Ж.Батсуурь: АН салж бутарсан бүх гишүүдээ дуудаж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь: АН салж бутарсан бүх гишүүдээ дуудаж байна

Ж.Батсуурь: АН салж бутарсан бүх гишүүдээ дуудаж байна

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 


-Ардчилсан намыг эвлэрүүлэх ажлын хэсэг гурван удаа хуралджээ. Үр дүн гарч байна уу?

-2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам амжилтгүй оролцсон. Түүнээс хойш Ардчилсан намын шинэчлэл, удирдлага, нөхцөл байдал ямар байгааг бараг бүх хүн мэдэж байгаа байх. Одоо тамгатай, тамгагүй хоёр Ардчилсан нам үүссэн, сонгуульд орж буй нөхцөл байдлыг дүгнэж үзсэн. Өнөөдөр бүгдээрээ байгаа бүтцийн байгууллага бол Ардчилсан намын бүлэг байна. Сонгуулийн үр дүнд 11 гишүүнтэй бүлэг болсон. Энэ бүлэг маань хуралдаад, намд өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалд үн шинжилгээ өгье, нөхцөл байдалд бодит үр дүн авчрах алхам хийе гэсэн байдлаар 100 хувийн саналаар 11 гишүүнийг, намайг Ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Гурван удаа ажлын хэсгийн хурал хийсэн. Хуучнаар Ардчилсан намын фракц, бүлэглэлийн төлөөллүүд, Ардчилсан намын удирдлагад, төрд ажиллаж байсан хүмүүсийн оролцоотойгоор 39 хүнийг, мөн зөвлөлдөх баг гэж 39 хүн, нийтдээ 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад, гурван удаа хуралдлаа. Мэдээж ийм том ажлын хэсэг учраас ажиллах зарчим, дүрэм журмаа баталж, санал бодлоо солилцсон.

Ажлын хэсгээс гурван дэд хэсэг гарч ажиллаж байна. Үндэсний бодлогын хорооны гишүүн Жаргалангаар ахлуулсан хууль тогтоомж, үндсэн дүрэмтэй холбоотой ажлын хэсэг, мөн Баатархүүгээр ахлуулсан зохион байгуулалтын ажлын хэсэг, гуравд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Чимэддоржоор ахлуулсан хэвлэл мэдээлэл, пиар чиглэлийн ажлын хэсэг гарсан. Гурав дахь хурлаа өчигдөр хийгээд, маргааш буюу нэгдүгээр сарын 4-нд 12.00 цагт Үндэсний бодлогын хорооны нийт гишүүний зөвлөлдөх уулзалтыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд хийхээр ҮБХ-ны бүх гишүүндээ урилга хүргүүлж байна. Өмнө нь ковид, цахим, тамгатай, тамгагүй гээд тодорхой хэмжээнд салж бутарсан байсан ҮБХ-ны гишүүдээ бүгдийг нь дуудаж санал бодлоо солилцож, ойрын хугацаанд ҮБХ-гоо хуралдуулъя, намын дүрэм журамдаа өөрчлөлт оруулъя, дараагийн шинэ намын удирдлагыг сонгож, дээд шүүхэд бүртгүүлж, богино хугацаанд намаа цэгцэлж авах ажлын хэсэг байгаа юм.

-Өнгөрсөн хугацаанд намын эвлэрлийн хурал хэд хэдэн удаа зохион байгуулагдсан. Үр дүн гарсангүй гэсэн шүүмжлэл гарч байна. Маргаашийн уулзалтын гол зорилго юу байх вэ?

-Яг ахалж байгаа хүмүүс нь гадаадад, Монголд байхгүй байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Зарим нь оролцохгүй байна. Гэхдээ Ардчилсан нам хувь хүний, хувь улстөрчийн нам биш шүү дээ. Олон түмний сонголтод тулгуурласан, 200 гаруй мянган гишүүнтэй. Эндээс сонгогдсон удирдах бүрэлдэхүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүд давхардсан тоогоор 400 орчим хүн байгаа юм. Энэ хүмүүсийнхээ олонхоор нөхцөл байдалд дүгнэлт хийгээд, дараагийнхаа ажлын хуваарийг гаргаж явна уу гэхээс нэг өдөр уулзаад, асуудлыг шийдчих байсан бол юу гэж 2.5 жил, өдийг хүртэл явах билээ дээ.

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Түр хорооны гишүүдийг шалгаруулжээ. Сөрөг хүчний хувьд зөвлөлдөх санал асуулгын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Хувь хүнийхээ хувьд олон нийтийн санал асуулга хийх ёстой гэж үзэж байна. УИХ 62-ын бүлэг байна. Энэ том бүлэг зөвлөлдөх санал асуух ёстой гээд, тэр нь тусгай хуультай юм байна. Хуулийнхаа дагуу зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах 11 хүнийг сонгох ёстой. 2022.12.20-ноос 30-ны хооронд нээлттэйгээр энэ санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцъё гэж хүмүүс саналаа ирүүлсэн юм байна. Хуулийг нь хараад байхад, тэнд улс төрийн намын дарга, улс төрийн албан хаагч, төрийн захиргааны албан хаагч байх ёсгүй юм байна. Бусад хуулийн шаардлага хангасан 130 гаруй хүнээс 11-ийг нь олонхийн саналаар сонгосон. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хэлэлцээд, Их хурлаар батлагдвал энэ үйл явц хуулийнхаа дагуу цааш явах ёстой юм байна. саяхан буюу 2019 онд Үндсэн хуулийг өөрчлөөд, төгс төгөлдөр хууль болчихлоо гэсэн. Дараа нь Үндсэн хуулийн цэцтэйгээ хамтарч байгаад Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу гээд, давхар дээлээ өмсөөд, Үндсэн хуульд үндсэндээ өөрчлөлт оруулчихлаа. Нэг нам дангаараа байгаа үед богино хугацаанд буюу гурван удаа Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь тийм сайн үр дүн авчрахгүй. Өөрчилж болдог юмаа гэвэл зөвлөлдөх санал асуулга гэхээсээ илүү олон нийтийн санал асуулга явуулах бүрэн боломж бий. Энэ тал руугаа явах л чухал гэж үзэж байна.

-Сонгогдсон 11 хүн эрх баригч нам талд илүү ажилладаг хүмүүс байна гэсэн шүүмжлэл бий. Хэр шударга сонгож чадсан бэ?

-Чадлаараа оролцооны хэлбэрийг хангахын тулд саналаа өгсөн. Мэдээж ажлын хэсгийн 11 хүнийг олонхороо шийдэж байгаа шүү дээ.

-Дэмжихээргүй хүн байсан уу?

-130 хүн байсан учраас бүгдийнх нь ямар ажил хийж байсан, ямар туршлагатайг нь мэдэх боломжгүй юм билээ. Бидний хувьд ардчилсан Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хүмүүс, мөн олон нийтийн санал бодлыг сонсдог, тэдний дунд ажиллаж амьдардаг хүмүүс олон гарвал иргэдийн санал бодолд илүү тусна гэсэн байр суурьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж