Байнгын хороо: Зарим нутагт мал хотноосоо гарч чадахгүйд хүрсэн

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Байнгын хороо: Зарим нутагт мал хотноосоо гарч чадахгүйд хүрсэн

Байнгын хороо: Зарим нутагт мал хотноосоо гарч чадахгүйд хүрсэн

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн байдлын талаар Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв. Энэ өдрийн хуралдаанаар мөн Дэд хорооны даргыг сонгох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж, Улсын онцгой комиссоос Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймагт тэжээл, Баянхонгор, Дундговь, Ховд, Өвөрхангай, Увс аймагт өвс тэжээл буюу нийт 1171 тонн өвс, 8000 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох саналыг Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн байна.

Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, мөн болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Баян-Өлгий, Баянхонгор аймгийн онцгой байдлын газар Дорнод аймгийн Баян-Уул суманд гал түймэр унтраах, аврах анги, Говь-Алтай аймгийн Алтай, Завхан аймгийн Баянтэс, Ховд аймгийн Булган, Алтай, Увс аймгийн Бөхмөрөн, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт, Өмнөговь аймгийн Гурвантэс, Завхан аймгийн Отгон зэрэг сумдын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашин олгож шийд.эрлэжээ.

Улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхийн 71.6 сая мал байна. Хонин толгойд шилжүүлбэл 122.5 сая толгой мал өвөлжиж буй урьдчилсан дүн гарсан байна. Үүнээс энэ жилийн өвөл, хавар 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нөхцөл байдал үүссэн байна. Отроор өвөлжих малчин, малын тоо өмнөх оноос 2.2 айл өрх, 1.1 сая малаар өсчээ.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Монгол Улсын нийт нутгийн 70 гаруй хувьд цас, цасан бүрхүүл тогтсон байна. Алтай, Хэнтийн өндөрлөг уулсаар ерөнхийдөө 20 см-ээс их, Баян-Өлгий аймгийн Булган, Увс аймгийн Баруунтуруун, Тэс, Малчин, Давст, Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Баянхонгор аймгийн Заг, Хөвсгөл, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Цээл, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдад 20 орчим см, Увс, Завхан,  Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий, Дорнод аймгийн зарим сумдын нутаг дэвсгэр, Архангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумдаар цас ихтэй байгаа аж.

Зудын эрсдэлийн дүгнэлтээс үзвэл, нийт нутгийн 60 шахам хувьд их эрсдэлтэй, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 хувьд бага эрсдэлтэй гэсэн цаг агаарын эрсдэлийн дүгнэлт гарсан байна.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий зэрэг 13 аймгийн 160 суманд зудын эрсдэл их байгаа ажээ. Аймаг, сумдын нутагт 99.8 мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.9 мянган өрх 30.4 сая мал орон нутагтаа, 11.9 мянган өрх буюу 5.5сая мал отроор өвөлжиж буй юм байна. Цагийн байдал хүндрэл эрсдэлтэй, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо цаашдаа өсөх хандлагатай байна.

Энэ оны нэгдүгээр сард олон жилийн дундаас хүйтэн байна гэж цаг уурын мэдээ иржээ. Зүүн аймгуудын нутгаар цас багатай, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг их байгаа гэж байгаа боловч баруун аймаг нь зун ургамал, өвсний гарц муу байсан аймаг орон нутгуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хүлээн авахад, малчдын түвшинд өвс 1.1 сая тн, сүрэл 15.0 мянган тн, ногоон тэжээл 88.0 мянган тн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тн, гар тэжээл 47.9 мянган тн, дарш 13.1 мянган тн, хужир, шүү 92.2 мянган тн-ыг тус тус бэлтгэсэн байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байгаа аж.

Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.АУБАКИР: 

-Улсын хэмжээнд сая гаруй мал отроор өвөлжих мэдээлэлтэй байгаа юм байна. Говийн хоёр, баруун гурван аймаг, хангайн зарим бүсийн аймгууд цас их орсонтой холбоотойгоор хүндрэлтэй байна. Ялангуяа говийн хоёр, баруун гурван аймаг зуншлага тааруу байсантай холбоотойгоор өвөлжөөний бэлчээр байхгүй, хадлан өвсгүй байна. Энэ дээр Шадар сайдын Ажлын албанаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Тусгай хамгаалалттай газруудад мал оторлуулах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Хилийн цэс, торны ойролцоо мал бэлчих асуудалд анхаарах хэрэгтэй. Энэ дээр Шадар сайд та анхаараад өгөөрэй.

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-Өвөлжилт, хаваржилтыг салгаж тооцох боломжгүй. Тийм учраас өвөлжилтийг өнөтэй, хаврыг хохирол багатай даван туулах нь манай орны хөдөө аж ахуйн салбарын хамгийн чухал асуудал. Засгийн газар, Сангийн яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж байна. Хавар төлийн эрсдэл гаргахгүй байх, наана нь малчид өвлийг давах боломжгүй, тарга тэвээрэг тааруу мал сүргээ төхөөрөх, бойлох, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг өнгөрсөн оны найман сараас хойш ярьсан.

Ялангуяа өвөлжилт хүндрэх төлөв өндөр, хаваржилт урт болно. Тийм учраас зуншлага тааруу газрууд, аймаг, орон нутгийн удирдлагуудад зөвлөмж, зөвлөгөөнүүд, удирдамжууд хүргүүлсэн. Зарим аймгууд дээр бойны бөөний цэгүүд ажиллуулж, малчдад мал сүргээ зөв ангилах, ялгах, дүгнэх, салгах, эцээж тураагаад, хорогдуулаад, эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, хаа хаанаа хохирол амсах биш, цаашид боломжтой бол малынхаа тоо толгойд биш, чанарт анхаарах асуудлыг зохион байгуулахад анхаарч байна, нэгдүгээрт. Хоёрт, тусгай хамгаалалттай газар нутагт ч бай, хилийн зурваст ч бай боломжтой газар мал хөлөөр бэлчих боломж нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллаж байна.

Харамсалтай нь, мал хотноосоо гарч бэлчих нь битгий хэл алхах, явах боломжгүй нөхцөл байдалд байгаа учраас зарим газар хотонд нь бэлчээхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Боломжтой газар энэ асуудлыг анхаарч, цаашид өргөн хүрээнд зохион байгуулна. Цаг уурын байгууллагуудын мэдээллээр, хавар хүндэрч, харын зуд, туурайн зуд болох эрсдэлүүд эхнээсээ гарч эхэлсэн байна. Ялангуяа Төв аймгийн зарим сумд, баруун болон говийн зарим аймагт байна.

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН

-Замын-Үүдийн дулааны станц, төрийн өмчит компани. Дизель генераторын асуудлыг шийдэж өгвөл сайн байна. Замын-Үүдийн хилийн боомтын барилга ашиглалтад орчихлоо. Замын-Үүдийн барилга, байгууламжууд баригдаад явж байна. Энэ дулааны станц Замын-Үүдийг халаадаг. Тийм учраас генератор, том оврын нүүрсний тээврийн асуудлыг шийдэж өгөхгүй бол хил нээгдээд ажиллаад эхлэхээр тог тасрах ч юм уу ямар нэг байдлаас болж хил хаагдах эрсдэл бий болох юм байна. Багануураас түр хугацаагаар дизель генератор авч ажиллуулж байгаа юм байна. Балансаас балансад шилжүүлж өгөх ямар бололцоо байна вэ? Хоёр дахь асуудал Дорноговь аймгийн дулааны станц. 1987 онд ашиглалтад орсон. Дөрвөн зуухтай, гурав нь хуучирсан, ачааллаа даахаа больсон. Гуравд, улсын нөөцтэй холбоотой асуудал байна. Өвс нь өнжсөн өвс болов уу. 50 хувь биш бараг үнэгүй болгочихвол яасан юм бэ? Нэг сардаа багтаагаад өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх шаардлагатай байна. Алслагдсан бүс нутгуудад буй малчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж эм тариагаар хангахгүй бол эрт илрүүлэгтээ ч орж чадахгүй байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.ТАВИНБЭХ:

-Замын-Үүдийн дулааны цахилгаан станцын найдвартай байдлыг хангах чиглэлээр бид гурван арга хэмжээ авч байна. Нэгд, одоо тэжээгдэж буй схем, тоног төхөөрөмжийг найдвартай хангах чиглэлээр багагүй хэмжээний ажил хийгдсэн. Хоёрт, схемийн өөрчлөлт хийх бэлтгэл ажил хангаж байна. Хараахан дуусаагүй. Гуравд, дизель эх үүсвэрийг улсын төсөвт тавьж байж шийдүүлнэ. Ирэх жил таныг хамтарч ажиллахыг хүсч байна. Дорноговь аймгийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх хүсэлтээ 2023 оны төсөвт хүргүүлсэн. Харамсалтай нь, санхүүгийн эх үүсвэргүй байдлаас болоод хасагдсан. 2023, 2024 онд төсөвт тодотгол хийвэл энэ асуудлыг дахин оруулна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Өвс тэжээл тараах асуудал Засгийн газрын хуралдаанаар ороод шийдвэрлэгдсэн. Өнөө, маргааш хуваарилагдаад явна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудалд Улсын онцгой комисс анхаарч ажиллаж байна. Холбогдох яам, байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн. ЭМЯ-наас арга хэмжээнүүд аваад ажиллаж байгаа гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ: 

-Өвсөө хямдруулсан гэж ойлгосон. Тэжээлээ хямруулах уу? Нөөцөд байгаа тэжээлийн үнээ буулгачихвал хувийнхан дагаад буулгах сайн тал гарч ирж магадгүй гэж харж байна. Отрын бүсээ жижиглээд, тоог нь нэмээд явж болох уу?

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-Манай орны газар нутгийн 70 орчим хувь нь бэлчээрийн доройтолд орж, ургамлын төрөл зүйл цөөрч, цөлжилт бий болсон. Ойрын хугацаанд 20 хувийг нь сэргээх боломжтой, үлдсэнийг нь сэргээх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Өвөл, хаврын бэлчээрийн даац өнгөрсөн жил 70 хувьд нь хүрэлцээтэй байсан бол энэ жил 40.3 хувьд хүрэлцээтэй байна гэсэн дүгнэлт гарч байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс тооцвол 23.9 хувь нь бэлчээрийн нөөцдөө, 15.6 хувь нь бэлчээрийн хүрэлцээтэй, 34.4 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 7.7 хувь нь даац тав дахин хэтэрсэн, 18.4 хувь нь олон дахин хэтэрсэн гэсэн үзүүлэлтүүд гарч байгаа юм. Аймгаар нь аваад үзвэл, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай , Завхан, Архангай аймгуудын зарим сум даац хэтэрсэн үзүүлэлтүүд гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж