Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:
-Хотын хэмжээнд 185.8 километр замын арчилгааг бид хариуцдаг. Энэ зам нь Улаанбаатар хотын төв шугам гэж ойлгож болно. Одоогийн байдлаар халтиргаа гулгааг арилгах арга бол давс, бодис цацах. Энэ жилийн хувьд орж байгаа цасны хэмжээ их байна. Дандаа хоёр өдөр цас орж байгаа бөгөөд одоогийн байдлаар 10 удаа цас орлоо. Төв зам дээр хүндрэлтэй зүйлүүд бий. Түгжрэл ихтэй үед бодис, давсаа цацаад хажуугаар нь хусаад ажиллах боломжгүй.
Сүүлийн 4-5 жилийн хугацаанд хот тохижилтын байгууллагын техник шинэчлэгдээгүй. Давс, бодис цацдаг ОХУ-аас оруулж ирсэн 15 машин бий. Тухайн машинууд зуны цагт тэвшээ өөрчлөөд, усалгаанд явдаг. Харин өвөл бодис, давсаа цацдаг. Эвдрэл ихтэй. Цаашид техникийн шинэчлэл хийх шаардлагатай. Түүнчлэн ажиллах хүчний дутагдалтай байна. Зам талбай дээр ажиллаж байгаа ажилтнууд өнөөдрийн байдлаар 846 мянган төгрөгийн цалинтай. Энэ мөнгөө хоёр хувааж авдаг. Өглөө болгон 40-50 тонн орчим бодисыг зориулалтын дагуу цацаж байгаа. Өнөөдрийн байдлаар бодис 208 тонн, 119.8 тонны үлдэгдэлтэй байна. Нийлүүлсэн давснууд шороо, ус зэрэг хольц ихтэй ирсэн юм. Энэ давсаа гадаа бага зэрэг дулаарсан үед цацъя гэсэн байдлаар тухайн давсаа нөөцөлж байгаа" гэв.
Холбоотой мэдээ