Ираны уран зураач Аргаван Хосрави эмэгтэйчүүдийн амьдралыг бүтээл туурвилдаа сэтгэл хөдөлгөм байдлаар дүрсэлжээ. Тэрбээр аравдугаар сард бүтээл туурвих явцаасаа инстаграмдаа нийтэлсэн. “Би яг одоо үсний хэсгийг зурж байна. Энэ мөчид би урьд өмнөхөөсөө илүү уур хилэн, итгэл найдварыг мэдэрч байна” гэж бичээд Махса Амини гэсэн хаштагийг ашиглажээ. Махса Амини нь толгойн алчуураа буруу зүүснийхээ төлөө баривчлагдаж, улмаар амиа алдсан иран эмэгтэй юм. Түүнийг нас барснаас хойш олон эмэгтэй эсэргүүцлээ илэрхийлж, үсээ тайрсан.
Аргаван Хосрави нь Тегераны шашингүй гэр бүлд өсчээ. “Таны хувийн орон зай, гэр орон болон олон нийтийн газрын хооронд маш их ялгаа байдгийг би бага насандаа ойлгосон. Гэртээ бол та хүссэнээ хийх боломжтой. Та хоёр өөр амьдралыг зохицуулж сурах хэрэгтэй болно” гэж тэр хэллээ. Тэр 2011 онд ёс журмын цагдаатай таарч байсан удаатай. Уран зургийн чиглэлээр суралцахаар 2015 онд Хосрави АНУ-д нүүж ирсэн бөгөөд ихэнх бүтээлдээ урт үсийг бэлгэдэл болгон ашигладаг.
Хосравигийн зураг дээрх эмэгтэйчүүд ихэвчлэн утсаар хүлэгдэж, уяулсан, хана, цэцэг гэх мэт зүйлийн ард нуугдсан байдаг. Үүнийгээ тэр бие даасан байдлын төлөөх тэмцлийн илэрхийлэл гэж хэлжээ. Нөгөөтэйгүүр түүний бүтээлүүдээс эрх чөлөөний илэрхийлэл ч харагддаг. “Ялгарал ба зөрчилдөөн бол миний уран бүтээлдээ тусгаж буй гол ойлголтуудын нэг” гэж тэр хэлсэн. Үүгээрээ тэр иран эмэгтэйчүүдийн амьдралын хоёр туйлт байдлыг онцолсон юм. Улаан юм уу хар өнгийн утас түүний зургуудад байнга давтагддаг гэхэд болно. Тэдгээр утас нь эмэгтэйн гар, хуруу, бугуйг тойрон ороосон, эсвэл амыг нь уясан, биеийг нь өндрөөс өлгөсөн мэт дүрслэгдсэн байдаг. “Би Иран дахь дурсамжаа боддог. Засгийн газраас бидэнд тулгаж буй улаан шугамууд олон бий” гэж тэр хэллээ.
“Эмэгтэйчүүд үсээ тайрах нь эртний Персийн уламжлал юм. Гэхдээ уур хилэн дарангуйллаас илүү хүчтэй байх үед л тэд үсээ тайрдаг. Бидний хүсэн хүлээсэн мөч ирлээ” гэж Уэльсийн зохиолч, орчуулагч Шара Аташи есдүгээр сард хэлж байв.
“Үсээ далд хий” нэртэй Хосравигийн зураг бий. Тус зурагт нэгэн эмэгтэйн бэлхүүсээр нь улаан уяа ороож, өндрөөс дүүжилсэн байдаг. Мөн өтгөн, урт үсийг нь улаан даавуугаар сайтар ороосон байдаг. Морь унасан перс цэргүүд түүнийг тал талаас нь улаан утсаар бугуйлдаж ороож байгаа харагдана. “Цэргүүд эмэгтэй хүн рүү дайрч буй энэ тулаантай зураг одоогийн нөхцөл байдлыг харуулж байна. Өдгөө гудамжинд цэрэг цагдаагийнхан жагсагчид руу хэрцгийгээр дайрч байна. Энэ бол зүйрлэл төдий байсан уран зураг. Гэтэл одоо бодит биеллээ олж байна” гэж Хосрави хэлэв.
Ираны уран бүтээлч эмэгтэйчүүдийн эрх чөлөөг ийн хөндөж буй нь анхны тохиолдол биш юм. Тэд урлагийг дарангуйлал, өдөр тутмын хүнд хэцүү амьдралаас зугтах, даван туулах нэгэн арга гэж үздэг. Тухайлбал, 1990-ээд онд бүтээгдсэн “Аллахын эмэгтэйчүүд” нэртэй цуврал гэрэл зураг бий. Тус зургийг харахад Аллахын эмэгтэйчүүд туйлын гоо үзэсгэлэнтэй боловч сэтгэл түгшээсэн дүр зураг харагдана.
Хосрави өөрийнх нь уран зургууд зөвхөн иран эмэгтэйчүүдээр зогсохгүй эрх нь зөрчигдөж буй бүхий л эмэгтэйг төлөөлнө гэж найдаж байна. “Миний зураг дээрх бүх л эмэгтэй надтай нас ойролцоо, үсний өнгө төстэй гэх мэт адилхан шинж чанар олонтой. Учир нь би өөрийнхөө түүхийг болон ижил зүйл үзэж туулсан эмэгтэйчүүдийг бодож байж зурдаг. Заримдаа бүх зүйл өөрчлөгдөнө гэж найдалтгүй санагддаг. Гэхдээ надад эрч хүч бий, энэ нь өөрчлөлтөд хүргэнэ гэж найдаж байна” гэж Хосрави хэлэв. Өдгөө тэр эмэгтэйчүүдийг илүү бие даасан болоход нь туслах шинэ уран зургууд дээр ажиллаж байна. Тэрбээр болж буй үйл явдлуудаас санаа аван тоо баримтууд дээр илүү их хүчээ төвлөрүүлэхийг хүсч буй аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ