Цол нь ахадсан профессор

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

76:1

Цол нь ахадсан профессор

Цол нь ахадсан профессор

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон  Цэрэнжамцын Мөнхцэцэгийг танилцуулж байна.


Улс төр судлаач мэргэжилтэй  Ц.Мөнхцэцэгийг УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулахад нь улс төрийн намуудыг шинэчлэх үйл хэрэгт дорвитой ажил хийх болов уу гэсэн итгэл хүлээлгэсэн ч УИХ-аас өнөөдрийг хүртэл Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчлэн батлаагүй л байна. Тэрбээр Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж буй юм.

Хэрэв УИХ-ын сонгууль хугацаанаасаа өмнө зарлагдвал улс төрийн намуудын санхүүжилт ил тод болоогүйгээс хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь сонгуульд өрсөлдөж, төрийг худалдан авдаг хуучин схем нь эргэн хэрэгжихийг үгүйсгэх аргагүй.

Сонгуульд мөнгө хүчтэй байгаа тухай тэрбээр “Сонгуульд өрсөлдөгч нар мөнгөөр биш бодлогоор өрсөлддөг байх ёстой. Гэтэл сонгуульд өрсөлдөгчөөс дэнчин гэж санхүүгийн өндөр босго тавьснаас болж мэдлэгтэй, боловсролтой олон залуус өрөлдөх боломжгүй болж байгаа нь үнэн. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн гол зорилго нь санхүүжилт. Тэр дундаа хөрөнгө мөнгөний нөлөөллийг багасгах, намын санхүүжилтээ ил тод болгох нь чухал байна” гэж ярьж буй.

Иймээс Улс төрийн намын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдвал Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд хэр чамбай профессор вэ гэдгээ дүгнүүлэх бас нэгэн шалгалт болно. Учир нь, УИХ-д өргөн мэдүүлэгдэж байгаа хуулийн төслийн боловсруулалт муу байгаагаас бөөс хуурсыг нь түүх том ажил гишүүдэд ногддог болсон. Эргээд УИХ чанаргүй хуулиуд баталж байна гэх шүүмжлэлийн бай болох нь ч бий. Тиймээс шинэ гишүүн улс төр судлаач мэргэжлээр 10 гаруй жил суралцаж, профессор цол хүртсэнийхээ эрдмийг энэхүү хуулийн төслөөр гаргах учиртай. Чамбай хуулийн төсөл боловсруулагдсан байвал “Цол нь ахадсан профессор” гэх тодотголоосоо сална.

Тэрбээр УИХ-д сонгогдохоосоо өмнө Стратеги академийн захирлаар ажиллаж байсан байдаг.

Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан 2018-2019 онд зөвлөхөөр нь ажиллажээ.

Германы Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажилласан гэх намтартай Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд одоогоор бие даан санаачилсан хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдээгүй байна.

Тэрбээр намтартаа англи, орос, герман хэлтэй гэж бичсэн байдаг. Хэрэв дээрх хэлүүдийг эзэмшсэн нь үнэн бол УИХ-д сууж байгаа цөөн гадаад хэлтэй гишүүний нэгд багтана.

Covid-19 цар тахлын үеэр УИХ цахимаар хуралддаг байхад гэрээсээ оролцохдоо УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нь виртуал профайл тавьсан нь баригдаж, факталж байв.

Түүний энэхүү үйлдлийг олон нийт "Сүнс шиг алга болсон", "Сонгогчдыг ингэж хуурч болохгүй, огцрох болзлоо хангалаа” гэхчлэн шүүмжилсэн.

Эл шүүмжлэлд тэрбээр “Гишүүд үг хэлээгүй үедээ виртуал болон цээж зураг тавих, эсвэл камераа хаах зэргээр чуулгандаа бүтэн өдрөөр оролцож байгаа. Би бага насны хүүхдүүдтэй тул өрөөнд орж ирж үймүүлэх, камерт орох явдал харагдаж байсан тул ийм арга хэрэглэсэн” гэх тайлбар өгсөн юм.

Төд удалгүй тэрбээр “охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй тараахыг хуульчлах хэрэгтэй” гэсэн асуудал хөндсөн нь бас л дуулиан шуугиан тарьж, “Энэ хүний элийрэл тэнгэрт тулах нь” гэсэн шүүмжлэлийн бай болгож байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1993 он Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль
  • 1993-1997 он МУИС-д суралцаж улс төр судлалын бакалаврын зэрэг хамгаалсан
  • 1997-1999 он МУИС-ийн магистрантурт суралцаж “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс олон нийтийн санаа бодолд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан.
  • 2006-2008 он МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн докторантурт суралцаж 2009 онд “Сонгуулийн кампанийн коммуникаци: Монгол улсын жишээн дээр” сэдвээр улс төр судлалын докторын зэрэг хамгаалсан.
  • 2015 он МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор МУБИС-ийн Дэд профессор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-2000 онд Өнөөдөр сонины улс төр, гадаад мэдээний албанд тоймч, орчуулагч
  • 2002-2012 онд МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхимд багш
  • 2007 онд ХБНГУ-ын Koblenz Landau University-д зочин судлаач
  • 2013 онд АНУ-ын Ohio State University-д зочин судлаач
  • 2014-2019 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимд дэд профессор
  • 2018-2019 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2019-2020 онд Стратеги академийн захирал
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2017
  • Боловсролын тэргүүний ажилтан
  • ГАДААД ХЭЛ
  • Англи, Орос, Герман

                       Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж