаас хамааран үнийн хувьд дунджаар 22 мянган төгрөг байдаг аж. Гэхдээ цахим орчинд үнийн хувьд ойролцоогоор 10 мянган төгрөгөөр илүү худалдаалж байв. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийн ханиаданд дунджаар 200-300 мянган төгрөг зарцуулж байгаагаа нуусангүй.

Тэдний зарим нь агаарын бохирдлыг шүүмжилж байгаа бол зарим нь эмийн чанарт эргэлзэж байгаа талаараа хэлэв. Эмч нарын зүгээс дараах мэдээллийг өгч байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан “Энэ жил томуугийн улирал эдгэрэх явц удаан, сунжруу байна. Энэ жилийн хувьд өвчлөлийн дэгдэлтийн оргил үе эрт эхэлсэн. Цаашид дэгдэлт улам нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр сургууль амарч, цэцэрлэгийн ирц буурсан ч халдварын тархалт буурахгүй байгаа нь эцэг, эх асран хамгаалагчидтай холбоотой. Томчууд амны хаалтаа зүүхгүй, агаар дуслын замаар дамжих өвчнийг зөөвөрлөж, бага насны хүүхдэдээ дамжуулах эрсдэл их байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нийтийг хамарсан баяр ёслолд хүүхдээ дагуулж очихгүй байх, хүүхдийн тоглоомын төвүүдээр бага үйлчлүүлэх нь зөв. Учир нь томуугийн дэгдэлт өндөр идэвхжилтэй байх хугацаа урт байх төлөвтэй байна.

Хүмүүс вирусийн гаралтай томуу биш байхад вирусийн эсрэг эм ууж улам хүндрэх нөхцөл үүсгэдэг. Мөн хүүхдүүддээ дур мэдэж эм өгөх, антибиотек хэрэглэх тохиолдол ч гардаг. Энэ бүхэн маш буруу.

Ханиалгаж байгаа тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүж, ам, хамраа зайлах чухал. Мөн шинж тэмдэг илэрч л байвал өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв өвчлөл энэ хэвээр өссөөр байвал хүүхдүүдийг эмнэлгийн коридорт авах нөхцөл байдал ч үүсэх эрсдэлтэй байна. Тиймээс иргэд нэн шаардлагатай биш л бол хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх нь чухал. Томуугийн вирусээр насанд хүрэгчид хөнгөн өвдөж байгаа ч хүүхдүүд хүндрэх эрсдэл их” гэх мэдээллийг өглөө.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж