Цар тахлын хугацаанд хэрэгжих хууль өнгөрсөн онд дуусгавар болсноор арилжааны банкуудад хэд хэдэн өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж, мөн хугацаагүй хадгаламжид хүү тооцох юм. Энэ талаар банкуудаас тодрууллаа.
ХААН, ГОЛОМТ БАНК ЭНЭ САРЫН 1-НЭЭС БҮХ ХАДГАЛАМЖИД ХҮҮ ТООЦОЖ ЭХЭЛСЭН
Банкууд хугацаагүй хадгаламжид тооцох хүүг тэг болгоод байсан бол энэ сараас эхлэн Хаан, Голомт банк бүх хадгаламжид хүү тооцож эхэлжээ. Харин Төрийн банк, Хас болон Худалдаа хөгжлийн банкны тухайд шийдвэр албажаагүй учир хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байгаа гэв. Хугацаагүй хадгаламжийн тухайд 12 сараар хүүг боддог байна.
Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос өнгөрсөн есдүгээр сарын 20-нд гаргаж буй шийдвэрүүдийн талаар олон нийтэд танилцуулсан. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 ба түүнээс дээш хоногоор гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах эх үүсвэрээс хасч тооцох тухай багц шийдвэр гаргаж байгааг мэдэгдсэн билээ. Мөн энэ үеэр төгрөгийн хадгаламжийн хувь буурч байгаа учраас арилжааны банкууд бодлогын хувьд уян хатан байж хүүг нэмэх зэрэг аргыг хэрэглэх нь үр дүнтэй болохыг дурдсан.
Тиймээс төгрөгийн хадгаламж болон бусад хадгаламжийн хүүг тодорхой хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Дээрх мэдэгдлийн дараагаас арилжааны зарим банк төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмсэн юм.
Тодруулбал, "Голомт", "Хас", "Хаан банк" төгрөгийн хугацаатай хадгаламжийн хүүгээ гурван хувь хүртэл нэмсэн байна.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ӨМНӨХ ХҮСЭЛТҮҮДИЙГ ХЯНАЖ ДУУСААГҮЙ ТУЛ ШИНЭЭР АВАХГҮЙ
Арилжааны банкууд ипотек болон орон сууцны зээл дээр дотоод зохицуулалтын дагуу хязгаарлалтыг тогтоож буй. Үүний дагуу ихэнх банк ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байгаа гэв. Харин Хаан банк хүлээгдэх хугацаа 2-3 сар байгаа ч иргэд материалаа бүрдүүлбэл авч байгаа гэсэн юм. Голомт банкны тухайд өөрийн бартер бүхий байрыг ипотекийн зээлээр авах тохиолдолд иргэдийн хүсэлтийг авах зохицуулалт хийжээ. Бусад банк хэзээнээс зээлийн хүсэлтийг авах нь тодорхойгүй байна гэлээ.
Холбоотой мэдээ