Хятад хилээ нээлээ. Одоо яах вэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.04-нд нийтлэгдсэн

Хятад хилээ нээлээ. Одоо яах вэ?

Хятад хилээ нээлээ. Одоо яах вэ?

Дэлхийн хоёр дахь эдийн засаг 1016 хоногийн турш хаалттай байсны эцэст нэгдүгээр сарын 8-нд хилээ нээхээр төлөвлөж байна.  Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаг өнгөрсөн онд 5.5 хувь байсан ч "тэг ковид" бодлогын улмаас гурав хүрэхгүй хувьтай байсан. Өөрөөр хэлбэл хөл хорионоос болж Хятад улс нь 500 тэрбум орчим ам.долларын орлогоо алдсан гэсэн үг. "Тэг ковид" бодлого Хятадад төдийгүй олон улсад нийлүүлэлтийн сүлжээний гацаа, тасалдал үүсгэснээр дэлхийг хямрал, инфляцид хөтөлсөн нэг хүчин зүйл болсон. Жилийн үзүүлэлтээр аж үйлдвэрийн фирмүүдийн орлого өнгөрсөн арваннэгдүгээр сард есөн хувиар буурсан байна.

"Тэг ковид" бодлого хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хэний ч бодож байснаас удаан үргэлжилсэн. Тиймээс Хятад улс хилээ нээж буй өдрийг дэлхийн цар тахлын эриний төгсгөл гэж олон хүн тооцож байна. Хятад хилээ нээгмэгц тэр даруй бүгд хэвийн байдалдаа шилчихгүй. Өдгөө Хятадад цар тахлын халдварын тархалт өндөр байгаа бөгөөд эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн. Тухайлбал, АНУ-ын автомашин үйлдвэрлэгч "Tesla" компани Шанхай хотод үйлдвэрээ нээсэн боловч халдварын тархалтын улмаас өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр хаагджээ.

"Хятадын хил нээгдсэний эхний гурван сард эдийн засаг агшиж магадгүй. Гэхдээ эдийн засгийн сэргэлт төсөөлж байснаас эрт эхэлнэ" гэж Коммерцбанкны Томми Ву дүгнэжээ. Эдийн засгийн хэт тогтворгүй байдлын үе гуравдугаар сарын сүүлээр дуусна гэж олон хүн үзэж байна.

Цар тахлын дараа дэлхий даяар ажилчид ажлаасаа гарах үзэгдэл ажиглагдсан бол Хятадын эрх баригчид үүнд санаа зовох шаардлагагүй. АНУ-тай харьцуулахад Хятадад ажилчдад мөнгөн дэмжлэг үзүүлээгүй учраас хөдөлмөрчид тогтвортой орлоготой ажилдаа л эргэж орохыг хүсч байгаагаа ярьжээ. Хэрэглээ өсөх боловч орлогын хэмжээ буурснаас хятадуудын гадаадад аялах, гадуур хооллох байдал тийм хурдан сэргэхгүй. Харин Хятадын үл хөдлөхийн хямрал саарч эхэлнэ. Гэхдээ үл хөдлөхийн салбар бүрэн сэргэх эсэх нь улс төрөөс хэр хамааралтайгаас шалтгаална.

"Тэг ковид" бодлого нь Хятадын дэлхийн бараа, үйлчилгээ, түүхий эдийн эрэлтийг хаасан. Тухайлбал, Шанхайд өнгөрсөн оны эхний улиралд хөл хорьсноос болж Хятадын газрын тосны эрэлт өдөрт хоёр сая баррелиар буурчээ. Хятадын эрэлт ингэж буурсан нь АНУ-ын эдийн засгийн хэт халалт, Европын эрчим хүчний нийлүүлэлт тасарсан үетэй давхцсан.  Тиймээс Хятадын  сэргэлт нь ирэх онд олон улсын эдийн өсөлтийн гуравны хоёрыг бүрдүүлнэ гэж ажиглагчид тооцжээ. Учир нь Хятад улс нь дэлхийн эдийн засгийн том бүрэлдэхүүн хэсэг юм.

Хил нээснээс нэг жилийн дараа буюу 2024 оны эхний улиралд Хятадын ДНБ 2023 оны эхний гурван сартай харьцуулахад 10 хувиар их байна гэж Их Британийн "Hsbc" банкны мэргэжилтнүүд таамаглажээ.

Хятадаас өнгөрсөн аравдугаар сард 11 тэрбум ам.долларын гадаад валют гарсан бол энэ нь арваннэгдүгээр сард 18 тэрбум ам.доллар болж өсчээ. Гадаад валютын урсгал 2023 онд Хятадын эдийн засаг тогтворжих үед нэмэгдэх төлөвтэй байгаа ч цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрэхгүй гэж таамаглаж байна. 

Хятадын нөлөөллийн хамгийн шууд суваг нь түүхий эд юм. Тус улс нь дэлхийн газрын тосны хэрэглээний бараг тавны нэгийг, цэвэршүүлсэн зэс, никель, цайрын экспортын талаас илүүг, төмрийн хүдрийн тавны гурваас илүүг хэрэглэдэг. Хөл хорионы үед ч Хятадын цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, ногоон дэд бүтэц зэргээс шалтгаалан зэс, хөнгөн цагаан болон бусад металлын эрэлт өндөр байсан. "Goldman Sachs" банк өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлэхдээ, 12 сарын дотор нэг тонн зэсийн үнийг 9000 ам.долларт хүргэнэ гэж тооцоолж байв. Одоо үнэ нь 11 мянган ам.долларт хүрнэ гэж тооцож байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятад хилээ нээх тухай цуурхал төдийхөн тарахад 2022 оны төгсгөл гэхэд зэсийн үнэ долоон хувиар өссөн.

Цуурхал батжихын хэрээр Хятадын металл, газар тариалан, эрчим хүчний эрэлт хэрэгцээ нь түүхий эдийн ханшийг хөөрөгдөж, дэлхийн төв банкуудын инфляцийн эсрэг тэмцэлд дахин толгойны өвчин болов. Хятад улс дахин нээгдэж байгаа нь дэлхийн эрэлтийг нэмэгдүүлж, улмаар үнийн дарамтыг "аюултай" түвшинд хүргэвэл төв банкууд аюулыг арилгахын тулд бодлогоо чангатгах аж. Ийм нөхцөлд Хятад улс дахин нээгдэх нь дэлхийн бусад орнуудад үзүүлэх нөлөө нь өсөлтийн өсөлт биш харин инфляци эсвэл зээлийн хүүгийн өсөлтөөр илэрч магадгүй юм.

Хэрэв Хятадын эдийн засаг 2023 онд бүрэн сэргэвэл түүхий нефтийн импортыг жилийн турш аажмаар нэмэгдүүлж, өдөрт дунджаар 1 сая баррелиар нэмнэ гэж "Anz" банкны Сони Кумари үзэж байна. Энэ нь эдийн засгийн хямралд өртсөн Европ, АНУ-ын эрэлтийг нөхөх болно. Ингэснээр нефтийн үнийг баррель тутамд 15 ам.доллараар өсгөж магадгүй гэж "Goldman Sachs" таамаглажээ. "Брент" маркийн нефтийн үнэ энэ оны гуравдугаар улиралд дахин 100 ам.доллар давж магадгүй байгаа нь дэлхийн инфляцийн эсрэг тэмцлийг улам хүндрүүлнэ гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE ECONOMIST 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж